“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж эхлэхээс урьтаж хаврын чуулганыг завсарлуулах гэж байна”

Парламент дахь АН-ынхан өчигдөр хуралдаж, УИХ-ын, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Засгийн газрын болон Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар мэдээлэл хийсэн юм. Гишүүн Д.Эрдэнэбат “УИХ-ын тухай хуулийн төсөлд гишүүн хариуцлага алдсан тохиолдолд тойргийнх нь иргэд, сонгогчид эгүүлэн татдаг байх зарчмын зөрүүтэй санал тусгахыг АН хүссэн ч дэмжсэнгүй. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн үе шатыг одоогийнхоос өөрчилж, мэтгэлцээний хэлбэрээр явуулах нь зүйтэй гэж бид үзсэн. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж, мөрдөх өдрөөс Засгийн газрын сайд нар “давхар дээл”- ээ тайлах ёстой. Энэ нь огцор гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлснээр дөрвөн сайд нь л “давхар дээл”-тэй үлдэх боломжтой. Зарим гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуультай адилтгаж тайлбарласан. Үндсэн хуультай ижил, эсвэл давуу эрхтэй хууль одоогоор Монголд байхгүй. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ сарын 25-наас өмнө бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөх шаардлагатайг эрх баригчид анхаарах хэрэгтэй. Өөрчлөхгүй бол Засгийн газар чадамжгүй болно. Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мөрдөх хугацааг нь заагаагүй. Эрх баригчид анхнаасаа алдаа гаргасан. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Засгийн газрын бүрэн эрх хэрэгжих хугацааг зааж өгсөн бол ямар ч асуудал үүсэхгүй байсан шүү дээ” гэв.

Гишүүн О.Баасанхүү “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж эхлэхээс урьтаж хаврын чуулганыг завсарлуулах гэж байна. Энэ нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг солих эрх бүхий субъектгүй болгон, хуулийн үйлчлэлээс зугтааж буй хэрэг. Хууль тогтоох байгууллага нь хуулиас ингэж зугтаах нь гутамшиг. Мөн Шүүхийн тухай хуулийг зайлшгүй хөндөх ёстой. Шүүх хараат бус байхын тулд шүүгч нь шударга ажиллах учиртай. Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо нь ч шударга байх хэрэгтэй гэсэн үг. Гэтэл МАН-ынхан мөнхөд төр барих ёстой гэж үзээд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хараат бус таван гишүүний томилгоонд ч оролцох гэж байна. Ийм замаар тэд гэмт хэргээ нуун далдална. Бид өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг нэгбүрчлэн дүгнэж, баримттай ярина” хэмээсэн.

Түүнчлэн тэд цаг үеийн зарим асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, гишүүн Д.Эрдэнэбат хаврын тариалалт хоцорч, үрийн будаа тасрах эрсдэлтэй байгааг анхааруулав. Тэрбээр “Засгийн газар тариаланч болон ногоочдыг санхүүгийн эх үүсвэрээр дэмжихээ нэг сарын өмнө мэдэгдсэн ч хэрэгжсэн зүйл алга. Гэтэл урьдчилсан тооцоогоор үрийн будаа 10 мянган тонноор дутах эрсдэл үүсчихээд байна. Иймээс намар хүнсний хомсдол үүсэж болзошгүй. Үүнээс гадна нүүрсний экспортын орлого нэмэгдсэнгүй. Улсын төсвийн нэгдүгээр улирлын санхүүгийн тайланг харахад, зарлага, санхүүжилт нь нэг их наяд төгрөгөөр тасраад байна. Мөн ноолуурын гэх тодотголтой 300 тэрбум, кг тутамд нь олгох 20 мянга, тариаланчдын 150 тэрбум төгрөгийн санхүүжилт өнөө хэр алга. Хоосон амлалт болгоны ард иргэдийн амьдрал хүндэрч байна” гэв.

Энэ үеэр тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Өргөдлийн байнгын хороог татан буулгахаар тусгасантай холбоотойгоор О.Баасанхүү гишүүнээс байр суурийг нь тодруулахад “Өргөдлийн байнгын хороог байгуулснаар иргэд төр, засгийн бүх хэрэгт шууд оролцох Үндсэн хуулийн эрхээ эдэлж байгаа. ЖДҮХС-гийн зээлийг Ардын намынхан авсантай холбоотой олон өргөдөл тус байнгын хороонд ирсэн учраас эрх баригчид татан буулгах гээд байгаа юм” хэмээлээ. Тэрбээр Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)