Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.

Ж.Бат-Эрдэнэ: -Төрийн мөнгө, санхүү өмчийн асуудалд хяналт тавих ажлыг Аудитын газар хийх ёстой. Төрийн өмчийг шамшигдуулдаг гэж их ярих нь аудит чанаргүй хийж байгаатай холбоотой. Хяналт, шалгалтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, төрөөс хөрөнгө, мөнгө шамшигдуулсныг нь илрүүлсэн бол тухайн албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ. Хэрэв аудит нь буруу шалгавал Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох юм уу. Зохицуулалт харагдахгүй байна шүү дээ.

Г.Тэмүүлэн: -Хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж байгаа. Бие даасан хараат бус байдлыг сайжруулах, төрийн захиргааны байгууллагын нөлөөллийг багасгах талаар хуульд тусгасан. Гэмт хэргийн, эрүүгийн шинж чанартай зөрчил гаргасан бол тухайн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх заалтыг нарийвчлан тусгасан. Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд ерөнхий аудитор нь Улсын ерөнхий прокурорын газарт мэдэгдэж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох баримт бичгийг шилжүүлэх юм. Тухайн байгууллага нь ерөнхий аудиторт шийдвэрээ эргээд мэдэгдэхээр тусгасан. Үүргээ хэрхэн биелүүлснийг нь Үндэсний аудитын газар цахим хуудсаараа мэдээлдэг байхыг хуульчилсан гэв.

Ингээд санал хураалт явуулж, “Шинжээч ажиллуулах зардал нь төрийн аудитын байгууллагын тухайн жилийн төсвийн урсгал зардлын 20 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалт нэмж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулийн төслийг баталбал ирэх зургадугаар сарын 1-нээс дагаж мөрдөх аж. Дараа нь олон улсын олон талт болон хоёр талт хэд хэдэн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, батлав. Засгийн газраас өргөн барьсан, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталснаар тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн баталгаа сайжирч, хоёр улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэх юм байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хамтран ажиллах тухай хэлэлцээрийг батлав. Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн тулд тус сангийнхантай хамтран зургаан төсөл хэрэгжүүлж буй аж.

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол болон Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Өнгөрсөн оны байдлаар Макаод манай улсын 12 иргэн ял эдэлж байгаа бол Монгол Улсад ял эдэлж буй Макаогийн иргэн байхгүй аж. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх аж. Тиймээс уг хуулийн төслийг болон Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг баталлаа. Монголд Вьетнам улсын нэг иргэн ял эдэлж байгаа бол Вьетнамд ял эдэлж буй монгол иргэн байхгүй аж.

Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан бол Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай наймдугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-т “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх тухай маргааныг Цэц энэ сарын 15-нд хэлэлцсэн юм. Цэцээс гаргасан дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавив.

Л.Оюун-Эрдэнэ (ЗГХЭГ-ын дарга): -Чоно борооноор гэдэг шиг зүйл боллоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргаан үргэлжилсээр байгаа. Онцгой дэглэм тогтоосон 1991 оны хуулийг Цэц хүчингүй болгож байна. Ийм шийдвэр гаргана гэж төсөөлсөнгүй. Тэнд ямар луйвар хийдэг байсныг хууль, хяналтынхан илрүүлсэн шүү дээ. Төрд тангараг өргөсөн хүмүүс хувийн компанийнханд үйлчилдгээ болимоор юм. М.Батсуурь тэргүүтэй Захиргааны хэргийн шүүхийнхэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг ТӨҮГ болгосныг цуцлах уулзалт хийж байна гэсэн. УИХ-ын гишүүд энэ дүгнэлтийг хүлээж авч болохгүй.

Ц.Нямдорж: -Цэц захиалгаар шийдвэр гаргасан байна. Хууль зүйн байнгын хорооныхон энэ шийдвэрийг яагаад хүлээж авсан юм бэ. МАН-ын гишүүд ээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар гаргасан шийдвэрээ мартаагүй биз гэв. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Цэцийн дүгнэлтийг гишүүдийн олонх хүлээж авсангүй.

Үдээс хойших хуралдаанаар Ш.Раднаасэд гишүүнээс ХХААХҮ-ийн сайдад тавьсан Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонсож, гишүүд асуулт тавив.

Д.Тогтохсүрэн: -Коронавирусийн тархалтаас үүдэж олон улсын үйлдвэрүүд хаалгаа барьсан үед ноолуурын үнийг хэт өндөр тогтоосон гэх шүүмжлэлд өртөөд байна. Ханшийг нь 100 мянган төгрөгт хүргэнэ гэдэг хэцүү. Өвөрхангай аймагт гэхэд кг ноолуур 40-45 мянган төгрөгийн үнэтэй байна. Тогтоосон ханшаа барьж чадах уу. Боловсруулаагүй ноолуур гаргахгүй байх тогтоолоо Засгийн газар эргэж харах уу?

Ч.Улаан (ХХААХҮ-ийн сайд): -Тэгтлээ өндөр үнэ тогтоосон гэж бодохгүй байгаа. Хятадад гэхэд угааж, самнаагүй ноолуур 140 мянга орчим төгрөгийн үнэтэй байна. Засгийн газраас тийм хатуу шийдвэр гаргаагүй. Бид ноолуураа боловсронгуй болгох чиглэлээр ажиллана. Ямар нэг саад гарахгүй гэж бодож байна.

Ш.Раднаасэд: -Ноолуурын доод үнийг 100 мянган төгрөгөөр тогтоосон гэж ойлгосон малчид ийм үнээр борлуулах гээд хүлээж байна. Бодлогын гэрээ хийсэн, хийхээр төлөвлөсөн хэдэн компани байгаа вэ. Үнийн өрсөлдөөнийг бий болгох, аж ахуйн нэгжүүддээ жигд хуваарилахын тулд зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх боломж байна уу?

Ч.Улаан: -Гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн нь 10 орчим. Хүлээж байгаа нь бас 10 гаруй. Ойрын үед банкуудтай гэрээ байгуулаад ирэх (энэ)долоо хоногт зээл авах бололцоог бүрэн хангана. Энэ компаниуд ноолуураа 21 аймгаас худалдаж авна. Хамгийн чухал нь аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь саналыг харгалзан үзэж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)