Үл үзэгдэх дарамт

Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол”-ын дуу чимээнээс тусгаарлах хана

Үйлдвэржилт, хотжилт, хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй олон “өвчин” Улаанбаатар хотод бий. Үүний нэг нь чимээ шуугиан. Шинэ зууны өвчин гэгддэг эл тахлын уршгаар жилд 1.5 тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй болж, нэг сая иргэн хоол боловсруулах эрхтэн болон зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж буй гэсэн сэрдхийлгэм судалгааг ДЭМБ-аас өнгөрсөн онд танилцуулсан.

Бид өмнө нь энэ талаар “Чимээгүй ирсэн чимээтэй тахал” нийтлэлээрээ хөндөж байсан билээ. Харин энэ удаа улаанбаатарчуудыг хамгийн ихээр бухимдуулдаг, чимээ шуугианы эх үүсвэрүүдийг онцоллоо. Орчны буюу чимээ шуугианы бохирдолд тээврийн хэрэгсэл, авто болон төмөр зам, цахилгаан станц, үйлдвэр, баар цэнгээний газар, цахилгаан хэрэгсэл, томоохон зах, худалдааны төвүүд үлэмж хувь нэмэр оруулдаг.

Эдгээрээс нийслэлчүүдийг хамгийн их зовоож буй нь төмөр зам, тээврийн хэрэгсэл, баар, цэнгээний газрууд аж. Тодруулбал, эдгээрээс ялгардаг дуу чимээ давтамж, үргэлжлэх хугацаа, хүч зэргээсээ хамаараад хүний эрүүл мэндэд ихээхэн хор нөлөө учруулдаг байна.

ЭРСДЭЛТЭЙ, АЮУЛТАЙ ЗАМ

“Өглөөд эрт босох гэж сэрүүлэг тавих шаардлагагүй. Шөнө үе үе сэрээгээд нойрноос минь хумслаад байдаг юм” хэмээн төмөр зам дагуух орон сууцанд амьдардаг иргэдийн төлөөлөл Л.Түмэндэмбэрэл хошигнолоо. Тэрбээр Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол”-ын 34 дүгээр байранд оршин суудаг. Зам төмөр галт тэрэгний дугуй үрэх чимээг хагас жил орчим сонсож буй гэнэ. Уг нь энэ бол дуу чимээнээс хамгаалах “бамбай”-тай ганц хороолол.

Төмөр замын чимээ шуугианыг тусгаарлах зорилгоор босгосон хана зөвхөн энд л бий. Гэвч энэ нь төдийлөн нэмэр болдоггүйг иргэд ярилаа. Л.Түмэндэмбэрэл “Яах вэ, ийм хана босгосноор шуугиан тодорхой хэмжээгээр багассан байх. Гэхдээ нүргэлэх чимээ байнга сонсогддог. Даралт өндөртэй, настай хүмүүст их хэцүү, тээртэй. Одоо ч дасаж дээ” гэсэн юм.

Харин IX байрны оршин суугч Ц.Цэндбум “Ер нь манай хороолол чимээ ихтэй. Зөвхөн галт тэрэг гэлтгүй орон сууцны хороолол дундах шуугиан аймшигтай. Ялангуяа зуны улиралд хэцүү шүү. Би ой зургаан сартай хүүхэдтэй. Салхилуулах гэж гарч ирээд удалгүй буцаад гэртээ ордог. Төмөр замын байгууллага болон хотын захиргаанаас энэ асуудлыг шийдэж, арга хэмжээ авмаар юм. Ядаж зам төмрөө залгаасгүй болгож, машинистууд дуут дохиогоо намсгах хэрэгтэй” гэлээ.

2007 онд баталсан Агаарын чанарын техникийн ерөнхий шаардлага MNS 4585 стандартад Улаанбаатар хотын чимээ шуугианы хүлцэх хэмжээг 07.00-23.00 цагийн хооронд 60, 23.00-07.00 цагт 40 децибелээс хэтрэхгүй байх ёстой гэж заажээ. Гэтэл төмөр зам дагуух газарт 80-100 децибел хүрдэг байна. Хүлцэх хэмжээнээс 40-60 децибелээр илүү шуугиантай байна гэсэн үг.

Хамгийн аймшигтай нь хүрээлэн буй орчны дуу чимээ 85 децибелээс хэтэрсэн тохиолдолд хүний бие өвчний “уурхай” болдог аж. Тухайлбал, тодорхой давтамжтай, хэт их шуугиантай газарт удаан байсан хүний сонсголын эрхтэн гэмтэхээс гадна хоол боловсруулах эрхтэн хямарч, нойргүйдэн, мэдрэлийн ядаргаанд ордог гэнэ. Тэр бүү хэл, тайван, чимээ багатай орчинд амьдардаг хүмүүстэй харьцуулахад амархан бухимддаг, өөртөө итгэлгүй, гутранги, ажлын бүтээмж багатай байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

Төмөр зам дагуух бүсэд амьдардаг иргэд бусдаас аюултай, эрсдэлтэй нөхцөлд байгааг дээрх баримт нотолж буй юм. Тэд “Амгалан тайван байдал алдагдууллаа” гэж гомдоллодог ч энэ асуудлаар хэнд хандаж, хэрхэн шийдүүлэхээ мэдэхгүй, хохирсоор байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших, “Баян Монгол” хороолол, “Emerald residence” хотхонд амьдардаг иргэд ч энэ зовлонг амсаж буй.

“Баян Монгол” хорооллын 409 дүгээр байранд амьдардаг Т.Сайнжаргал “Иргэд амьдрах орон сууцаа сонгохдоо орчныг нь маш сайн судалж, авто болон төмөр замаас аль болох зайтайг сонгох хэрэгтэй. Манайх найман давхарт байдаг. Дуу чимээнээс гадна доргилт хүчтэй мэдрэгддэг. Давхар ахих тусам шуугианы нөлөө их байдаг юм билээ. “Газар мундсан биш, өөрсдөө хажууд нь очиж амьдарчихаад зовлон яриад байх юм” гэж бодож магадгүй. Гэхдээ төр, засаг биднийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах ёстой” гэлээ.

АВТОМАШИНЫГ ХЯЗГААРЛАЖ, АЧААЛЛЫГ БУУРУУЛЪЯ

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн 1996 онд гадаад орчны бохирдлыг анх судлахад хотын гудамжны дуу шуугиан өдөрт 55-60 децибелээс хэтэрдэггүй байжээ. Харин өдгөө 75-80 децибел болж өсчээ. Үүнд хамгийн их нөлөөлсөн зүйл нь тээврийн хэрэгсэл гэнэ. Хүн ам өсөхийн хэрээр автомашины тоо нэмэгдэж, үүнээс үүдэлтэй чимээ шуугианы бохирдол ч ихэсчээ.

Хэн дуртай нь хотын гудамжаар машиныхаа дуут дохиог хангинуулж, хөгжмөө “чарлуулан” давхидаг моод дэлгэрсэн. Тээврийн хэрэгслүүд ч уралдах нь бий. Бүдүүлэг, хэнэггүй жолооч нарын энэ үйлдэл жирийн иргэдийг хамгийн ихээр хохироодог. Ялангуяа төв зам дагуу, автобусны буудлын ойролцоо амьдардаг иргэд энэ дарамтыг байнга мэдэрдэг аж. Тухайлбал, саяхан Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудлыг Улсын их дэлгүүрийнхтэй нэгтгэсэн нь 40, 50 мянгатынхныг бухимдуулах болжээ.

Тэндхийн оршин суугч С.Дүгэрсүрэн “Автобусны буудлуудыг хол зайтай болгох хэрэгтэй. Ингэснээр төвлөрөл багасна. Орой 19.00-20.00 цагийн үед айхтар их чимээ шуугиан гарч байна. Хэт чанга дуутай мотоцикл, тусгай тоноглолтой автомашинуудын хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй. Зарим шөнө унтуулдаггүй. Гэрт, гадаа байгаа нь ялгагдахгүй шахам нөхцөлд амьдарч байхад яаж эрүүл саруул байх билээ.

Өдөржин ажиллаж ирчихээд орой нь шуугианд балбуулаад байхаар хэцүү юм” гэсэн бол Н.Саруул “Зарим автобусны жолооч хөгжмөө чих дөжиртөл орилуулдаг. Нийтийн эрх ашгийг зорчиж, хохироох эрх тэдэнд байхгүй. Үүнээс болоод хэд хэдэн удаа ам зөрж байлаа. Шаардлага тавихад сүртэй юм, чихээ таглачихаач гэж хэдэрлэдэг. Тээврийн хэрэгслийг хязгаарлах замаар авто замын ачааллыг бууруулах нь зүйтэй” гэв.

Үндсэн хуульд зааснаар бол бид эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхтэй. Үүнийхээ төлөө дуугарах, тэмцэх ч эрх бий. Тэр тусмаа чимээ шуугиан хэмээх энэ аюулаас үргэлж сэргийлж байх ёстой аж. Учир нь хоромхон зуурын үзэгдлээс үүссэн цочир дуу чимээ сонсголын эрхтэнд удаан хугацааны нуугдмал аюул учруулдаг.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч эмч Г.Бүжидмаа шуугианаас үүдэлтэй дүлийрэл Монголд их байгааг онцлоод “Орчны шуугианы нөлөөнд автдаггүй хүн гэж үгүй. Эрүүл мэнд, нас, сэтгэл зүйн онцлогоос хамаараад сонсголын ядаргаа, шуугианы гэмтэл, мэргэжлийн дүлийрэл гэсэн гурван түвшинтэй. Чимээ шуугианы нөлөөнд автсанаас болоод архаг ядаргаанд орж, биеэ хянах чадваргүй болсон хүн цөөнгүй. Зарим нь энэ өвчинд нэрвэгдсэнээ ч мэдэхгүй яваа” гэлээ.

АЧААЛАЛ БАС ДАРАМТ

Чимээ шуугианы нөлөө ихтэй, өөр нэгэн эх үүсвэр нь цэнгээний газрууд. Ийм газрын ойролцоо амьдардаг иргэд илүү эрсдэлтэй нөхцөлд байдаг. Хөл хөдөлгөөн, чимээ шуугиан ихтэйгээс гадна гэмт хэрэг зөрчил байнга гардаг, хамгийн аюултай орчин гэж мэргэжилтнүүд үздэг. Яагаад гэвэл тэнд хэт чанга, өндөр давтамжтай хөгжим удаан хугацаагаар эгшиглэдэг аж.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд энэ орчны шуугианы хэмжээг тогтоохоор хэд хэдэн газарт судалгаа, туршилт хийхэд 105 децибелээс их чимээтэй байдаг нь тогтоогджээ. Тиймээс олон хүнтэй, чанга хөгжимтэй цэнгээний газарт 30 минутаас илүү хугацаанд байх тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнээс илүү хугацаанд байвал мэдрэлийн эд эс үхэж, архаг ядаргаанд орсонтой дүйх ачаалал, дарамт тархинд учирдаг байна.

Тиймээс баар, цэнгээний газрын адар болон ханыг дуу шингээгч, зориулалтын материалаар хийсэн байх ёстой гэнэ. Гэвч манай улсад үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газруудын ихэнх нь энэ стандартыг мөрддөггүйгээс иргэдийн эрүүл мэндийг хохироодог аж.

Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орших, 79 дүгээр байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “Venus” нэртэй баар оршин суугчдаа ихэд бухимдуулдаг гэнэ. Оршин суугч З.Гал “Их чимээ шуугиантай. Дотроо тамхи татахыг хориглосноос хойш согтуу хүмүүс гадаа чанга ярьж, хоорондоо зодолдох болсон. Холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн ярилаа.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн автобусны буудлын ойролцоо гэхэд л гэр хорооллын иргэдийг бухимдуулдаг караоке, баар гурав бий. Тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой гомдол тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд байнга ирдэг ч арга хэмжээ авч чадалгүй өдий хүрчээ. Энэ мэтчилэн чимээ шуугианы үл үзэгдэх дарамтанд өртөж, хохирсон иргэн цөөнгүй байна.

ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Н.САЙЖАА: Дуут дохио хангинуулах дуртай жолооч нарыг журамлах хэрэгтэй

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Н.Сайжаагаас орчны бохирдолтой холбоотой дараах зүйлсийг тодрууллаа.

-Чимээ шуугиантай холбоотой асуудлаар иргэд ямар байгууллагад хандах ёстой вэ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд санал, гомдол ирдэг үү?

-Адольф Гитлер хоригдлуудад чанга, хяхтнах чимээ сонсгож харгисладаг байсан гэдэг. Мэдрэлийнх нь эсээр “оролдож”, сэтгэлийг хямраагаад хамаг зүйлийг нь яриулахын тулд тулд ингэж байгаа юм. Бид үүнээс ялгаагүй харгис, дарамттай нийгэмд амьдарч байна. Чимээ шуугиантай холбоотой стандарт байдаг ч мөрдөхгүй, хэрэгжихгүй байна. Шуугианы хэмжээ аюултай түвшинд хүрчихээд байхад нэг ч иргэн манай байгууллагад хандаж байсангүй.

Бидэнд хандсан тохиолдолд тухайн газарт очиж хэмжилт хийж болно. Ном ёсоороо бол МХЕГ, нийслэлийн ЗДТГ, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан үүнийг хариуцаж, хяналт тавих ёстой.

Тэд хотын аль бүсэд хамгийн их шуугиантай байгааг хэмжиж тогтоогоод, иргэдэд нээлттэй мэдээлж байх үүрэгтэй. “Таны ажлын байр хэт их чимээтэй байгаа учраас удирдлагадаа шаардлага тавьж, ажиллахад таатай орчин бүрдүүлнэ үү” гэж хэлэх ёстой. Гэвч тэд энэ ажлаа хийхгүй байна.

-Та “Орчны бохирдолтой тэмцэхийн тулд эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй” гэсэн. Ямар тогтолцоо бий болгох ёстой вэ?

-Дуу шуугианы талаар эрүүл мэндийн байгууллагуудаас хийсэн судалгаа шинжилгээнд үндэслээд эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хот төлөвлөлтөд үүнийг тусгах ёстой юм. Ялангуяа, зам тээврийн салбарын бүтээн байгуулалтууд үүнтэй салшгүй холбоотой. Авто зам хэр зэрэг өргөн, нарийн байгаа нь хүртэл ачаалал, чимээ шуугианы хэмжээнд нөлөөлдөг.

Хүнд даацын болон автомашин, тээврийн хэрэгсэл зорчих зам ангид байвал гадаад орчны чимээ шуугиан эрс багасна. Энэ бүхнийг харгалзаж хотоо төлөвлөх ёстой. Мөн дуут дохио хангинуулах дуртай жолооч нарыг журамлах хэрэгтэй. Хоёр удаа журамлахад хаширна шүү дээ. Тэднээс иргэдийн эрүүл мэнд хохироосон гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр авдаг тогтолцоотой болчихвол хариуцлагатай болно.

-Дэлхийн бусад орон энэ тахалтай хэрхэн тэмцэж байна вэ?

-Дуу шуугианыг хамгийн их шингээдэг зүйл бол ногоон байгууламж. Тиймээс хотын төв, дуу шуугиан ихтэй бүсэд зүлэг, бутлаг болон модлог ургамал их хэмжээгээр тарих хэрэгтэй. Мөн тасалгаандаа аль болох олон тавилга байрлуулах хэрэгтэй.

Эд хогшилгүй, хоосон өрөө хөндий, их чимээтэй байдаг даа. Тэр хэрээр чимээ шуугианы нөлөөнд өртөх магадлал өндөр. Мөн дуу чимээ тусгаарладаг материалаар хийсэн хөшөө дурсгал олон нийтийн газарт байрлуулдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)