Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв, одоо эс бол хэзээ ч үгүй байж мэднэ

1. БОДИТ ШААРДЛАГААС ҮҮДСЭН БОДИТ ОРОЛДЛОГО

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. 1992 онд шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталсны бараг маргаашаас л ярьж эхэлсэн өөрчлөх санаа бодол хоёр дахь удаагаа бодит оролдлого болж буй нь энэ.

Эхний оролдлогыг 2000 онд хийж, хэд хэдэн өөрчлөлтийг тухайн үеийн МАХН, МҮАН-ын хамтын хүчин чармайлтаар баталсан боловч “дордуулсан долоон” өөрчлөлт нь “дордохын долоо” болж хувирлаа гэсэн нэр зүүсээр өнөөг хүргэсэн.

Тэрхүү өөрчлөлт уг нь санамсаргүй байдлаас үүдчихээгүй билээ. Тухайлбал, 1996-2000 онд Засгийн эрхийг барьж байсан МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 гишүүнтэй байв. Гэнэтхэн олдсон эрх мэдэл нь тэднийг бялууруулж, “нялхсын өвчин”-д ээрүүлснээр Засгийн газраа гурван удаа сольж, элдэв фракц, эвсэлд хуваагдан хагаралдаж, улс орон бараг жолоодлогогүй болохдоо хүрч, ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг бусдын гарт амиа алдаж, Монголын улс төрийн түүхэнд дахин давтагдаж болшгүй сөрөг үр дагавар үлдээсэн түүхтэй.

Гэхдээ л ард түмэн тэдэнд итгээд 50 суудлаа өгсөн байв. Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг нь тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж, Засгийн газар “үүрэг гүйцэтгэх” төдий аргацаасан байдалтай найман сарыг өнгөрөөж байв.

Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, түүнийг зөвшөөрсний дараа л Ерөнхий сайдыг томилж болох заалт Үндсэн хуульд байсан юм. Хэдийгээр 50 суудалтай ч “Ардчилсан холбоо” эвслийнхэн ирцээ бүрдүүлж, хуулиа баталж чадахгүй гацаанд орох нь байнга тохиолддог байв. Учир нь Үндсэн хуулиар 51 гишүүн ирж гэмээнэ ирц бүрдэж, хууль батлах ёстой байв. МАХН-ын 25 гишүүн дээр Монголын уламжлалын нэгдсэн намаас сонгогдсон Очирбатын Дашбалбар нэмэгдээд хуралд орохгүй байхад бүх юм дуусаа. Хариуцлагагүй, ёс зүйгүй, улс төрийн хувьд бүрэн төлөвшөөгүй “Ардчилсан холбоо” эвслийн гишүүд бүгдээрээ хуралдаа оролцоно гэдэг ч лөөлөө байлаа.

1996 оны ялалтын дараа бүрдсэн М.Энхсайханы Засгийн газарт “давхар дээл”-тэй нэг ч сайд байсангүй. Гэтэл УИХ-ын гаднах сайдуудад парламентын гишүүд нь эр бяраа үзүүлж, бодлого шийдвэрийг нь унагах, хараат байдалдаа оруулах санаархал илэрхий цухалзаж, тэр нь тэдний хүчгүйдэх өөр нэг нөхцөл болсон юм. Энэ бүхэн Үндсэн хуульдаа “гар хүрэх” хувьсгалын тохироог бүрдүүлсэн билээ. Хоёр намын тохироо, Н.Энхбаярын хойчийн өдрүүдээ бодсон хожоотой нүүдэл дээр хийсэн энэ өөрчлөлт олигтой юм болоогүй.

Энэ завсар “дордуулсан долоо”-гоос гадна засах, өөрчлөх зүйл нэлээд байна гэсэн яриа газар авч, байр сууриа илэрхийлэгчдийн тоо нэмэгдсээр өнөөг хүргэв. УИХ-аас нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, өргөн барих оролдлого 4-5 удаа гарсан бөгөөд “барианд” хамгийн ойртсон нь “Фортуна” хэмээх Н.Батбаяр нарын төсөл. Энэ бол 2016 оны эхээр болсон үйл явдал.

Хамгийн багадаа 57 гишүүн гарын үсэг зурж байж өргөн барих хуультай төсөлд “47 гишүүн гарын үсэг зурсан. Манай намаас дөрвөн гишүүн зураагүй нь Х.Баттулга, Л.Болд, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар. Тэд гарын үсгээ зурчихсан бол 57 хүргэчих боломж бодитой байсан. Манай зураагүй дөрөв болохоор Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид л дээ” хэмээн Н.Батбаяр ам алдсан удаатай.

Өдгөө хоёр дахь оролдлого нэлээд бодитой өрнөж байна. Н.Батбаярынхаас ялгаатай нь 64-65 гишүүн гарын үсэг зураад, төслөө өргөн барьчихсан, бүр хэлэлцүүлэг эхэлчихээд байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь удаагийн бодит оролдлого бодит нөхцөл, шаардлагаас үүдсэн гэж хэлж болно. Энэ төсөл цаашаа явах уу, явуулах шаардлагатай юу гэдэг талаар энэхүү бичвэртээ хөндөх гэсэн юм.

2. ДАХИАД МӨД ТОХИОХГҮЙ ЭНЭ БОЛОМЖИЙГ АШИГЛАХААС ӨӨР АРГАГҮЙ

Ардчилсан хувьсгал ялж, Монгол орон цоо шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш 29 он улирч байна. Олсон амжилт бидэнд зөндөө бий, бүхнийг үгүйсгэх хэрэггүй. Хүний эрх, эрх чөлөө бодит зүйл болж, ардчилал, зах зээлийн ёс эргэлт буцалтгүй болов. Гэхдээ улс орны хөгжил, иргэдийн ахуй амьдралд тун бага өөрчлөлт гарав. Байгаа боломж, баялаг эрдэнэстэйгээ харьцуулах юм бол “арай ч дээ” гэж халаглахаар гашуун үр дүн бий болчихоод байна. Баялаг нь иргэддээ биш, цөөнхийн гарт төвлөрч, иргэд нь ядууран хоосров. Нийт иргэдийн өчүүхэн хэсэг болох хэсэг бүлэг хүн, 30-40 гэр бүл хагартлаа баяжиж, гаднынхан Монголын баялагт эзэн сууж, баялгийн жинхэнэ эзэн нь болох ард түмэн тэдний хараат, харьяат болохдоо тулсан. Төр, засгийн эрх мэдэл улс төр-эдийн засгийн эрх ашгаар сүлбэлдсэн олигархи хэсгийн өмч мэт болж хувирав. Шударга ёс алдагдаж, мөнгөтэй, эрх мэдэлтэй нь шүүх засаглалыг өөртөө үйлчлүүлдэг боллоо. Хууль цааз иргэддээ хатуу ширүүн, эрх мэдэлтнүүдэд энэрэнгүй, зөөлөн болов.

...Монголын хувь заяаг шийдэх түүхэн сонголтын өмнө бид ирлээ. Зөв сонголт л зөв замыг зааж өгдөг билээ. Тэр зөв замын нэг нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт мөн гэдэгт итгэж байна...

Засаг, төрийн тогтвортой байдал алдагдаж, мөнөөх эрх мэдэлтнүүдийн хүслийн зоргоор унагаж, босгодог тоглоомын засаглал, өөрсдөд нь үйлчлэх ердийн хэрэгсэл болж хувирлаа. Төрийн алба төрлийнх болоод зогссонгүй, тэнд үйлчлэх ёстой шударга ёс, эрдэм боловсрол, туршлага чадвар, хараат бусын шалгуур алдагдаж, эрх мэдэлтнүүдийн цүнх баригчдын ээлжлэн тоглодог “казино”, эздэдээ хэр үнэнчээ харуулсны шагнал, бялуу болж хэрчигдэв. Бид тэгээд ингээд л суугаад байх уу. Эсвэл эрслэн босох уу.

Энэ бол бослого тэмцэл хийж, дайтан тулах тухай асуудал биш. Зөв сонголтыг зориглон хийх тухай л санаа.

Монголыг, монголчуудыг ийм бүрхэг бүүдгэр байдалд хүргэсэн олон шалтгаан бий, мэдээж. Түүний нэг нь Үндсэн хуульд байна. Туулж өнгөрүүлсэн замаа эргэн харж, алдсан алдаа, гашуун сургамжаа тооцон цэгнэж үзээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан нэгэнт бий болжээ гэдгийг эрдэмтэн судлаачид байнга хэлж байгаа. Улсынхаа ирээдүйг бодож, өнөөгийн завхралыг засах ёстой гэж боддог эрүүл улстөрчид нь ч үүнийг олонтоо сануулсаар байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв юм байна гэдэгт ард түмний дийлэнх олонх итгэж, санал нэгдээд буй нь сүүлийн үед явуулсан санал асуулга, хэлэлцүүлгүүдээс тодорхой байна.

Гэсэн ч сөрөхийн тулд сөрөгчид буюу “ард түмэн”, “эх орон” гэдэг үгээр зэвсэглэж, цээжээ балбагчид “өөрчлөхгүй, болохгүй, жагсана, цуглана, эсэргүүцнэ” хэмээн попрогчид цөөн боловч байгаа. Тэд “Нэг нам дангаараа өөрчлөх нь. Хэзээ ч нэг нам үүнийг хийж болохгүй” гэдгийг хамгийн том шалтгаан болгон тавьж буй билээ.

Түүх сөхвөл монголчууд таван удаа Үндсэн хууль батлах буюу өөрчлөх алхмыг хийжээ. Бүгдийг нь нэг нам, улс төрийн хүчин давамгайлж байхдаа хийсэн нь анхаарал татна. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулийн хувьд ойлгомжтой. Тэр цагт МАХН гэдэг ганц нам л Монголыг удирдан жолоодож байв. 1992 оны шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурлаар хэлэлцэн баталсан. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 430 депутатын 30 гаруйхан нь шинэ улс төрийн намуудаас сонгогдсон, бусад нь МАХН-ын гишүүн байв. Чухамдаа бол МАХН ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан, хэлэлцүүлж, баталсан юм. 2000 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 1996-2000 онд эрх барьсан “Ардчилсан холбоо” эвслийн үед эх нь тавигдсан боловч 2000 онд МАХН 72 суудалтай байхдаа баталгаажуулсан байдаг.

Түүнээс хойших оролдлогууд УИХ-д намууд ойролцоо суудалтай, хэн нь ч үнэмлэхүй олонх болоогүй цаг үеүдэд тохиосон учраас бүтэлтэй болоогүй. Тиймээс 64 суудалтай нэг нам дийлэнх олонхыг бүрдүүлж байгаа энэ үед л зүтгүүлэхээс өөр замгүй. Учир нь 2016 онд ард түмэн МАН-д 65 суудал өгөхдөө энэхүү итгэлийг хүлээлгэсэн гэж хэлж болно. Хэрвээ энэ удаа хийж чадахгүй бол цаашдаа хэзээ ч үгүй байж мэднэ. Яагаад гэвэл нэг нам дангаараа үнэмлэхүй олонх, тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих хэмжээний, дор хаяж 57 суудал авах боломж ойрын 20 жилд лав тохиохгүй л болов уу. Тэгэхээр дахиад наад зах нь 20 жил Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж чадахгүй гэсэн үг.

Үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа нэг нам санаачилж, түүнийгээ улс төрийн бусад хүчин, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэйгээ сайтар зөвшилцөж, ард түмнээсээ асуугаад шийдчих түүхэн боломж яг одоо л бүрдээд байна. Тиймээс нэмэлт, өөрчлөлтийг дэмжих хамгийн том учир шалтгаан эндээс эхэлж байгаа юм. Магадгүй өнөөдөр л биш бол хэзээ ч үгүй байж мэднэ.

Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үзээд дэмжих ёстой, батлах нь зүйтэй гэсэн өөр нэг итгэл үнэмшил төрөөд байгааг дор толилуулъя.

3. ИРЭЭДҮЙГЭЭ ШИЙДЭХ ТҮҮХЭН СОНГОЛТЫН ӨМНӨ БИД ИРЖЭЭ

Үндсэн хуулийн 28.5 орчим хувийг хамарсан өөрчлөлтийг бүхэлд нь ярина гэвэл барахгүй. Тиймээс цөөн хэдийг онцолж үзье.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэлээд эрх мэдэл өгөхөөр байгаа. Хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй, дийлдэхгүй амьтан гараад ирэх юм биш үү гэсэн болгоомжлол илүү бололтой. Учир нь түүнийг огцруулах заалт үндсэндээ хэвээр үлдэж. Харин Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавихдаа шинээр томилох Ерөнхий сайдын нэртэй хамтад нь өргөн барина гэжээ. Энэ гарцаагүй зөв заалт. Ажиллаж байгаа болон оронд нь болох Засгийн газрын тэргүүнийг харьцуулах боломж олдож байна гэсэн үг. Шинээр тавигдах гэж байгаа нөхөр урьдахаасаа дээр байж чадахгүй юм байна даа гэвэл хуучнаа үлдээх, энэ нөхөрт итгэж болно, өмнөхөөс илүү хүн мөн гэж үзвэл өмнөхөө огцруулж, дараагийнхад итгэл үзүүлэх хамгийн энгийн хэрнээ үнэнд ойр гаргалгаа энд байна.

Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулахаар тусгажээ. Өнгөрсөн 27 жилд УИХ хэлэлцэж, томилдог, огцруулдаг байв. Үр дүн нь юу болов? 1992 оноос хойших 27 жилд 15 Засгийн газар ажиллаж, 300 хүн сайд болжээ. Нэг Засгийн газар 1.8 жил л ажилласан гэсэн үг. Ийм богино настай Засгийн газар юу хийх вэ. Хийхээсээ илүү амжиж өөрийн эрх ашгийг гүйцэлдүүлэхэд л анхаарлаа хандуулсан гэвэл үнэнээс нэг их зө рөхгүй л болов уу.

Засгийн газрыг унагах нь надад сайдын суудалд сууж үзэх боломж мөн гэж УИХ-ын гишүүд хардаг нь нууц биш. Тиймээс УИХ-ын энэ талаарх бүрэн эрхийг хязгаарлаж байгаа нь зөв өө. Оронд нь Ерөнхий сайд энэ ажлыг хийх мэдлэг, туршлага, чадварын шаардлагыг хангаж байна гэж үзсэн хүнээ томилох нь Засгийн газрын чадавхыг сайн байлгах нэг нөхцөл болж байна. Хэрвээ сайд нь муухан ажиллаад байвал наадахаа огцруул гэдэг шаардлага тавих эрх нь УИХ-д үлдэнэ. Улсын эдийн засаг, нийгмийн амьдралын зайлшгүй чухал зохицуулалтыг гардан хэрэгжүүлж байдаг Засгийн газар тогтвортой байх нь Монголын эрх ашигт л нийцэх билээ. Тогтвортой Засгийн газар л тогтвортой амжилтад хүрдгийг дэлхийн жишиг нотолж байгаа. Германд Х.Коль, А.Меркель нар Засгийн тэргүүнээр хэдэн жил ажилласан бэ? ОХУ-д В.Путин хэдэн жил засаглаж байгаа вэ? Герман, Оросын эдийн засаг хэрхэн өсөж, бодлого зорилт нь яаж хэрэгжив гэдгийг харахад л тогтвортой байдал хэчнээн чухал болох нь төвөггүй анзаарагдана.

“Давхар дээл”-ийн талаар хэчнээн ч жил ярив. Засгаа бүрэн бүтэн байлгаж, огцорчихгүйн тулд сүүлийн үед УИХ-аас голдуу танхимаа бүрдүүлдэг болсон. Ганц жишээ дурдахад, 2004-2008 онд Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр гээд гурван Ерөнхий сайд, давхардсан тоогоор 59 сайд томилсны 43 нь давхар дээлтэй байв.

У.Хүрэлсүхийн Засгийн газар л гэхэд өөрөөс нь бусад нь давхар дээлтэй. Нэг талдаа дархлаагаа бүрдүүлж чадаж байгаа ч парламент-Засгийн газар хоёрын хяналт-тэнцлийг хангахад томоохон бэрхшээл үүссээр байна. Нөгөө талаар сайд болж үзэх гэсэн сайд биш Их хурлын гишүүдийн санаархал ч алхам тутамдаа аюул учруулсаар байгаа. Түүнчлэн Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн гэсэн хоёр том үүрэг, хариуцлагыг нэг нөхөр дангаараа үүрээд яваад байгаа нь хэтийдсэн ачаа гарцаагүй мөн. Нэгийгээ барахгүй байгаа манай нөхөд хоёрыг дажгүй дааж байгаа гэдэгт би л лав итгэхгүй. Гэхдээ дан ганцпарламентын гаднаас танхимаа бүрдүүлэх нь бас л хэцүү гэдгийг М.Энхсайханы Засгийн газрын жишээгээр дээр дурдсан билээ. Тиймээс Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрвөн хүн парламентаас томилогдож болно гэсэн нь энэ нүхийг бөглөх шийдэл биз ээ.

Сум, дүүргийн Засаг даргыг иргэд нь сонгодог байхаар нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.Одоо бол ИТХ-аасаа сонгогдож байгаа. Тиймээс ИТХ-ын төлөөлөгчид нь Орон нутгийг хөгжүүлэх сангаасаа надад хуваарил, энэ хүнийг тийм байгууллагын даргаар тавь, энийг ажилд оруул гэж шахдаг. Шахааг нь биелүүлэхгүй бол сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад огцруулах бичиг өргөн барьчихна. Засаг дарга огцрохгүйн тулд тэдний хүслийг биелүүлэхээс өөр аргагүй. Ийм дүр зураг олон жил, ялангуяа сүүлийн 10-аад жилд бараг л дүрэм журам болж тогтсон.

Тиймээс ИТХ-ын төлөөлөгч хэмээх хэдэн нөхрийн барьцаанаас Засаг даргыг салгаж, сум, дүүрэг, иргэдийнхээ төлөө ажилладаг болгохын тулд тухайн засаг захиргааны нэгжид харьяалалтай ард иргэдээсээ сонгогддог болгох нь гарцаагүй алхам юм.

Өөр нэг заалт. УИХ-ын хууль тогтоох танхимд ердийн олонх буюу 39 гишүүн ирснээр ирц бүрдэж, тэднийхээ олонх болох 20 гишүүн нь хууль баталж байгаа. Нөгөө “дордуулсан долоо”-гоор ингэж өөрчилсөн юм. 76-гаас 20 нөхөр нийлээд л хууль баталдаг болсон нь үүрэг хариуцлагыг үрэгдүүлж, хуулийн чанарыг сульдуулсан, бусдын захиалгаар хууль тогтоох буруу замыг нээсэн. Шинэ өөрчлөлтөөр хуулийг дор хаяж 39 гишүүний саналаар батлахаар тусгаж. 76-гийн ядаж 51 хувь нь санал нийлж байж хууль төрөх болж байгааг буруу гэх хүн гарахгүй биз ээ.

Энэ мэт зөв, иргэдийн эрх ашигт нийцсэн, олон жил ярьсан асуудлуудыг нэг мөр шийдэх гэж байгаад олзуурхахаас өөр аргагүй. Ташрамд, “дордуулсан долоо”-г бүгдийг нь засах гэж байгаа юм билээ. Энэ бүхнээс үүдээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв, одоо эс бол хэзээ ч үгүй байж мэднэ гэж эцэст нь хэлэх л үлдлээ.

Мэдээж хэрэг, санаанд нийцэхгүй ганц нэг заалт байж л байна. Жишээ нь, Ерөнхийлөгчөөр заавал 55-аас дээш насны хүнийг сонгох нь тийм ч зайлшгүй шалтгаан биш. Энэ мэтийг хэлэлцүүлгийн явцад засаж залруулаад явах байх.

Өнгөрсөн 27 жилийн буруу замналаа үргэлжлүүлсээр, салан баавгайн үлгэрээр олсноо гээсээр, уруудан доройтсоор байх уу, эсвэл гарцаагүй алхмыг зоригтой хийгээд, ирээдүй рүү зүтгэх үү гэсэн сонголт энэ мөн. Нэг ёсондоо Монголын хувь заяаг шийдэх түүхэн сонголтын өмнө бид ирлээ. Зөв сонголт л зөв замыг зааж өгдөг билээ. Тэр зөв замын нэг нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт мөн гэдэгт итгэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)