“Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчид өрсөлдөх бус, хамтрах хэрэгтэй”

Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчдийн институтээс “Төсөл форум-2019” уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, санхүүгийн байгууллагууд нэг дор чуулсан нь энэ юм. Эл чиглэлийн төслүүд Монголын зах зээлд хэр хэрэгжиж, ямар алдаа, оноо байгааг, цаашид хэрхэх талаар салбарынхан хэлэлцлээ.

Эхний илтгэлийг “Мандал даатгал” компанийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг тавьсан. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн чөлөөт зах зээлийг төр, засаг буруу ойлгосноос нэгдсэн төлөвлөлтгүй хөгжиж ирлээ. Өдгөө үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчид нэгдэх цаг болсон. Орон сууцны ханш 2-3 жилийн давтамжтай унадаг болсон нь тухайн орон сууцны архитектуртай холбоотой. Өөрөөр хэлбэл, нэг байшин нөгөөгийнхөө үзэгдэх орчныг хязгаарласан, автозам, хүүхдийн тоглоомын талбай хомс орон сууцны хороолол олширсон нь бизнес эрхлэгчид хоорондоо уялдаагүй ажилладгийнх” гэлээ.

Нийслэлийн төвийн бүсийн барилга, орон сууцны хороололд төдийгүй зусланд ч дээрх бэрхшээл тулгамдах болсныг Ө.Ганзориг шүүмжилсэн. Тиймээс газар зохион байгуулалтыг сайжруулахын тулд зөвхөн төрөөс шаардах бус, өөрсдөө нэгдэж, зохицсоноор шийдвэрлэх боломжтойг санууллаа.

Газар зохион байгуулалтаас үүдэж бизнес эрхлэгчдийн зах зээл хумигдах болсон нь зөвхөн манай улсын асуудал биш аж. Дэлхий нийт уг асуудалтай тулгарсан ч шийдэх гарц нь манайхаас өөр байгааг архитектор Б.Батжав өгүүлээд “Улаанбаатар бол залуу хот. Нийт хүн амын олонх нь залуу. Тэд хямдхан, зай, талбай бага орон сууц эрэлхийлж байна. Өөрөөр хэлбэл, бага талбайтай орон сууц эрэлттэй байгаа. Дэлхийд ч мөн адил. Гэтэл жижиг орон сууцны зураг, төсөл боловсруулна гэдэг нь төвөгтэйгөөс гадна илүү хариуцлага шаарддаг. Дэлхийд энэ асуудлыг минимализм урсгал, чиглэлээр шийдэж байна. Орон сууцаа энгийн загвар, хийцээр барьсан хэрнээ үр дүнтэй ашиглахаар төлөвлөсөн байдаг. Энэ аргыг Монголд нутагшуулах хэрэгтэй” гэв. 

Дэлхий нийтийн ийм чиг хандлага Монголд эсрэгээрээ байна. Бизнес эрхлэгчид тансаг зэрэглэлийн орон сууцыг өндөр өртгөөр барьж, иргэд ч сонирхдог гэнэ. “Тансаг зэрэглэлийн гэх тодотголтой байшин болгон чанартай биш” гэж “Голомт” банкны захирал Б.Нарантуяа илтгэлийнхээ үеэр онцолсон. Мөн тэрбээр “Зээл авах, хөрөнгө оруулалт татах хүсэлтэй бизнес эрхлэгчид ихэвчлэн “элит” гэсэн тодотголтой орон сууцны хороолол барих төсөл боловсруулдаг. Өөрсдөдөө таван од “олгож”, тансаг зэрэглэлийнх гэж сурталчилдаг” гэлээ.

Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэгчид зах зээлийн эрэлтийн судалгаа огт хийдэггүй, яаж борлуулахаа мэддэггүйгээс санхүүжилт авч чаддаггүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. Гэхдээ олон улсын байгууллагууд манай уул уурхайн салбарыг “онилдог” байснаа үл хөдлөх хөрөнгийн бизнест санхүүжилт олгох сонирхолтой болсныг дурдав. Олон улсын байгууллагуудаас дэмжлэг хүсэхийн тулд зах зээлээ судалж, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлсэн төсөл боловсруулах шаардлагатайг онолын үндсэнд тулгуурлан, жишээ, баримтаар баяжуулж “Бат солюшн партнерс” компанийн захирал Г.Баярхүү тайлбарлалаа. Хэрэглэгчдийн амьдралын хэв маягийг судалж, мэдээллийн сан байгуулсан олон байгууллага бий аж. Зарим хувийн хэвшлийнхэн тэдэнтэй хамтрах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчийн зарим нь ийм чиглэлээр судалгаа явуулдаг байгууллага байдгийг ч мэддэггүй аж. Нийслэлд оршин суудаг иргэний олонх нь цэцэрлэг, сургууль, эмнэлгийн байгууллагатай ойр байршилд, утаа багатай хэсэг буюу Зайсан орчимд орон сууц худалдан авах эрмэлзэлтэйг судалгааны байгууллагаас гаргасныг Г.Баярхүү хэлсэн. Үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний талаар, үнэ цэнийг мэдээллийн технологиор нэмэгдүүлэх боломжийн тухай “Номин мишээл”, “Ремакс”, “Хай спийд” компанийн төлөөллүүд илтгэл тавьснаар уулзалт өндөрлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)