Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үлдээсэн чуулган

УИХ-ын намрын ээлжит чуулганыг ирэх долоо хоногт хаана. Парламентыг тараах тухай яриа Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр өндрөө авч, хүрээгээ тэлж буй нь энэ үед хуралдсан ээлжит чуулганы үр дүн тааруу байсных уу, эсвэл. Юутай ч Төрийн тэргүүнээс парламент руу “халдсан” нь ганц үүгээр тогтохгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн агаар, орчны бохирдол, утаатай холбоотойгоор онц байдал зарлах санаачилга гаргаж, УИХ-аас баталсан хууль, тэр дундаа төсөвт хоёр ч удаа хориг тавьж, чуулганы нэгдсэн хуралдаанд удаа дараа өөрийн биеэр оролцож хатуухан анхааруулга өгсөн.

Парламент Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлээгүй нь олон боловч агаарын бохирдлыг бууруулах асуудлаар ажлын хэсэг байгуулан, богино хугацаанд тогтоол баталж, холбогдох хуульд нэмэлт оруулан цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлээд байна.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын хувьд бодлого боловсруулан хууль батлах энэхүү ээлжит цикл тухайн оны төсөв, мөнгөний тооцоотой зууралдахаас эхэлдэг уламжлалтай. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийг төрхөмд нь буцааж, У.Хүрэлсүхийн баг бүрдсэн даруйдаа дахин мэдүүлсэн. Тооцоог нь нягтлахаас илүүтэй танхимаа бүрдүүлэхэд анхаарал хандуулж, хуулийн хугацаанд амжуулан баталсан эрх баригчдаас сайн төсөв хүлээх нь юу л бол. Асуудал гарвал тодотгочихдог төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулан засварлах цаг хэзээ ч ирж магад.

Гэвч ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж буй учраас Засгийн газар, УИХ төсөвт өөрийн хүслээр гар хүрэх боломж одоогоор алга. Уг хөтөлбөрийн хэрэгжилтэд ээлжит үнэлгээ хийхээр Монголд ирээд буй ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй ярилцсаны дүнд хүн амын орлогын албан татварыг олон шатлалтай болгосон зэрэг шийдвэрээсээ буцаж, хэвээр хадгалахаа Засгийн газраас мэдэгдлээ. Энэ нь ээлжит чуулганыг хаахаас урьтаж УИХ холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл үүсгэж байгаа юм.

Ээлжит чуулган байтугай энэ удаагийн УИХ-ын өмнө өөрчлөх үү, эс өөрчлөх үү гэсэн сонголт тулгаж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг харин бараг хөдөлгөсөнгүй. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үндсэндээ шийдвэрлэсэн ч үлдэж хоцорсон нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болж байх шиг. Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын эхэнд шахуу зоож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шинэ он гарав уу, үгүй юү өргөн барина гэж байсан ч сураг алга. Үнэмлэхүй олонх

хүч түрэн Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна гэх мессежийг сөрөг хүчний зүгээс зориуд чулуудаж, түүнийг нь тус намаас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө, хотгүй түгээж явна. Мөн өдгөө парламентад суудалтай, эсэхэд нь эргэлзэх болсон МАХН-ынхан ч өөрсдийн боловсруулсан Үндсэн хуулийн төслийг халуун зунаас эхлэн орон даяар хэлэлцүүлж буй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд зайлшгүй гар хүрэх ёстой гэсэн байр суурь баримтлагчдын талд УИХ-д 65 суудалтай эрх баригчдыг зогсоож, АН, МАХН тэргүүтэй хүмүүсийг нөгөө талд нь эсрэгцүүлбэл “сөрөг хүчин” харьцангуй сайн ажиллаж байна.

Харин Төрийн албаны, Донорын болон Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай зэрэг хуулийг шинэчлэн батлав. Энэ нь эрх баригч намын сонгуулиар амласан мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд тусгаж, нийгэмд хүлээлт үүсгээд байсан зарим асуудлыг шийдсэн хэрэг юм. Тухайлбал, 2019 оны эхний өдрөөс дагаж мөрдөх Төрийн албаны тухай хуулийг шинэчилснээр төрийн алба сонгуулийн мөчлөг дагаж өөрчлөгддөг, улс төрөөс хараат байдлаар томилгоо хийгддэг явдал эцэс болно хэмээн найдаж буй.

Дээрх хуулиудаас гадна ирэх өдрүүдэд амжуулан Баяжуулсан хүнсний болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлах төлөвтэй байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталснаар нийслэлийг үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин байрших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын бодлогыг хуульчлах юм.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслүүдтэй хамт шинэчлэн батлахаар хэлэлцэж эхлээд байна. Харамсалтай нь, эдгээр багц хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн нэгдсэн хуралдааны ирц хангалтгүй байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийг “унагаж” орхисон. Засгийн газраас өргөн барьсан эл төслийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй үлдэв. Гишүүдийн ирц улам бүр муудаж буй нь парламентыг тараах тухай яриа тархах тодорхой сэжим болсон нь нууц биш.

Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн бүгд “давхар дээл”-тэй байгаа нь нөхцөл байдлыг дордуулж орхилоо. Бүр сүүлдээ хуралдаа суудаггүйгээрээ алдаршсан Б.Наранхүү гишүүнийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд “өгөв”. Үндсэн хуульд заасанчлан ард түмний элч, төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэхгүй, ажлаа хийхгүй байгаа нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болно хэмээн Цэцэд хандсан иргэдийн хүсэлтийг хугацаа сунган шалгаж буй юм билээ. Б.Наранхүү төдийгүй Д.Гантулга, Д.Мурат зэрэг гишүүн УИХ, түүний удирдлагын чихнээс хонх зүүж, энэ парламентын нэр хүнд унахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа нь ч бас үнэн.

Түүнчлэн Төвбанк (Монголбанк) болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлав. Монголбанкны удирдлага лав эдгээр хуульд жигтэйхэн ам сайтай байгаа. Харин сөрөг хүчний зүгээс тааруухан хууль болсон хэмээн хэдийнэ мэдэгдчихсэн. Юутай ч эдгээр хуулийг баталснаар банк санхүүгийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх чиглэл өгсөн ОУВС тэргүүтэй байгууллагуудын үүрэг, зөвлөмжийг биелүүлсэн гэж үзэж байгаа. Харин гадаадын банк ажиллуулах эрх зүйн орчин бүрдүүлэх зорилготой гэдгээр нь илүүтэй танил болоод буй Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг энэ удаагийн чуулганаар хараахан батлахгүй бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)