Үндэсний мөнгөн тэмдэгтээ “үнэлье”

Валютын ханш өсөх тусам долларжилт хүрээгээ тэлсээр байна. Хадгаламждаа овоо хэдэн төгрөгтэй хүмүүс тодорхой хэсгийг нь ам.доллароор хадгалдаг байлаа. Тэгвэл одоо арав хүрэхгүй сая төгрөгтэй хүн ам.доллар худалдан авч хадгалах болжээ. “Хэдэн төгрөгийн хадгаламж байгаа юм сан. Ам.доллароор хадгалбал дээр юм уу. Төгрөгийн ханш унаад цаас болчих юм биш үү” гэж учир мэдэх нэгнээсээ асууна. Энэ бол долларжих үзэгдэл хүрээгээ тэлж буйн бодит илрэл.

“Төгрөгийн ханш унаад цаас болчих юм биш үү” гэсэн асуултын ард гол учир нь бий. Хүмүүс хуримтлал нь үнэгүйдэх нь гэсэн айдастай байна. Энэ айдас газар авбал долларжилт улам тэлнэ. Долларжилт гэж монголжуулсан үгийг энгийнээр тайлбарлавал иргэд нь үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэхээ болж, ам.доллароор хуримтлал үүсгэхийг хэлж буй юм. Хөрвөх чадвар хамгийн өндөр учраас хүмүүс “ногоон” худалдаж авахыг илүүд үздэг. Төгрөгөө ам.доллар луу хөрвүүлээд байвал юу болох вэ. Төгрөгийн ханш суларч, ам.долларынх чангарна.

Манай улс зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр гэсэн цөөн нэр төрлийн ашигт малтмал экспортолж, гадаадаас валют олдог. Үйлдвэрлэл хөгжөөгүй учраас хэрэглээнийхээ дийлэнх бараа, бүтээгдэхүүнийг гадаадаас нийлүүлдэг. Мөн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг гадаадаас авдаг. Ингээд олсон валютаасаа илүү гадаад руу урсгачихдаг улс. Зөрүүг нь зээлж авсан валютаар нөхдөг. Оруулахаасаа гаргах нь их байгаа учраас валютын ханш байнга өсөж байна. Банк санхүүгийн шинжээчид сүүлийн 14 жилд ам.долларын ханш жилд дунджаар зургаан хувиар өссөнийг тооцон гаргажээ. “Ногоон”-ы ханш өссөөр хар захад 2760 төгрөгт хүрэв. Өдгөөгөөс 10 жилийн өмнө 1200-1300 төгрөгт хэлбэлзэж байсан ханш хоёр дахин нэмэгдэж, өндөр дүнд хүрсэн нь долларжих сэтгэлгээг улам дэвэргэж буй бололтой.

Ханш бол эдийн засгийн толь гэдэг. Тэгэхээр эдийн засгийн нөлөөгөөр “ногоон”-ы ханш чангарч байна гэсэн үг. Эдийн засгаа муу удирдаж, чиглүүлж байгаагаас ам.долларын ханш өсөж буй нь үнэн. Төрийн муу засаглалын лайг иргэд үүрч байгаа нь энэ. Ханш өссөөр байна гээд ам.доллар худалдаж аваад байвал улам л “хаданд гарна”. Таны долларжих сэтгэлгээ ам.долларын ханшийг өсгөхөд нөлөөлж байна гэсэн үг. Ийм үйлдлийг монголчууд гал дээр тос нэмэхтэй адил гэж зүйрлэдэг. Эдийн засгийн нөлөөгөөр ам.долларын ханш өсөж байна. Энэ бол гал нь. Харин та төгрөгтөө итгэхгүй ам.доллар худалдаж авсаар байвал валютын ханш өсөхөд тос нэмж байгаатай адил. Төвбанкныхан иргэдийн худалдаж авч буй ам.долларын хэмжээ бага гээд ач холбогдол өгдөггүй. Гэвч иргэдийн хүлээлт ам.долларын ханшийг огцом өсгөхөд дориун нөлөөлдгийг өмнөх жишээнүүд бэлхнээ харуулдаг. “Найман шарга” захад валютын зах зээлийн багахан хэсэг нь эргэлддэг гэдэг. Гэвч тус захад хөөрөгдсөн ханшийг зохицуулж чадахгүй нийтээр дагасан удаа банк санхүүгийн салбарынханд бий. Иргэн таны гадаад валют “шүтэх” хандлага үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг улам бууруулдаг байх нь. Тэгэхээр үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж, хуримтлал үүсгэж байх нь эдийн засагтаа оруулж буй хувь нэмэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Үндэсний мөнгөн тэмдэгтээ “шоолж” буй нь өөрсдийгөө л “шоглосон” хэрэг.

Олон нийтийн сэтгэлгээнд нөлөөлж, валютын ханшийг хөөрөгдөх сонирхолтой хүмүүс бий. Тэд ардаа атгаг санаа агуулна. Найз нөхөд, хамаатан саднуудаа “Төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүл. Төгрөг хадгалаад тусгүй” гэж ятгана. Ам.долларын ханшийг зохиомлоор хөөрөгдөөд, өөрсдөө ашиг олох гэж буй нь тэр. Валют авч “дарчихаад” төгрөгийн үнэ цэнийг унагаж, ханшийн зөрүүнээс ашиг олох сонирхлоо гүйцэлдүүлэхээр тэд ингэдэг юм. Манай улсыг өнгөрсөн жил ФАТФ-ын “саарал жагсаалт”-д оруулсан. Тухайн үед нийгэмд нөлөө бүхий хүмүүс найз нөхөд, хамаатан садан руугаа утасдаж, “Төгрөгийн ханш маш их суларна. Хэдэн төгрөг байгаа бол ам.доллар болгосон дээр” гэж зөвлөсөн.

Тэдний зөвлөгөөг дагасан иргэд хэдэн төгрөгөө бариад “Найман шарга” руу гүйлдэв. Ийм нөхцөл үүсэхийг таамагласан Төвбанк банкуудыг ам.доллар зарахыг хориглосон. Ханш нь яаж ч мэдэх учраас захын ченжүүд ам.доллар, юань худалдахаас татгалзаж байлаа. “Ногоон” олоогүй иргэд фунт, вон худалдаж авцгаав. “Саарал жагсаалт”-д оруулсан нь угтаа манай улсын эдийн засагт ямар ч сөрөг нөлөөгүй байлаа. Гэтэл ханшийн зөрүүнээс ашиг олох сонирхолтой хүмүүсийн нөлөөгөөр “ногоон”-ы ханш 100 төгрөгөөр чангарсан. Ханш байнга өсдөггүй. Чөлөөт зах зээлийн ханш дээш, доош хэлбэлзэж байдаг. Ханш унавал тэдний үгэнд орж өндөр үнээр ам.доллар худалдаж авсан иргэд хохирно. Харин цаадуул чинь ханш өсгөчихөөд валютаа заран, ашгаа авчихсан байгаа. Тэгэхээр иргэд бусдын ятгалганд автаж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагах “ажиллагаа”-нд оролцох хэрэггүй.

Ам.доллар худалдаж авах нь танд ашигтай юу. Валютын ханш өсөхөөр дагаад импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Монголд үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй учраас та хэрэглээнийхээ дийлэнхийг импортын бараа, бүтээгдэхүүнээр хангаж байгаа. Та ам.долларын ханш 2660 төгрөг байхад худалдан авч хадгалсан байж болно. Тэгээд 2760 төгрөг болоход зараад, 100 төгрөгийн ашиг оллоо гэж бодъё. Гэтэл хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихнө. Тэгэхээр дүндээ дүн болж байгаа биз. Баруун халаасанд чинь ашиг орлоо гэж бодтол зүүнээс нь гарах зардал өснө гэсэн үг. Ам.доллар хадгалах нь үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг унагаахаас өөр ид шидгүй байгаа биз.

Томоохон компаниуд хүртэл ам.долларын ханшийг өсгөх сонирхолтой байдгийг Төвбанкныхан нуудаггүй. Манай экспортын орлоготой компаниуд “ногоон”-oo зах зээлд нийлүүлэхгүй “барьдаг”. Иймээс Монголбанк оруулж ирсэн ам.долларыг нь шууд худалдан авдаг механизм бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэдэнд “ногоон”-оо нөөцөлж зах зээлд “тоглолт” хийх боломж олгохгүй байгаа гэсэн үг. Төвбанк шууд худалдаж авсан ам.доллароороо интервенц хийж буй. Компаниуд нь ч, иргэд нь ч ийм хандлагатай байвал төгрөгийн ханш унасаар байх юм. Үзэл, хандлагаа өөрчилж, үндэсний мөнгөн тэмдэгтээ “үнэлье”.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)