ҮНДЭСНИЙ НИЙТИЙН БҮЖГИЙГ СУРТАЛЧИЛСАН ТЭМЦЭЭН

Дугуй цагаан тавьж, дурдан бүсийг чамбай ороон, сувдан даруулга зүүсэн эмэгтэйчүүд, торгон дээл хөөргөн бүсэлсэн дэгжин “хархүүгээс” сугадан алхана. Их зохиолчийн өгүүллэгийн баатрууд амилаад, дэргэд алхаж явах шиг, тэр цагийн хүрээ хүүхнүүд ийм л байсан болов уу гэмээр санагдуулах Хотын аварга шалгаруулах нийтийн бүжгийн тэмцээн ид өрнөж байгаа нь энэ. Төмөр замын соёлын ордны танхимд ахма дууд голдуу цуглаж, амралтын өдөр бүр “таанц” эргэдэг болсоор цөөнгүй жил болж байгаа гэсэн.

Нэг хэсэг нэр хүнд нь унаж, нийтийн бүжиг гэдэг ойлголт бараг алга болох дөхөөд байсан ч тав зургаан жилийн өмнөөс Төмөр замын соёлын ордонд алдаг оног явах болсныг Нийтийн бүж гийн холбоо байгуулагдсанаар өдгөө арав гаруй газар тогтмол үйл ажиллагаагаа явуулж, ахмадуудад чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл мэндэд тустай өнгөрүүлэх нөхцөл боломжийг нь хангах болжээ. Тус холбооны гурван жилийн ойн баярт зориулсан Нийтийн бүжгийн хотын аварга шалгаруулах тэмцээн Төмөр замын соёлын ордонд дөрөвдүгээр сарын 30-нд болж өндөрлөлөө.

Орой үдшийн цагаар залуусын зорих дуртай шөнийн цэнгээний газрын гэрэл анивчиж, түргэн хэмнэлтэй хөгжим дүнгэнэсэн газраас нийтийн бүжиг эрс ялгаатай. Энд эмх цэгц, ёс зүй, харилцааны соёлыг чухалчилна. Тиймдээ ч биднийг очиход халамцуухан яваа дунд эргэм насны эрэгтэйг оруулахгүй үүдээ барьж харагдсан. Бүжгийн танхимд шүүгчдийн дүн гаргаж байх зуур үзэгчид хэн нэгнээс тушаал авсан мэт нэгэн хэмнэлээр талбайг тойрон эргэнэ.

Хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, гоо зүйн мэдлэг олгох гээд олон талын ач холбогдолтой тул энэ удаагийн тэмцээнийг Эрүүл мэндийн яам, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд-Энэрэнгүй үйлс” уриан дор зохион байгуулжээ. Хамтлаг болон хосууд вальс, хурдан фокстрот, вальс бостон, полька, танго зэрэг уламжлалт бүжгээс гадна задгай цагаан, ёохор гэх мэт үндэсний болон нийтийн бүжгээр өрсөлдсөн нь эл тэмцээний онцлог байв.

Түүнчлэн 100 гаруй  хүний багтаамжтай тус соёлын ордны танхимд 200-гаад хүн цуглаж, хөл гишгэх зайгүй болсон нь хөдөлгөөний дутагд лаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой нийтийн бүжиг ахмад, дунд үеийнхэнд үгүйлэгдэж байгааг гэрчилнэ. Нийслэлийн алслагдсан дүүргүүдээс ч оролцогчид ирсэн. Тэмцээний ялагчаар Г.Гандугар, Д.Наранцэцэг нар тодорч, дэд байрт С.Лхагвадорж, Д.Сувдаа, гуравдугаар байрт Ч.Доржбал, Т.БолорЭрдэнэ нар шалгарсан. Дашрамд дур дахад, тэмцээний нээл тийн үеэр Нийтийн бүжгийн холбооны тэргүүн Б.Жиянд орж соёлын тэр гүү ний ажил тан цол тэмдгээр шагнуулсан юм.

О.УНДАРМАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)