Үндсэн хуулийг өөрчлөх төслийн ирээдүй бүрхэг байна

“УИХ-д 64 суудалтай, юунд ч үл торох хүчтэй атлаа ганц Ерөнхийлөгчид л мад тавиулчихаад байгаа шүү” гэх яриа парламентын үнэмлэхүй олонхын дунд гарсан байна билээ. Үнэхээр ч Ерөнхийлөгч тэднийг чадчихлаа. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд тун ч их хүч хаяж буй. Хэчнээн ч удаагийн хэлэлцүүлэг, санал асуулга явуулав. Хэдэн ч ажлын хэсэг байгуулж, хурал, семинар хийв. “Эцэг хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажил гурван жил шахам үргэлжлээд, сая нэг төслөө бэлэн боллоо хэмээн үзэж, УИХ-д өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барихын өмнө тодорхой институцүүдэд хүргүүлэн, саналыг нь авах журамтай. Үүний дагуу төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн Төрийн тэргүүнд төслөө хүргүүлсэн ч саналаа өгөөгүй, ямар нэг хариу хэлээгүй гэдэг.

ЕРӨНХИЙЛӨГЧ ПАРЛАМЕНТЫГ ЧАДЧИХЛАА

Ерөнхийлөгчөөс хариу хүлээж ядсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг түүний саналгүйгээр өнгөрсөн хаврын чуулганд өргөн барьсан. УИХ-ын нэр бүхий 62 гишүүн гарын үсэг зурж, дэмжсэн уг төслийг хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлаж, эхний хэлэлцүүлгийг нь аль хэдийн хийсэн парламент дахь олонх хоёр, гурав дахь хэлэлцүүлгийг энэ сарын 24 гэхэд дуусгахаар төлөвлөөд байв. Тэр дагуу бол Үндсэн хуульд оруулах нэ мэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор, маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хийснээр Үндсэн хууль өөрчлөх ажил парламентын түвшинд шувтрах тийшээ хандах байлаа.

Гэтэл өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа тасалдчихсан, Төрийн ордонд Ерөнхийлөгчийн ирүүлсэн төсөл, саналыг хэлэлцээд сууж байна. Төсөлтэй танилцаад, саналаа өгөөч гэхэд таг байсан Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламентаар хэлэлцэх ажил яг сайхан жигдрээд ирэнгүүт, хоёрдугаар хэлэлцүүлгийн босгон дээр гэнэт байр суурь, санал, төсөл болоод явчихсан нь ийм байдалд хүргэв. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, иргэдийн саналыг авах ажлаа аль хэдийн хийчихсэн парламент Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан дахиад л хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах боллоо. Товчхондоо Ерөнхийлөгч парламентыг, тэр дундаа олонхыг чадчихлаа.

УИХ ДАХЬ АН-ЫН ЗӨВЛӨЛ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ “БАРЬЦАНА”

Үндсэн хууль бол ард түмний зөвшилцөл, ойлголцлын баримт бичиг гэдэг. Тийм ч учраас эрх баригчид парламентад хүч түрэн батлах тооны суудалтай хэдий ч нийт иргэдээс сон гогдсон Төрийн тэргүүний саналыг харгалзан үзэж, зөвшилцөн, ойлголцох ажлыг эхлүүлээд байна. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Л.Болд нар ажиллаж буй.

Үндэсний зөвшилцөл гэсэн сүржин тодотгол зүүгээд буй ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан. Зөвшилцөх ажлын хүрээнд энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Өчигдөр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бол өнөөдөр парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцана. Маргааш шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, пүрэв гарагт нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой заалтуудыг, баасан гарагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зохицуулалтуудыг улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийг оролцуулан хэлэлцэхээр төлөвлөөд буй.

...Төсөлтэй танилцаад, саналаа өгөөч гэхэд таг байсан Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламентаар хэлэлцэх ажил яг сайхан жигдрээд ирэнгүүт, хоёрдугаар хэлэлцүүлгийн босгон дээр гэнэт байр суурь, санал, төсөл болоод явчихсан нь ийм байдалд хүргэв...

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ирэх сарын 9 хүртэл хойшлуулсан учраас ээлжит бус чуулганы байнгын хороодын болон нэгдсэн хуралдаан түр завсарлаад буй. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо дахин ажиллаж, нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Ерөнхийлөгчийн төсөл, саналыг олон нийтэд танилцуулан, саналыг нь авах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Уг нь тэд энэ сарын эхээр нэгдүгээр хэлэлцүүлэгтэй холбоотой иргэдийн саналыг авчихсан байв. Энэ ажлаа давтан хийнэ, ингэхдээ Ерөнхийлөгчийн санал, төслийг танилцуулна.

Ерөнхийлөгч ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг “самрах”-тай зэрэгцээд УИХ дахь АН-ын зөвлөл ч бас амь ороод буй. “Эцэг хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ажлаа бидэнгүйгээр хий” хэмээн гэдийж, УИХ-ын хуралдаанд оролцохгүй байсан тэд одоо Ерөнхийлөгчтэй “барьцан” санал хүргүүлнэ гэдгээ илэрхийлсэн. УИХ-д суудалтай, төрийн эрхийг ээлжлэн барьдаг том улс төрийн хүчний саналыг тоохгүй орхивол “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр ургашлах ёстой” гэсэн зарчим талаар болох тул тэдний саналыг ч Ерөнхийлөгчийнхтэй адилтган, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлага ургаж мэдэх юм.

Дараа нь өргөн барьсан төслүүдийг нэгтгэх хамгийн ярвигтай даваа хүлээж буй. Үндэсний зөвшилцлийн ажлын хэсгийн тар, чанар энд л жинхэнэ танигдах бий вий. Зөвшилцөлд хүрч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл батлагдтал хаа ч байсан юм. Хоёрдугаар хэлэлцүүлэг нь эхлээд “жирийлгэж” явсан төслийн ирээдүй бүрхэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)