Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл хэрхэн өөрчлөгдөв

Г.Занданшатар УИХ-ын дарга болонгуутаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, “Бидэнд ухрах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ” хэмээн мэдэгдсэн. Өнгөрсөн жилээс хойш нам жимхэн байсан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажил ч идэвхжиж, ажлын хэсгүүд ойр ойрхон хуралдсаар бэлэн болгосон төслөө танилцууллаа. Өмнөх оны хавар ажлын хэсгийнхэн мөн л “Төсөл бэлэн болсон” хэмээн мэдэгдэж, УИХ-ын даргад танилцуулан, холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлж байв. Энэ удаагийн төсөл өнгөрсөн жилийнхээс хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан хүргэе.

ХУРАЛД СУУДАГГҮЙ, ХУУЛЬ ТОГТООХ АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЗААЛТ “АЛГА БОЛЖЭЭ”

Өмнөх төсөлд УИХ-ын гишүүний хариуцлагатай холбоотой “Нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр тухайн ээлжит чуулганы нийт хуралдааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ гишүүнийг эргүүлэн татна” гэсэн заалт байсан юм. Шинэ төсөлд тэр заалт үгүй болж, оронд нь “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэл байгааг ҮХЦ тогтоосон бол УИХ түүнийг гишүүнээс нь эргүүлэн татна” гэсэн байна. Мөн өмнөх төсөлд УИХ-д нэр дэвших насны босго 35 байхаар заасан байсныг сүүлчийн хувилбарт 30 болгон доошлуулжээ. УИХ-ын гишүүн УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд өөрийн биеэр санал өгөх, бусдын өмнөөс санал өгөхийг хориглосон заалт түрүүчийн төсөлд байсныг хассан байна.

Мөн асуудлыг олонхоор шийдэх ардчиллын зарчмыг хангаж, “дордуулсан долоон” өөрчлөлтийг засах зорилтын хүрээнд УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх (гуравны хоёр) хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд тооцох 1992 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээхээр өмнөх төсөлд тусгасан байсныг хасаж, энгийн олонх (50 хувь+1)-оор ирц бүрдүүлдэг өнөөгийн тогтолцоог хэвээр үргэлжлүүлэхээр тусгажээ.

Нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргахаар заасан байсныг өөрчилж, УИХ өөрөө уг асуудлыг хэлэлцэн, нийт гишүүний гуравны хоёрын саналаар хугацаанаасаа өмнө тарах шийдвэр гаргахаар шинэ төсөлд оруулсан байна билээ. Түүнчлэн УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 30, Ерөнхий сайдын бүрэн эрх дууссанаас 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг шийдэж чадаагүй бол УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргахаар өмнөх төсөлд тусгасан байсныг анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэнээс 30 хоногийн дотор хэмээн хугацааг нь сунгасан байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ДӨРВӨӨС ИЛҮҮГҮЙ САЙД “ДАВХАР ДЭЭЛ”-ТЭЙ БАЙХ НЬ

Мөн УИХ-ын зарим эрх мэдлийг хязгаарлах зорилтын хүрээнд “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно” гэсэн заалт оруулжээ. Төсөв хэлэлцэх үеэр гишүүдийн гаргадаг ааш, авирыг Үндсэн хуулиар хазаарлахаар оролдож буй нь энэ. Өмнөх төсөлд “Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн нь Засгийн газрын бүтцийг дахин дахин өөрчлөх, шаардлагагүй яам, асуудал эрхэлсэн сайдын орон тоо нэмж гаргах нөхцөл бүрдүүлнэ гэж ажлын хэсгийнхэн үзсэн тул “Танхимын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүн байж болно” хэмээн тодорхой тоо оруулсан байна.

...Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх тухай шинэ зохицуулалтыг Үндсэн хуульд тусгахаар оруулж иржээ. Үүнд “Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ”, “УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэсэн байна...

“Нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь, мөн нам, эвслийн бүлгээс санал тавивал УИХ нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно” гэж хуучин төсөлд тусгасан байсан нь хэт ерөнхий, хавтгайруулах эрсдэлтэй гэж үзсэн учир шинэ төсөлд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” хэмээн өөрчилжээ. Мөн “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох, эсэхийг шүүх шийдвэрлэнэ”, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахгүй. Нэг асуудлаар нэгээс илүү тооны хянан шалгах түр хороо байгуулахыг хориглоно” гэсэн заалтууд шинээр нэмж, УИХ-аас байгуулах Хянан шалгах түр хорооны эрх, үүрэг, хязгаарыг тодорхой болгохоор зорьсон аж.

УИХ-Д ГАНЦ СУУДАЛ АВСАН НАМ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХИЙГ НЭЭНЭ

Өмнөх төсөлд байсан “УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт энэ удаа ч хэвээр орж иржээ. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон уг заалтыг “Олон нийтэд таалагдах хэдэн заалтаар нүд хуурч байгаад Үндсэн хуульд зарчмын маш том өөрчлөлт оруулах гэж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, намын нөлөөллийг төрд илүү оруулах гэсэн хоёр зүйлийг Үндсэн хуульд оруулахын тулд наана нь жижиг сажиг будаг шунхны засвар хийжээ. Зарчмын том өөрчлөлт хийгээгүй гэчихээд сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэж байгаа нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж буйгаас ялгаагүй хэрэг” хэмээн шүүмжилж буй.

Шинэ төсөлд УИХ-ын сонгуультай холбоотой “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно”, “УИХ-д олонхын суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам бусад намтай зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам бусад намтай зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам бусад намтай зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” гэсэн заалтуудыг нэмжээ. УИХ-д ганц суудал авсан нам ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг нээсэн дээрх заалт “дордуулсан долоо”-г буцааж, 1992 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээх зорилтын хүрээнд орж ирж буй аж.

Засгийн газрыг эмхлэн байгуулах талаар шинэ төсөлд нэлээд хэдэн заалт оруулжээ. Тухайлбал, “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ”, “Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн байна. Энэ заалтууд өмнөх төсөлд байгаагүй юм. Мөн Ерөнхий сайдыг огцруулах тухайд, “УИХ- ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” хэмээжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх тухай шинэ зохицуулалтыг Үндсэн хуульд тусгахаар оруулж иржээ. Үүнд “Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ”, “УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэсэн байна.

Энэ мэтчилэн өнгөрсөн жил УИХ-ын даргад танилцуулж, хуульд заасан холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлсэн төслөөс маш олон зүйл өөрчлөгджээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д хэзээ албан ёсоор өргөн барих нь тодорхойгүй, энэ хаврын чуулганаар хэлэлцэж амжих, эсэх нь эргэлзээтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)