Үндсэн хуулийг “хольсны” долоон жилийн ойг тэмдэглэлээ...

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 15 жилийн ойг бид тэмдэглэлээ. Энэхүү хуулийг баталсан Ардын их хурлын 300 гаруй депутат өнгорсон баасан гарагт их танхимдаа цуглаж, өлгийдөн авсан хуулийнхаа биелэлтэд дүгнэлт өгөв. Хууль батлах үеийн бүх түүхэн баримт, материалыг DVD болгон цэгцэлжээ. Энэ бүх ёслол өндөрлөсний орой буюу нэгдүгээр сарын 12-ны баасан гарагт “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж Монгол Улсын Гавьяат хуульч Б.Чимид, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат хоёртой Үндсэн хууль тойрсон сэдвээр халуун яриа өрнүүлснийг “25 дугаар суваг” телевизээр шууд нэвтрүүлсэн билээ. Шинэ Үндсэн хуулийг батлалцсан сэтгүүлчийн хувьд Ц.Балдорж эл теле ярилцлагыг нэн сонирхолтой болгох асуултыг сонгож байсан юм. Теле ярилцлагаас С.Туултовчлон, сонинд хэвлүүлсэн эхийг дор нийтлэв.

Ц.Балдорж: -Үндсэн хууль батлагдсаны 15 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хуулийн үүрэг, үнэ цэн юү юм бэ?

Б.Чимид: -Өнөөдөр бид Үндсэн хууль баталсан баримт бичгийн бус, үүнийг тодорхойлсон үзэл баримтлалыг хэрэгжүүлсний 15 жилийн ойг тэмдэглэж байна. Үүгээр эдийн засаг, нийгэм, улс төр, оюуны зүгээс Монгол Улс юу олж, юу алдав гэдгийг цэгнэнэ. Энэ хуулийн ач холбогдол, үүрэг гэж 4-5 зүйлийг тоочдог. Юуны өмнө улс төрийн харилцааны үндсийг бэхжүүлдэг. Парламентын засаглал, олон намын тогтолцоотой байж хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэх зэргээр улс төрийн хамааралтай үүрэг юм.

Мөн хувийн болон нийтийн өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрснөөр бид гаднаа малтай, гадуураа дээлтэй, зарим нь орд харштай амьдарч байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль хүн бүрт чөлөөтэй амьдрах материаллаг үндсийг бий болгох боломж олгосон. Үндэс угсаа, ажил хөдөлмөр, эрдэм боловсролоор нь ялгахгүйгээр иргэн бүр тэгш эрхтэй байх үзэл баримтлал энэ хуулийн нийгмийн үүрэг. Дөрөвдүгээрт, нийгмийн амьдралыг оюуны хувьд чөлөөлсөн. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, аль нэг улс төрийн хүчнийг дэмжих оюуны эрх чөлөөтэй болов. Иргэний хүмүүжил, эх оронч үзлийг ч Үндсэн хууль бэхжүүлэх учиртай. Монголын ард түмний нийтлэг, туйлын зорилтыг тодорхойлж өгснөөрөө Үндсэн хуулийн ач холбогдол асар их.

Ц.Балдорж: -Та Үндсэн хуулийн агуулга, үүргийг улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд ойлгогдохоор тайлбарлалаа. Очирбат Ерөнхийлөгч өө, Та Монгол Улсыг шинэчлэлийн замд оруулах эгзэгтэй үед энэ албыг хашиж, Үндсэн хууль батлах ажлын комиссын даргаар ажиллаж байсны хувьд энэ 15 жилд Үндсэн хууль хэр хэрэгжсэнийг хэлээч?

-1990 оныхоос өмнөх үетэй харьцуулбал асар их дэвшил харагдана. Харин Үндсэн хуулийн чадамж, боломжтой харьцуулбал тулсан үр дүнд хүрээгүй. Уг хуулийг баталсны дараах найман жилд хэрэгжилт их эрчимтэй явсан гэж боддог. 2000 онд зарим нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш хэрэгжих эрч саарсан. Зарим тохиолдолд хүрсэн дэвшлээсээ ч ухарсан. Уг нь энэ өсөлт ард түмэнд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх, өөрийгөө хөгжүүлэх идэвх өгсөн.

Боловсролын салбарт л гэхэд тухайн үед 7-8 их сургуульд 15 мянга гаруй хүүхэд сурдаг байлаа. Харин одоо 200 орчим их, дээд сургууль, коллежид 100 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Чанарын хувьд ярих юм бий ч боломжийг нь нээж өгсөн. Үндсэн хуулийн гол үзэл баримтлалын дундуур нэмэлт оруулж сааруулаагүй бол илүү ч хөгжих байсан.

Ц.Балдорж: -Үндсэн хуулийн хэрэгжилтэд дүн тавь гэвэл Та...

-Эхний найман жилд онц, 2000 оноос хойших үед одоогийн системээр -С тавина.

ҮНДСЭН ХУУЛИЙГ ДОРДУУЛСАН ДОЛООН ЗААЛТ...

Ц.Балдорж: -Очирбат гуай Үндсэн хуулийн цэцийн гишүүн учраас энэ асуудлыг хамаагүй ярихгүй байх гэж бодлоо. Үндсэн хуульд 2000 онд оруулсан өөрчлөлтөд ард түмэн ч, улс төр судлаачид ч дурамжхан байдаг. Үндсэн хуульд яагаад ийм өөрчлөлт хийхэд хүрэв, энэ нь төрийн удирдах ёсонд хэрхэн нөлөөлсөн юм бэ, Чимид гуай?

-20 тоннын даацтай машины 10 тонныг нь ашиглахгүй бол алдагдал гарна. Үндсэн хуулийг хэрэгжүүлнэ гэдэг чинь үүнийг дагасан олон хуулийг маш нарийн боловсруулж, түүнийгээ УИХ-аас айл бүрт, Ерөнхийлөгч хүртэл бүх шатанд мөрдөж байж хүч чадлыг нь бүрэн ашиглана. Одоо байгаа 300 орчим хуульд Үндсэн хуулийнхаа заалтыг ягштал ойлгож, гүнзгийрүүлсэн танин мэдэхүй, арга зүйн үндэс бүхий нь маш ховор. Энэ нь Үндсэн хуулийн эрх зүйн ухамсартай холбоотой. Үүнээс шалтгаалан хуулиа ухаж мэдэхээс өмнө гуйвуулж тайлбарлаад, тэрэндээ орооцолдож, өөртөө тохируулан өөрчлөх гэсэн оролдлого нуухын аргагүй болсон.

Үндсэн хууль Монголын нийгэм ямар байхыг харуулах араг ясыг зангидсан хууль. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Үндсэн хуульт байгуулалтай. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй нэг ч хүн, нам Монголын улс төрд байх ёсгүй. Үндсэн хуулиар тоглоно гэдэг галаар тоглохтой адил. Үүнийг ойлгоогүйн гайгаар дээрх өөрчлөлтийг хийсэн. 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэхэд АИХ-ын депутатууд эрс эсэргүүцэж, нэн даруй зогсоо, ядаж, УИХ, Засгийн газар хоёроо салга гэж шаардсан. Тэр үед долоон зүйлд өөрчлөлт орсон юм.

Үүнийг би “дордуулсан долоон өөрчлөлт” гэж нэрлэсэн. Мөн УИХ бол хуучин АИХ шиг жилдээ нэг хуралддаг, малчин, ажилчнаас бүрдсэн байгууллага биш. Хуулийг дээдэлж, улсаа жолоодно гэсэн 76 хүнийг сонгож, цалин өгч ажиллуулж байна. Гэтэл тэд Үндсэн хуульд жилдээ 150, нэг удаа 75-аас доошгүй хоног чуулна гэснийг “Ажил хүнд байна. Толгой өвдлөө” гэсэн шалтгаар 30 хувийг нь хасчихсан. Тэгээд нэг удаа 50 хоног чуулдаг болгосон. Үүнийгээ ажлын зургаан өдрийг тав болгосонтой холбон тайлбарладаг. Энгийн иргэдийн ажлын өдөр 10 хувиар хасагдсан юм биз. Харин тэднийх 30 хувиар хасагдсан. Эндээс дарга хүний ажлын өдөр ажилчныхаас бага байх ёстой гэсэн буруу логик гарч байна.

Байнгын парламентын гол хэлбэр нь чуулган. Гадаадын бусад оронд ч парламент нь жилд 30-40 хоног завсарлаад, бусад үед нь байнгын бэлэн байдалд ажилладаг. Гэтэл манайд жилд 100 хоног ажиллаад л бусад үед нь УИХ-ын гишүүд хаана яваа нь мэдэгдэхгүй, сураг тасардаг. Гадаад явсан, тойрогтоо ажиллаж байна л гэдэг. Гэтэл тэд нь тойрогтоо очоод худаг гаргах мэтийн тухайн орон нутгийн Засаг даргын ажлыг хийж байдаг.

П.Очирбат: -Та сая намайг Үндсэн хуулийн цэцийн гишүүн учраас тодорхой юм хэлэхгүй байх гэлээ. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц дунд суудлынхаа хурлаар буруу гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Хуулиараа 15 хоногийн дотор УИХ хариу өгөх ёстой байтал хэдэн сар өнгөрсөн. Тиймээс арваннэгдүгээр сарын 30-нд дахин их суудлынхаа хурлаар хэлэлцээд эцсийн шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч ч хориг тавьсан. Тиймээс тэр нэмэлт хүчингүй. Ийм байхад 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд хүчингүй болгосон нэмэлтийг тэр чигээр нь УИХ-аар оруулаад баталсан. Өмнөх орой нь яаж хуйвалдсаныг мэдэхгүй, ямар ч байсан гарын үсэг цуглуулаад баталсан байдаг. Тиймээс УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн.

УИХ-ын гишүүн болоход Үндсэн хуулиа дагаж биелүүлнэ гэсэн тангараг өргөдөг. Харин гишүүн болмогц одоо Үндсэн хуулийг өөрчилье гэдэг. Тэд үүргээ биелүүлээгүй байж эрхээ эдлэх гэх юм. Мөн УИХ-ын гишүүн үндсэн үүргээсээ өөр албан тушаал хааж болохгүй гэсэн заалг байхад Засгийн газрын гишүүн болоод явж байна.

ӨӨРЧЛӨЛТИЙН ГАЙГ ОДОО БИД АМСАЖ БАЙНА

Ц.Балдорж: -Цэц тэр нэмэлтэд хориг тавьчихаад байхад одоо болтол яваад буйг яах вэ. Үүнээс гарах ямар гарц байна вэ?

Б.Чимид: -Үүнийг буруу, зөв гэж олон жил маргалаа. П.Жасрай нарын гурван гишүүн тухайн үед ард түмний захиалга гэсэн нэрээр төсөл оруулж ирсэн. Сонинд нэг нийтлэл гаргаад хэдэн эрдэмтнээр гарыг үсэг зуруулсан юм бнлээ. Энэ бол цагаан ордны захиалгаар хийсэн зүйл. Гэтэл үүнийгээ ард түмний захиалга байсан гэдэг. Тухайн үед зарим эрдэмтэн гарын үсэг зурахгүй гэсэн юм. Ингээд л хууль, эсвэл тогтоол нь ч мэдэгдэхгүй нэргүй юм гаргасан. Энэ үеэр Үндсэн хуульд байсан зарим өгүүлбэр алга болсон.

Бид Үндсэн хуулиа баталчихаад, одоо сурталчлаад хэрэгжүүлэх л үлдлээ гэж бодож байлаа. Гэтэл одоо бид Засгийн газрын сөрөг хүчин болчихоод байна. Тэр нэмэлтээр төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг үгүй хийж, 1960 оны хууль шиг болгосон. Засгийн газар, УИХ нь холилдсон. Засгийн газрын 18 сайдаас нэг нь л савны гадна байна шүү дээ. Тэд гэрт орж эм, гадаа гарч эр гэдэг шиг л хоёрдугаар давхарт ирж хуралдаад УИХ-ын, гуравдугаар давхарт гарч хуралдаад Засгийн газрын гишүүн болж байна. Эндээс л хямрал үүсэлтэй. Учир нь Засгийн газрын тэргүүн нь намын дарга. Парламентын бүлэг нь намынхаа талд орох учиртай тул намын дарга нь парламентыг захирах болчихсон. Үүнийгээ Герман, Англид ингэдэг гэж тайлбарладаг. Тэгвэл дуурайхад учир бий.

Английн нарламент хоёр танхим, 1800 гаруй, Герман 700 гаруй гишүүнтэй. Энд Засгийн газрын 10 гаруйхан хүн ямар ч хувь эзэлж чадахгүй. Гэтэл манайд 16 сайд нь ороод л хуучнаасаа гурван хүн нэмчихээд хууль баталчихаж байна. Өөрөөр хэлбэл, 20 хүн хууль баталдаг болчихсон ийм нөхцөлд нэг хүн таван хувийн санал эзэлнэ. Тэгэхээр бусад УИХ-ын гишүүний хэрэг ч алга. Үүнийг л шүүмжилж байна. Халдварын голомт гэдэг нь юу вэ гэж Та асуух байх. Энэ бол гөрийн эрх мэдлийг нэг хүн, нэг байгууллагын мэдэлд оруулахгүйн тулд гаргасан зарчим. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн лайг одоо бид амсаж байна.

II.Очирбат: -Өнөөдрийн АИХ-ын депутатуудын уулзалтаар энэ өөрчлөлт буруу байсныг хэлж, дүгнэж байна. Тэд Үндсэн хуулийн үзэл баримтлал эвдэрлээ, мөн чанараараа 1992 оны Үндсэн хууль биш боллоо гэж үзсэн.

Ц.Балдорж: -УИХ өөрөө энэ алдааг засах ёстой гэсэн гарцыг хэллээ. Гэвч миний бодлоор одоогийн 76 гишүүнд үүнийг өөрчлөх чадамж байхгүй.

Б.Чимид: -Өнөөдөр Д.Лүндээжанцан дарга бидний саналыг бичиж аваад, ажил болгоно гэсэн тул найдаж л байна. Хэрэв УИХ энэ алдааг засахгүй юм бол үүнийг хийсэн хүмүүсийг дараагийн сонгуулиар цохож ярих хэрэгтэй.

Ц.Балдорж: -УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг биелүүлнэ гэж тангараг өргөсөн. Харин биелүүлэхгүй бол тооцоо бодох эрх нь сонгогчдод бий. Ер нь Үндсэн хуулийн цэц үүнийг дийлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ?

П.Очирбат: -Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн гайгаар 2004 оны сонгуулийн дараа Засгийн газраа байгуулах гэж хэчнээн юм болов. Эцэстээ 1992 оны хууль ч, 2000 оны нэмэлт ч үгүй боллоо. Намуудын хоорондын зөвшилцлийн дагуу хоёр жилээр ээлжлэн Засгийн газраа барих болсон. Аль нь ч биелдэггүй хоёр Үндсэн хуультай. Гурав дахь нь намуудын туршлага болж байна. Үндсэн хууль хямралын түвшинд орлоо. Тиймээс одоогийн УИХ үүнийг хүчингүй болгоод, 1992 оны Үндсэн хуулийг 2008 оны сонгуулиас эхлэн мөрдөх учиртай.

Ц.Балдорж: -Үндсэн хуулиас үүдэлтэй ардчилсан Сонгуулийн тухай хууль мөнгөний хууль боллоо гэж ард түмэн ил тод ярьж байна. Ийм нөхцөлд үүнийг яаж өөрчлөх юм бэ?

П.Очирбат: -Сонгуулийг мөнгөөр хийдгээ болих хэрэгтэй. Мөн 1990 оны анхны ардчилсан сонгуулийн зарчмаар явуулах нь зөв. Авлигыг сонгууль эхлүүлсэн юм шүүдээ. Мөн төрийн байгууллагыг намаас ангижруулах ёстой. 1960 оны Үндсэн хуульд МАХН удирдан жолоодогч хүчин байна гэсэн заалт байсан. Үүнийг сэргээчихээд байна. Төрийн асуудлыг намын бүлэг эхэлж ярьдаг. Төрийн үйл ажиллагаа намчирхсан ажил боллоо.

Ц.Балдорж: -Орон нутгийн өөрөө удирдах ёс гэж бий. ИТХ-ыг дөрвөн жилийн хугацаатай сонгоно гэсэн заалт одоо юу болсон бэ?

Б.Чимид: -Одоо Үндсэн хуулийн 1Ү бүлэгт өөрчлөлт оруулахаар ярьж байна. Түрүүчийн өөрчлөлтийг долоон нам мэдэгдэл гаргаж хийсэн. 17 нам нь үүнийг мэдээгүй. Орон нутаг өөрийн асуудлаа өөрсдөө шийдэж, даргаа сонгоод, ИТХ-ын гишүүд нь төсвөө батлаад явах ёстой. Гэтэл Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг үгүй хийснээр тэд төсөвгүй болов. Сумын хэдэн дарга нь цалин, зарлагын төсөвтэй. Ингээд Үндсэн хууль холилдсон юм болсон. Тиймээс өнөөдөр Үндсэн хуулийг “хольсны” долоон жилийн ой болж байна.

П.Очирбат: -Орон нутгийн өөрөө захиран зарцуулах эрхийг нь үгүй болгочихсон. Нэмэлтийнхээ учрыг ч олоогүй байж IV бүлгийг өөрчилж болохгүй.

Ц.Балдорж: -Үндсэн хуулиа сахигтун, биелүүлэгтүн гэсэн заалтыг хэрэгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

Б.Чимид: -Манай улс Үндсэн хууль гаргаснаасаа хойш нэг ч удаа улсын хэмжээний хөтөлбөр гаргаж, сургалт явуулсангүй. Үндсэн хууль дахь алдаагаа засаад ард түмэндээ танилцуулъя. Хуулиа хүндэтгэх ёсыг сургая. Хамгийн гол нь үүнийг төрийн албан хаагчдаас эхлэх хэрэгтэй.

П.Очирбат: -Үндсэн хуулиа зөрчиж буй хүмүүс нь хууль тогтоогчид, төрийн албан хаагчид. Тиймээс тангарагтаа үнэнч байя. Үндсэн хуулиа дээдэл, мэдтүгэй, сахьтугай гэсэн заалтаа хэрэгжүүлье.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ()