Үндсэн хуулиа мөрдвөл уул уурхайн компаниудаа олон нийтийнх болгох ёстой

Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн арваннэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсныг уншигч Та санаж буй байх. 20 гаруй жил ярьж, гурван парламент дамжин хэлэлцэж байж Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ирэх тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөх учиртай. Өнгөрсөн жилийн байдлаар ашигт малтмалын салбар Монгол Улсын ДНБ-ий 25, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72, экспортын 90 хувийг бүрдүүлсэн статистик бий. Эдийн засагт ийнхүү томоохон жин дарж буй уул уурхайн салбарт хамаатайгаар Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн”, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэх заалт оруулсан. Ашигт малтмалын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно хэмээн томьёолсны дараа Монголын уул уурхайд ямар өөрчлөлт гарч, эдийн засаг хэрхэх бол? “Төрийн нийтийн өмч” хэмээх содон томьёоллын ард бүх ордыг төрд авах гэж байна гэх хардлагын зэрэгцээ өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт шаарддаг уул уурхайн салбарт хайгуулын бүх эрсдэлийг төр үүрч, татвар төлөгчдийн мөнгийг ийш чиглүүлснээр эдийн засгаа сүйтгэх нь гэх болгоомжлол ч байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байх явцад “Салхитын мөнгөний ордыг төрд авлаа”, “Эрдэнэт үйлдвэр”-т онц байдал тогтоолоо” зэрэг мэдээ тарж энэ болгоомжлол бодитой мэт харагдаж байв. 2020 оны сонгуулийн халуун сэдэв болох магадлалтай, магадгүй 2030 он хүртэл манай улсын өнгө төрхийг тодорхойлж ч мэдэх энэ асуудал дээр Та бид хэр анхаарч байна вэ?

АН-ын даргын зөвлөх З.Энхболд “Коронавирус, хөл хорио гэж байх хойгуур “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байна. 2017 онд УИХ-ын тогтоол гарч байхад Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг таван тэрбум ам.доллароор зарна гэсэн тайлбар хийж байсан. Сүүлд авсан мэдээллээр нэг тэрбум болчихсон байна” гэж мэдэгдсэнээр уул уурхай тойрсон сонгуулийн халуурлыг эхлүүлж, уугиж байсан асуудлыг цогшуулсан гэхэд болно. Өмнө нь Цагаан суваргын ордыг МАК-д эзэмшүүлж байсан шиг ганц нэг компанид том ордыг хувьчилж өгч байсантай адил үйл явц үнэхээр өрнөх гэж байна гэж үү. Үндсэн хуулийн 6.2-т шинэ заалт оруулсны дараа ингэх боломжтой гэж үү хэмээн авч үзвэл үнэндээ өмч хувьчлал (privatization) болон компанийн хувьцааг анх удаа олон нийтэд арилжих (IPO) нь яг эсрэг үйл явц юм байна. Өмч хувьчлалаар хөрөнгийг хоёр, гуравхан компани хэлэлцэж байгаад аль нэг нь авдаг бол IPO хийхэд хөрөнгийн биржээр дамжаад олон нийтийнх болдог. Нэг нь тухайн орд аль нэг компанийнх болох бол, өнөөх нь нийтийн эзэмшил болно гэдэг нь угтаа шал өөр ойлголт. Энэ өнцгөөс харвал Үндсэн хууль дахь “төрийн нийтийн өмч”-ийн тухай заалт нь хувьчлалтай бус, IPO буюу уул уурхайн компанийн хувьцааг “олон нийтэд анх удаа санал болгох” процесстой илүү уялдаж байна.

КОРОНАВИРУСИЙН ДАЙРАЛТАД ӨРТӨЖ БУЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БА МОНГОЛ УЛС

НҮБ, Олон улсын валютын сан зэрэг байгууллага дэлхийн эдийн засаг хямралд орж байна хэмээн дуу нэгтэй мэдэгдэж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны судалгаагаар халдварын тархалт хэр удаан үргэлжлэхээс хамаарч дэлхийн эдийн засагт 2-4.1 их наяд ам.долларын алдагдал учирна гэж таамагласан тухай “Bloomberg” өнгөрсөн баасан гарагт уламжлав. Энэ нь дэлхийн ДНБ-ий бараг таван хувьтай тэнцэх дүн. ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристина Георгиева өнгөрөгч баасан гарагт “2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас ч илүү хүндрэл учирч болзошгүй” хэмээн анхааруулсан. Дэлхийн банк группийн ерөнхийлөгч Дэвид Малпасс “Ковид-19” нь дэлхий нийтийг хамарсан хямрал болохоор байна. Ялангуяа буурай хөгжилтэй, эмзэг эдийн засагтай орнуудад хамгийн хүндээр тусахаар байна” гэж тэмдэглэснийг “Reuters” онцолжээ.

Энэ хүнд нөхцөлд бүх улс оронд мөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа гэхэд хилсдэхгүй. Одоогоор лав 80 гаруй улс ОУВС-гаас яаралтай санхүүжилт авах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм билээ. Тус сан гишүүн орнууддаа нэг их наяд ам.долларын санхүүжилт олгох боломжтой хэмээн өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн бөгөөд буурай орнуудыг дэмжихэд онцгойлон анхаарах нь. Этиоп, Кени зэрэг орны удирдлагатай удахгүй ярилцахаа ч мэдэгдчихлээ. Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа өнгөрсөн баасан гарагт танилцуулсан. Энэ үеэр 2020 онд Монголд санхүүжилтийн дутагдал үүсэж болзошгүй, зээлийн тасалдлаас сэргийлэх шаардлагатайг анхааруулсан юм. Тодруулбал, валютын урсгал, дотоодын хөрөнгө оруулалт, хэрэглээ огцом агшиж, гадаад, дотоод санхүүжилт, мөнгөний нийлүүлэлтийн их хэмжээний дутагдал үүсэх, түүнийг санхүүжүүлж чадахгүйд хүрвэл хувийн хэвшил, хөдөлмөрийн зах зээл ихээхэн агшихаар байгааг сануулсан. Тэдний таамаглаж буйгаар энэ онд гадаад худалдааны эргэлт 12.6 хувиар агших (1.7 тэрбум ам.долларын шок), экспорт 13 гаруй хувиар буурахад дөрөвний гуравт нь нүүрсний нийлүүлэлт нөлөөлөх нь. Бас зэс, нүүрс, төмрийн хүдэр, цайрын ханш дунджаар 7.9-42.1 хувиар хямдарна гэж таамаглажээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний хоёр сард нүүрсний олборлолт 325.7, газрын тосных 84.5, металлын хүдэр олборлолт 28.9 тэрбум төгрөгөөр буурсан дүн бий. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт энэ хугацаанд 825.7 тэрбум төгрөгөөр буурсан гээд уруудаж буй үзүүлэлт олон.

Үүнээс гадна МҮХАҮТ-ын судалгаагаар 20 000 аж ахуйн нэгж дампуурч, 260 000 ажлын байр устаж болзошгүй гэсэн таагүй таамаг гарсан нь хямралын үеийн менежментэд төдийлөн анхаарч ирээгүй манай улсад том эрсдэл. Азийн хөгжлийн банкныхны судалгаагаар сүүлийн дөрвөн удаагийн УИХ-ын сонгуулийн мөчлөгийг харвал төсвийн зардал сонгуультай жилд дунджаар 29 хувиар өссөн ч дараа жил нь 1.7 хувиар буурсан зүй тогтол ажиглагджээ. Нэг талд экспортын орлого хумигдаж, нөгөө талд зардал өсөж буй энэ цагт ам.доллар “ховрын бараа” болж мэдэх нь. Одоогоор төгрөгтэй харьцах “ногоон”-ы ханш нэг жилийн өмнөхөөс зургаа гаруй хувиар өсөөд байна.

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР БИДНИЙГ ДАХИН НЭГ УДАА АВРАХ УУ

1990-ээд онд Ерөнхийлөгч П.Очирбат “Алт” хөтөлбөрийг эхлүүлж, хүнд үеийг давахад шаардлагатай валютын нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч байсан. Түүнтэй адил коронавирусийн тархалтын дараах хүндрэлийг даван гарахад уул уурхай түшиг болох уу? Магадлал маш өндөр байна. Учир нь Африк тив, Азийн буурай хөгжилтэй орнууд гээд тусламж шаардлагатай орон олон байхад ОУВС зэрэг байгууллага манайд томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх боломж муутай, ОУВС-г дагаж манайд хөрөнгө оруулдаг улсууд ч “Ковид-19”-ийн дараах дотоод асуудалдаа илүүтэйгээр анхаарах шаардлагатай болно.

Монголчууд валют олохдоо уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж, эсвэл тусламж, дэмжлэг, зээл авдаг. Бонд гаргаж, арилжааны банкнаас зээл авах нь өндөр зардалтай. Цар тахал тархаж, эдийн засаг хүндэрснээс хойш зээлийн хүү 15-16 хувь болж өссөн. Үүнээс бага хүүтэй зээл олдохгүй болчихоод буй. Валютын нөөцөө нэмэгдүүлэх өөр нэг зам нь гадаад улсаас дэмжлэг авах. Гэтэл улс хоорондын зээлийг өгөх улс урд хөршөөс өөр олдохгүй байх магадлалтай. 2011 оноос эхлэлтэй БНХАУ-ын Ардын банк болон Монголбанк хоорондын төгрөг-юанийн своп хэлцлийн хугацааг ирэх долдугаар сард сунгахаар хэлэлцээ хийж буй. Өмнө нь авсныгаа төлөлгүй, хугацааг нь сунгах гэж буй манайд дахин гар сунгана гэж найдахад бэрх.

Монголчууд уул уурхайнхаа ачаар дахин хэрхэн аврагдах вэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын үр өгөөжийн “өрмийг” нь ард түмэнд ногдуулна гэдэг Үндсэн хуулийн заалтыг эзэмшигч компанийг нь нийтийнх болгох буюу хувьцааг нь гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжина гэж ойлговол коронавирус тархаж буй үеийн болон намжсаны дараах хямралыг давах эдийн засгийн арга хэмжээнүүд уул уурхайн салбарт IPO хэлбэрээр явах нь байна. Цар тахлын хүндрэлийг давах цогц арга хэмжээний талаар эдийн засагч Б.Дөлгөөн “Доллар татах дөрвөн урсгал байдаг. Эдгээр нь экспорт, алт, зээл тусламж, хөрөнгө оруулалт юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх нь одоо хэцүү. Тиймээс IPO хийх нь байж болох хувилбар гэж харж байна. Ялангуяа биржээр дамжуулан нэг хөрөнгө оруулагчаас биш, маш олон “жижиг” хөрөнгө оруулагчаас (retail investor) хөрөнгө татах нь зүйтэй байх” гэв.

Монгол Улсын төр, засгийн хувьд Оюутолгойн Монгол Улсын эзэмшлийн 34 хувь, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компани эхний ээлжид IPO хийх боломжтой капитал нь болов уу. Эдгээр компани бэлтгэл хангах 1-2 жилийн хугацааг тооцож үзвэл 2021 оны эцэс, 2022 онд Монголын уул уурхайн томоохон IPO-нуудыг олон улсын болон дотоодын хөрөнгийн биржид хийж болох байх. Харин Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг”- ийн хувьцааг арилжих бэлтгэл 2019 оны дундаас эхэлсэн тул уг IPO-г энэ жил хийх эхний IPO байх болов уу гэсэн хүлээлттэй байтал “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Энэ Засгийн газрын үед Тавантолгойн IPO хийхгүй” гэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгийг ойр эх сурвалжууд нь дамжуулсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийг үүсгэн байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой майнинг” IPO хийх бэлтгэл хангах судалгаа хийж, гадаадын компаниудаас зөвлөгөө, үйлчилгээ авахад хөрөнгө зарцуулсан байж таарна. Тэгэхээр энэ хичээл зүтгэл, хөрөнгийг салхинд хийсгэлгүйгээр цаашид хийх алхмуудын талаар Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны байр сууриа илэрхийлэх биз ээ.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор үнэ цэнтэй, ирээдүйд өндөр ашиг өгөх уул уурхайн төслүүдийг дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааг нь арилжих асуудал босож ирнэ. Хэдэн зуун саяас хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө босгох төслүүдэд монголчууд өөрсдөө оролцож, хувьцааг нь авах боломж бий юү. Үүнийг үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлбэл нэжгээд их наяд төгрөг болно. Ийм их мөнгө Монголд бий юү гэсэн асуулт бас гарч ирнэ.

Банкууд дахь хадгаламжид 10, 20 их наяд төгрөг байгаа гэдэг. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн хоёрдугаар сарын эцэст төгрөгийн хадгаламж 10.9 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 9.4 их наяд нь иргэдийн, 1.5 нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж. Хадгаламж эзэмшигчдийн 90 орчим хувь буюу олонх нь 1-2 сая орчим төгрөг хадгалуулсан гэж дуулддаг. “Ковид-19” цар тахал намжихгүй дахиад хоёр, гурван сар үргэлжилбэл цөөнгүй хүн хадгаламжгүй болчихож ч мэднэ. Нэгэнт иргэдэд тийм их мөнгө байхгүй тохиолдолд дотоодын хөрөнгийн захад IPO хийвэл цөөн хэдхэн чинээлэг хүн хувьцааг нь авах магадлалтай. Монголын компанийн хувьцааг худалдаж аваад, ногдол ашиг өгөхийг нь хүлээгээд сууж байх нь цөөн болов уу. “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill re¬sources” компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн биржид өнгөрсөн гуравдугаар сард 0.52 канад доллартой дүйсэн нь сүүлийн 10 жилийнх нь доод түвшин болсон. Өнгөрөгч баасан гаргийн байдлаар дээрх тоо 0.55 канад долларт хүрсэн нь доод түвшнээсээ төдийлөн өсөөгүй үзүүлэлт. Хөрөнгийн зах зээл энэ мэтээр савладаг талаарх хангалттай мэдээлэлгүй хүмүүс хувьцаа авбал бараг л улс иргэдээ санаатайгаар эрсдэлд оруулснаас ялгаа юун. Манай аж ахуйн нэгжүүдийн тухайд өөрийн бизнесийг “цэцэглүүлэхийг” урьтал болгож буй болохоос өөр компанийн хувьцааг авч, хөрөнгө оруулаад хөгжүүлье гэсэн ч “бяр” нь дутна.

Үндсэн хуульд дээр дурдсанчлан өөрчлөлт оруулснаар уул уурхайн компаниудыг олон нийтийнх болгох гээд байна уу, аль эсвэл төрд авах гээд байгаа юм уу гэсэн эргэлзээ төрж байтал эрдэс баялгийн үнэ огцом хямдарчихлаа. Коронавирус тархсанаас шалтгаалж дэлхийн зах зээлд газрын тосны эрэлт өдөрт 30 орчим хувиар багасаж, зэсийн үнэ энэ оны эхнийхээс даруй 1200 гаруй ам.доллароор хямдарч, алтны ханш савлаж байна. Уул уурхайн салбарт ямар өөрчлөлт гарахыг ухаж ойлгох гэж будилж суухад дэлхийн эдийн засагт коронавирус цохилт өгчихлөө. Манай улсад ч сүүдрээ хэдийн тусгаад эхэлсэн. Тэгэхээр монголчууд одоо яах вэ? Дэлхийн хөрөнгийн зах зээл сэргэх үеийг амдаж байгаад уул уурхайн компаниудиа олон нийтийнх болгох ажлыг эхлүүлбэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцсэн, эдийн засгаа ч дэмжсэн, олон улсын зах зээлээс хүүгүй мөнгө ч татчих давхар давхар боломж биш гэж үү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)