Үндэсний аудитын газраар үндсэн ажлыг нь хийлгэ, эрх баригчид аа

Төрөөс тэрбумтнууд “төрж”, “татвар” хэмээн төлсөн мөнгийг нь иргэд, ард түмэндээ тэгш, хүртээмжтэйгээр хуваарилахын оронд албан тушаалд очиж, түүнийг нь захиран зарцуулах эрхтэй болсон хэсэг нь тэр хөрөнгөөр “тоглож” л сууг уу. Үндэсний аудитын газраар үндсэн ажлыг нь хийлгэ, эрх баригчид аа.

Хэн хууль зөрчив, төсвийн мөнгө, төрийн өмчөөс яаж хумслав гэдгийг тандаж мэдэх тэмтрүүл нь болсон төрийн аудитын байгууллагаа үе үеийн эрх баригчид яагаад ч юм таг мартсан, магадгүй үл ойшоосон аятай хандаж ирсэн нь нууц биш. Уг нь улс, орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс авхуулаад төсвөөс дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлийг хүртэл шалгаж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулж буй, эсэхийг дүгнэх эрх нь төрийн аудитын байгууллагад бий.

Тэр тусмаа төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газар нь Засгийн газрын сангууд, гадаадын зээл, тусламж, хандив, гэрээ, хэлцэл, ТЭЗҮ шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудитын шалгалт хийхээс гадна сонгууль зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсөв, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн зарцуулсан санхүүжилтийг хянах эрхтэй. Түүнчлэн газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад аудит хийх талаар тусгайлан хуульчилж, эрхийг нь дархалсан билээ.

Тиймээс ч Үндэсний аудитын газар хэмээх данагар эрх мэдэлтэй энэ байгууллагыг далайцтай ажиллуулахыг ард түмэн хэзээнээсээ л хүссэн. Тэр тусмаа ээдрээ, зангилааг нь тайлах учиртай олон асуудалд тэд хэрхэн хандахыг анхааралтай ажигласаар буй. Популист, үл гүйцэлдэх зүйл ярьж, хийдэг хүмүүсийн харгайгаар иргэд чухам хэнд, юунд итгэхээ мэдэхээ байж, үнэн, худлыг нь ялгахад бэрх болчихоод байна шүү дээ. Оюутолгой тойрсон олон асуудалд оноо, алдааны аль нь дийлж байгаад мэргэжлийн үүднээс хариулж, бодитой дүгнэх боломж гагцхүү аудитынханд л бий. Бүх шатахуунаа импортолдог хэрнээ Тамсагийн хөрсөнд нуугдсан “хар алт”-аа өмнөд хөрш рүү ямар хэмжээгээр экспортолж буйг хянаж, тогтоох боломж бас л тэдэнд байгаа. Концессоор хийсэн олон ажлын чанар, үр ашгийн талаар эцсийн дүгнэлтийг аудитынхан хийх учиртай.

Энэ жил болон ирэх онд Үндэсний аудитын газрын хийх ажлын төлөвлөгөөг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж буй. Гэтэл өнгөрсөн долоо хоногт болсон байнгын хорооны хуралдаанд ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат “Оюутолгой” төслийн нэг, хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчдэд ногдох хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөх өр төлбөрийн байдлын талаарх аудитын шалгалтыг зардал нь батлагдаагүй гэх үндэслэлээр хийхгүй, энэ жилийн төлөвлөгөөнөөс хасах саналаа уламжлах нь тэр. Ингээд зогсохгүй улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр концессын барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, газрын тосны салбарт 2018 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцооллын талаарх аудитын шалгалтыг ч хасах санал гаргасан юм. УИХ-ын гишүүд “Зардлыг нь багасгаад ч хамаагүй дээрх шалгалтуудыг хийнэ гэснээрээ дуусга” хэмээн үүрэгдсэн. Гэвч 2019 оны төсөвт эдгээрийн зардлыг нь тусгуулахаар Сангийн яаманд саналаа хүргүүлсэн ч хасчихсан юм билээ. Аудитынхан “Оюутолгой” төслийн нэг, хоёрдугаар шат буюу нийт 7.5 тэрбум ам.долларын өртөгтэй хөрөнгө оруулалтын гэрээнд Үндэсний аудитын газар дангаараа аудит хийх боломжгүй. Хөндлөнгийн шинжээч, зөвлөхүүд, олон улсын мэргэжлийн байгууллагын тусламж шаардлагатай учраас зардал нь өндөр байгаа” хэмээн учирласан.

Мөн бүх шатны сонгуулийн зардал, түүний санхүүжилт, гүйцэтгэлд аудит хийх үүрэгтэй Үндэсний аудитын газрынхан судлаачид, энэ чиглэлээр мэдээлэл авахыг хүссэн төрийн бус байгууллагынханд “тайлан” нэртэй, хоёр хуудас хүрэхгүй материал л танилцуулсан тухай гомдол нэг бус удаа сонсож байв. “Нам, эвсэл, нэр дэвшигчдээс ирүүлсэн тайланг бүхэлд нь үзэх боломжгүй, тэдгээрийг аудитынхан төмөр шүү гээнд хадгалах л үүрэгтэй” хэмээн судлаачид гомдоллодог. Ингээд зогсохгүй аудитын байгууллага сонгуулийн зардлын дээд хэмжээг хэт өндөр тогтоосноос нэр дэвшигч хийгээд нам, эвсэлд гарааны тэгш нөхцөл үйлчилдэггүй, мөнгөтэй хүн л сонгуульд өрсөлдөх боломжтой гэж шүүмжилдэг. Үнэхээр ч Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн зардлын дээд хэмжээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн сүүлчийн сонгуулийн зардлын 70 орчим хувьтай тэнцэж байгаа нь анхаарал татахуйц биш гэж үү. Хүн ам, газар нутгийн хэмжээгээр нь харьцуулахад л манай зардал хэтийдсэн нь илт. Тэгвэл Үндэсний аудитын газрын удирдлага “Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтооход баримтлах бодлого, аргачлал байхгүй. Манай байгууллага сонгуулийн зардлын асуудлаар намуудтай зөвшилцөж байж дээд хэмжээг нь тогтоодог ч тэд хэтрүүлж буй, эсэхийг хянах боломжгүй. Бид тухайн сонгуулийн жилийн зах зээлийн ханшаар зардлуудыг тогтоодог. Цаашид зардлын хэмжээ тогтооход баримтлах зарчим, аргачлалыг хуульчлах хэрэгтэй. Нэр дэвшигчид ба намуудын зардлын тайланд бие даасан, бүрэн аудит хийхийг хуулиар хязгаарласан байдаг тул илгээсэн тайлангийнх нь хүрээнд л дүгнэлт гаргадаг” гэх тайлбар өгч сууна.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2017-2018”-д манай улс 137 орноос 101, үүний дотор институцийн чанараар 108, улстөрчдөд итгэх олон нийтийн итгэлийн үзүүлэлтээр 125-д жагсжээ. Улстөрчдийн итгэл даах чадвар хамгийн муу үнэлгээ авсан нь энэ. Мөн Азийн сан, “Сант марал” сантай хамтран нэг жилийн өмнө хийсэн, авлигын талаарх олон нийтийн мэдлэг тогтоох судалгаагаар улс төрийн намууд авлига их тархсан байгууллагын хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Мөн авлигад автсан гэх 18 байгууллагын жагсаалтыг 2015 оноос нам, УИХ, Засгийн газар тэргүүтэй таван байгууллага өнгөлөх болсон тухай тайлан ч байна. Эдгээр нь намын болон сонгуулийн санхүүжилтийн асуудал магадгүй нэн тэргүүнийх болохын баталгаа гэлтэй. Харин Төрийн аудитын тухай хуульд намуудад аудит хийхээр заагаагүй нь олон намаас татгалзсан хариу авах шалтгаан болж байна. Тодруулбал, тус хуульд төрийн аудитын байгууллага төсвийн болон төрийн өмчийн байгууллагад аудит хийхээр заасан бөгөөд “улс төрийн нам” гэж тусгайлан хуульчлаагүй аж.

“Яагаад” гэх асуулт дагуулсан энэ мэт олон зүйлд яг таг хариулт олохын тулд одоогийн эрх баригчид Үндэсний аудитын газарт үндсэн ажлаа хийх боломж олгохоос өөр арга алга. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор тарж, зөвлөл байгуулан “жижгэрсэн”. Үндсэндээ эрх баригч МАН-ын УИХ, Засгийн газарт ямар нэгэн тээг, садаа үгүй болов. “Шударга бусын хонгил”-ын гол хамгаалагчид гэгдэж байсан шүүх, прокурорын байгууллагын удирдлагад салхи оруулснаар У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр өөрсдийгөө “шүдгүй арслан” хэмээн хаацайлах хөг өнгөрөв. Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрх баригчдад бүрэн эрх мэдэл, бүтэн боломж бүрдсэн хэрэг. Үнэмлэхүй олонх болсон МАН Үндсэн хууль өөрчилж, үсрэнгүй хөгжил зөгнөдөггүй юм гэхэд хууль зөрчиж, хулгай хийгчдийн бусармаг үйлдлийг таслах цаг болсон юм биш үү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)