Үндсэн хуульд гурван чиглэлээр өөрчлөлт оруулна

“Үндсэн хууль бол алганд багтдаг улс”, “Үндсэн хууль бол төр, ард түмний тоглоомын дүрэм”, “Үндсэн хууль бол Монголын ард түмний оюуны хамтын бүтээл” гэх мэтчилэнгээр Эцэг хуулийг тодорхойлох нь бий. Арай дэлгэрүүлж, бас энгийнээр тайлбарлавал, Үндсэн хууль хэмээх 70 зүйлтэй, багашаархан хууль бол Монгол Улсын гурван сая хүн ам, газар нутаг, байгалийн баялаг, мал сүрэг, хүний эрх, эрх чөлөө, хэл, соёл, гадаад, дотоод харилцааг бүгдийг багтаасан зөвшилцлийн баримт бичиг.

Төрийн тулгуур болсон энэ баримт бичгийг өөрчлөх талаар нэлээд эрчимтэй ярьж, ажил өрнүүлж буй. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судална гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулсан.

УИХ ч Эцэг хуулийг өөрчлөх асуудалд анхаарлаа хандуулж, Төрийн байгуулалтын байнгын хороонд суурилсан, Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан, энэ асуудлыг судалж буй. Үүгээр ч зогсохгүй энэ оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын дөрөвдүгээрт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” хэмээн бичсэн байна билээ.

Засгийн газар болон УИХ-аас байгуулсан хоёр ажлын хэсэг одоогоор иргэдийн саналыг авч байгаа бөгөөд хэд хэдэн удаа уулзаж, хэрхэхээ ярилцсан байна. Одоогийн байдлаар эцсийн шийд гараагүй, тэгнэ, ингэнэ гэж баттай хэлэхэд эрт байгаа ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын төлөвлөгөөний хар зураг эхний байдлаар гарчээ.

Ажлын хэсгийн нэр бүхий гишүүдээс гарч, дэмжигдэх магадлалтай байгаа төлөвлөгөө, төсөөллийг сонирхуулахад, ажлын хэсгүүд дүгнэлтээ дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганд танилцуулна. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай (ингэж гарах нь бараг тодорхой байх) гэсэн дүгнэлт гарвал УИХ-аас бүх нийтийн санал асуулга явуулах тогтоол гаргуулж, Зөвлөлдөх зөвлөл байгуулна. Бүх нийтийн санал асуулга явуулах заалтуудын талаарх саналыг ажлын хэсэг бэлтгэн Зөвлөлдөх зөвлөлд оруулна.

Тус зөвлөл ажилдаа орж, орон даяар санал асуулга явуулна. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж буй, эсэх, ямар асуудлаар өөрчлөлт оруулахыг ард түмнээс асууна. Бүх нийтийн санал асуулгын дүн Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулна.

Ажлын хэсгийн боловсруулсан төслийг УИХ-аар хэлэлцэхдээ бусад асуудлыг хойш тавьж, ганц энэ асуудлыг хэлэлцэн, ийм ийм зүйлд өөрчлөлт оруулъя гэсэн шийдвэрийг УИХ гаргана. Үүнийгээ ард түмний санал асуулгаар батлах уу, УИХ-аар батлах уу гэдгээ ярилцаж байж шийднэ гэж байгаа аж.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн УИХ-ын гишүүдээр тогтохгүй нийгмийн бүх давхаргын төлөөллийг оролцуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хариуцах томоохон ажлын хэсэг байгуулах хэрэгтэй.

Үндсэн хуулийн энэ заалтыг ингэж өөрчилнө гэсэн маш тодорхой томьёоллоор, хэдхэн заалтаар л санал хураалт явуулахгүй бол ерөнхий асуулга явуулаад, дараа нь УИХ үүнийг хэлэлцэж шийднэ гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил бүтэхгүй. Тодорхой томьёоллоор санал хураагаад түүнийг нь ард түмэн дэмжвэл уг заалтыг УИХ автоматаар баталдаг хуультай. Тиймээс маш болгоомжтой хандах хэрэгтэй” гэв.

Үе үеийн парламентаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж ирсэн ч энэ удаа биеллээ олж, Эцэг хуульд гар хүрэх нь бараг л тодорхой боллоо. Харин ямар өөрчлөлт оруулах нь сонирхол татсан таамаг хэвээр байна. Иргэний нийгэм гэж юу гэсэн үг вэ гэж асуухаас эхлээд Төрийн сүлдийг өөрчлөхөөс аргагүй гэх хүртэл түмэн янзын санаа олон нийтээс гарч буй ч тэр бүхнийг тусгах боломжгүй гэж ажлын хэсгийнхэн хэлсэн.

Энэ удаа нэмэлт, өөрчлөлт, тодотгол оруулах асуудал яригдахаас биш зарим нэгний хүлээж байгаа шиг орвонгоор нь эргүүлэх, тогтолцооны өөрчлөлт хийх тухай яриа байхгүй нь.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ярихдаа төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй, оновчтой болгох, хариуцлагын тогтолцоог Үндсэн хуулийн хэмжээнд авч үзэх, шийдвэр гаргах механизмыг тодорхой болгох гэсэн гурван том бүлэг асуудлыг тойрч төвлөрнө гэж төлөвлөж буй аж. Үүн дотор олон жижиг асуудал орох нь мэдээж. Тэр дундаа хяналт, шалгалтын тогтолцоог чангатгах, төрийн албыг тогтвортой, хариуцлагатай байлгах, төсвийн сахилга бат гэх мэт асуудал багтахын үгүйсгэхгүй гэсэн.

Парламентын засаглалтай улс гэх хэрнээ Засгийн газар, парламентын аль нь гол шийдвэрээ гаргах вэ, Ерөнхийлөгчийн оролцоо ямар байх вэ гэдэг нь тодорхойгүй, энэ гурван институцын үүрэг, хариуцлага холилдож, хутгалдсан нь өнөөгийн төрийн болж бүтэхгүй бүхний уг урхаг болж байна гэж үзэх хүн олширсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гурван гол асуудлын эхнийх буюу эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй, оновчтой болгох гэдэг нь үүнийг шийдэхэд зориулагдаж буй.

Хоёрдугаарт, хэн хариулага хүлээх нь тодорхойгүй болсон нь гажуудал үүсгэж буй учраас хариуцлагын тогтолцоог Үндсэн хуульд тусгахаар болжээ. Засгийн газар өөрийнхөөрөө тооцоо судалгаа хийж, төсөв боловсруулаад ирэхэд УИХ-ын гишүүд өнөөхийг нь 76 тийш нь задалж орхиод, буцааж нэгтгэхдээ анхныхаас нь тэс өөр болгочихдог. Тооцоо судалгаагүй, “агаарын” төсөв баталснаас үүдэх хор хохирлын хариуцлагыг хэн ч хүлээдэггүй. Хариуцлагын тогтолцоог Үндсэн хуульд суулгаж өгснөөр иймэрхүү замбараагүй асуудлаа цэгцэлнэ гэж тооцож байгаа хэрэг.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гурав дахь бүлэг асуудал буюу шийдвэр гаргах механизмыг тодорхой болгоно гэдэг нь ямар асуудлыг хэн шийдэхийг Үндсэн хуулиар зааж өгнө гэсэн үг. Том, жижиг ямар ч төслийг УИХ-аар оруулж шийдүүлэх үү, Засгийн газар толгой мэдэж шийдээд, хариуцлагаа хүлээгээд явах уу гэдгийг энэ өөрчлөлтөөр зааж өгнө.

Ингэснээр Засгийн газар асуудлаа УИХ-д оруулдаг, УИХ нь “Ингэвэл та нарыг огцруулна” гэж айлгаад асуудлыг нь буцаачихдаг, тэгээд шийдэж чадахгүй дөрвөн жил болсон ч үүнийхээ төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй байдлыг өөрчилнө гэж төсөөлж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)