Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн аятай цаг хугацаа нь одоо

Эрх баригч хүчин хууль тогтоох чиглэлд энэ дөрвөн жилд хийх ёстой хамгийн том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Учир нь тэд 2016- 2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн заасан. Үүнээс ч илүү том шалтгаан бий. Шилжилтийн үеийн Үндсэн хуулиа сайжруулах, өнгөрсөн хугацаанд холилдож, бантагнасан төрийн тогтолцоог засах зайлшгүй шаардлага байна гэж улстөрчид, эрдэмтэн, судлаачид бүх түвшиндээ санал нэгдээд багагүй хугацаа өнгөрч байна.

АН-ЫНХАН “БИД ГАЙ БОЛОХГҮЙ, ГАВЬЯА БАЙГУУЛАХГҮЙ, ЗАЙТАЙХАН ЯВЪЯ. ТА НАР ХИЙДГЭЭРЭЭ ХИЙ” ГЭЖЭЭ

Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах талаар сүүлийн дөрвөн парламент ямар нэг байдлаар ярьж, зарим нь төсөл боловсруулан, бэлэн болгосон. Бүр тодорхой хэлбэл, 2000, 2011, 2012, 2015 онд гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байв. Эдгээрээс цорын ганц нь буюу 2000 оны оролдлого амжилт олж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт болон туссан. Түүнээс хойш хамгийн амжилттай явсан нь (энэ удаагийнхыг оролцуулахгүйгээр) 2015 онд Н.Батбаяр тэргүүтэй гишүүдийн санаачилж, боловсруулсан төсөл. Уг төсөлд гишүүдийн олонх нь гарын үсэг зурж, УИХ-д өргөн барих хэмжээнд очсон ч парламентаар хэлэлцэгдэх хувь дутсан билээ.

Парламент нь олон намын төлөөлөлтэй, Засгийн газрыг хамтарч бүрдүүлж байх үед Үндсэн хуулийн өөрч­лөлтийг хэлэлцвэл талуудын байр суурийг тэгш тусгах ардчиллын зар­чим хангагдана хэмээн тайлбарлах хүн олон байдаг. Гэвч бодит байдал дээр улс төрийн хүчнүүд өрсөлдөгч­дөө оноо өгөхийг хүсдэггүй учраас ийм томоохон асуудлаар нэгнийхээ санаачилсныг дэмжихээсээ илүү саад тавьдаг. Үүнийг бид Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн 2015 оны оролдлого болон бусад олон зүйлээс ханатлаа харж буй.

Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар үед батлах боломжтой вэ. Практикаас харвал нэг нам үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуулийг баталж, өөрчлөлт оруулж байж. 1992 онд Үндсэн хууль баталсан 430 депутатын 390 гаруй нь МАХН (хууч­наар)-ын гишүүн байсан. 1999 онд “Ардчилсан холбоо” эвсэл УИХ-д 50 суудалтай байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тэр нь ҮХЦ дээр унасан. 2000 онд МАХН парламентад 72 гишүүнтэй байхдаа Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй хэмээн шийдэж, “дордуулсан долоон өөрч­лөлт”-ийн автор болсон. Үүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг байнга ярьж ирсэн ч өнөөгийнх шиг урагшилсан нь үгүй. Иймээс нэг нам дангаараа баталж чадахуйц тооны суудалтай байхдаа л Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийвэл хийнэ, үгүй бол дараагийн аятай хугацааг хүлээхээс өөр гарцгүй гэж судлаачид хэлээд байгаа.

УИХ-д 64 суудалтай энэ удаагийн парламент “эцэг” хуулийг өөрчлөхөөр гурван жилийн өмнөөс ханцуй шамлаж, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэд хэдэн ажлын хэсэг байгуулан, тал талын байр суурийг сонсох, нийтийг хамарсан хэлэлцүү­ лэг өрнүүлэх зэргээр нэлээд өргөн хүрээтэй, бас чиг ул суурьтай ажиллалаа. Намын дотоод хагарал, бас бус зүйлээс болж Үндсэн хуульд өөрч­ лөлт оруулах ажил багахан алгуурласан нь төсөл боловсруулах үүрэг хүлээсэн судлаачид, хуульчдад харин ч завшаан болж, илүү олон талаас нь бодох, нягтлах хугацаа өгөв. Гурван жилийн хугацаанд нэг заалт л гэхэд хэд дахин өөрчлөгдөж, нэлээд хэдэн төслийн хувилбар танилцуулахад нь бид гэрч боллоо.

Харин одоо Г.Занданшатар УИХ-ын дарга болоод “Бидэнд ухрах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ” гэсэн амандаа хүрч, төслийг УИХ-аар хэлэлцэж байна. УИХ-ын 64 гишүүн гарын үсэг зурж, эхний хэлэлцүүлэг саадгүй явсан, олон нийтэд “Үнэхээр бүтэхгүй бүхэн Үндсэн хуулиас болж байгаа юм бол, хуулиа өөрчлөөд байдал дээрдэх нь үнэн аваас өөрчлөлтөө хийг” гэсэн хандлага давамгайлж буй, АН-аас сонгогдсон гишүүд “МАН-ын хийж буй ийм том ажлыг бид яахаараа гараа өргөн дэмждэг юм бэ” гэсэн намын чиглэл ирсэн. Тиймээс бид гай болохгүй, гавьяа байгуулахгүй, зайтайхан явъя. Та нар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийдгээрээ хий. Яг батлахдаа тулвал бид айхтар сөрөг байр суурь илэрхийлэхгүй” гэх маягтай байгаа зэргээс харвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах хамгийн аятай, таатай орчин нөхцөл яг одоо бүрдээд байна. Олон жил ярьсан, олон парламентчийн мөрөөдсөн Үндсэн хуулийг өөрчлөх боломж чухам энэ УИХ-д олдож мэдэх нь. Энэ боломжийг ашиглаж чадвал бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг үзнэ. Эс бөгөөс 2000 оноос өнөөг хүртэл явсан шигээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайгаа үргэлжлүүлэн ярьсаар байх биз.

...Монгол Улсын Төрийн тэргүүн гэдэг улстөрчийн карьерийн оргил, тэнд хүрсэн хүн эргэж буцаж, улс төрд сүнс нь хоргодсон мэт сүүтэгнээд, УИХ-ын гишүүн, өөр ямар нэг албан тушаал авахын тулд элдэв арга чарга хайн, өөрийнхөө ч, бусдын ч шившгийг дэлгээд явах нь зохисгүй гэж үзэж. 45 настай хүнийг дэвшүүлж, зургаан жилээр сонголоо гэхэд 51 настай Ерөнхийлөг чийн суудлаас бууна. Энэ нь харьцангуй залуу нас тул улс төрд дахин орох гэж гүйдэг, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэх өндөр нэр хүндээ умартан, олны өмнө “нүцгэлдэг” өмнөх түүх давтагдана. Тэгэх тусам Ерөнхийлөгч хэмээх институцийн нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдөх, хүндлэгдэх чадвар буурна хэмээн болгоомжилж буй учраас улс төрд хийе гэснээ хийж, шу нал тачаал нь дарагдсан хойно энэ албанд сонгож, үүргээрээ улс төрийн карьер нь өндөрлөдөг болгохоор тоо цож 55 нас хэмээн тогтсон юм даг уу даа...

Нөр их зүтгэл гаргаж, ихээхэн хүч хаясан эрх баригчид ийм боломжийг алдах нь юу л бол. Тэгэхээр одоо бид Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх тухай бус, хэр оновчтой, нүдээ олсон өөрчлөлт хийх нь вэ гэдэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэх явцад эргэлзээ төрүүлсэн, шүүмжлэл дагуулсан заалтуудыг онцолж, олон талын мэдээлэл, байр суурийг хүргэхийг бид зорино. Энэ удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох хү­ ний настай холбоотой заалтад анхаарлыг тань хандуулж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБЫГ ТЭТГЭВЭРТ ГАРАХЫН ӨМНӨ ДАМЖИН ӨНГӨРӨХ СУУДАЛ ТӨДИЙГӨӨР ХАРАХ ВИЙ

Төслийн “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалттай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн хүн цөөнгүй. Тэд “Эмэгтэй хүн 55 настай тэтгэвэрт гардаг. Эмэгтэйчүү­ дийг тэтгэвэрт гарчихаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлд гэх үү” хэмээж буй. Харин төсөл санаачлагчид энэ хувилбарыг маш олон талаас нь бодолцож, ярилцсан гэнэ. Үүн дээр санал нэгдэж, төсөлд тусгасан эхний шалтгаан нь Монгол Улсын Төрийн тэргүүн гэдэг улстөрчийн карьерийн оргил, тэнд хүрсэн хүн эргэж буцаж, улс төрд сүнс нь хоргодсон мэт сүүтэгнээд, УИХ-ын гишүүн, өөр ямар нэг албан тушаал авахын тулд элдэв арга чарга хайн, өөрийнхөө ч, бусдын ч шившгийг дэлгээд явах нь зохисгүй гэж үзэж. 45 настай хүнийг дэвшүүлж, зургаан жилээр сонголоо гэхэд 51 настай Ерөнхийлөгчийн суудлаас бууна. Энэ нь харьцангуй залуу нас тул улс төрд дахин орох гэж гүйдэг, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэх өндөр нэр хүндээ умартан, олны өмнө “нүцгэлдэг” өмнөх түүх давтагдана. Тэгэх тусам Ерөнхийлөгч хэмээх институцийн нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдөх, хүндлэгдэх чадвар буурна хэмээн болгоомжилж буй уч­ раас улс төрд хийе гэснээ хийж, шунал тачаал нь дарагдсан хойно энэ албанд сонгож, үүргээрээ улс төрийн карьер нь өндөрлөдөг болгохоор тооцож 55 нас хэмээн тогтсон юм даг уу даа.

Нэг талаас нь харвал энэ зөв байх. Гэвч нөгөө талаас нь харах шаардлага бас байгааг хууль тогтоогчид анхааралдаа авна буй за. Эмэгтэй хүний тэтгэвэрт гарах нас гэдэг бол бодох ёстой өнцөг мөн. Бас ямар ч хүний эрч хүчтэй, хийж бүтээх эрмүүн тэмүүлэлтэй нас өнгөрсөн хойно энэ албан тушаалын үүд сая нээгдэхээр байна. Ингэвэл Ерөнхийлөгчийн албыг Төрийн тэргүүн гэхээсээ илүү тэтгэвэрт гарахын өмнө дамжин өнгөрөх суудал төдийгөөр харах вий гэсэн болгоомжлол байгааг ч сануулахад илүүдэхгүй болов уу. Ер нь хүн улс төрөөс гарахгүй гэж зүтгэхдээ тулвал 55-тай сонгогдоод, 61-тэй буусан ч зүтгэнэ. Хүний шунал, суурь өгөгдлийг нас хязгаарлахгүй гэдгийг бодолцож үзээсэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)