Үл мартагдах ҮЙТҮМЭН

Монгол Улсын тамирчдаас хамгийн анх олон улсын зэрэг цолоор мялаалгасан эрхэм үйлсийн эзэн хэн билээ гэвэл Түдэвийн Үйтүмэн шүү дээ. Тэр эрхэм амьд сэрүүн байсан сан бол энэ өдрүүдэд 80 насныхаа ойг шатарчид, тамирчидтайгаа тэмдэглэж, амжилт ялалтыг нь дурсан хүүрнэх хэн нэгний магтаалыг тэрүүхэндээ мушийн инээмсэглэн сонсож суух байсан даа. Хэрвээ тийнхүү байсан сан бол олон улсын шатрын их мастер болон алдаршиж яваа нутгийн дүү Д.Шаравдорж, тэрчлэн Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг… нарыг магтангаа ялимгүй цаашлуулж чин сэтгэлээ илэрхийлж суухаар эр билээ. Гэвч тэр тэнгэрт одоод олон он улирчээ. Нэрт шатарчин Т.Үйтүмэнгийн гэр орноор орж гарч дуртай зоогийг мугуйдан хорьж явсан нэгний хувьд спорт сонирхогчид, тэр дундаа шатарчид, шатар сонирхогч нарт Үүеэгийн тухай өгүүлье.

“Монголын шатрын түүхэн замнал” (1989 он) номд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Дугуй гэдэг газарт 1939 оны арванхоёрдугаар сарын 29-нд Т.Үйтүмэн төрсөн хэмээн бичсэн нь бий. Алтайдаа арван жилийн сургуулиа дүүргээд шатар тоглох чин хүсэлтэй хүү нийслэлд ирэн төдий л удалгүй хотын шатарчдыг сандаргаж эхэлжээ. Тэр тухай шатрын түүх судлаач Ц.Данзан хэдэнтээ дурсаж, бас бичиж үлдээсэн баримт зөндөө. Монголын мастеруудын тэмцээн нийслэл хотноо 1963 онд болоход Говь-Алтайн гэх тодотголтой Т.Үйтүмэн түрүүлж шуугиан тарьсан юм даг. Түрүүлэх нэг л үзүүлэлт. Мастеруудыг бүгдийг ялсанд шуугианы учиг оршино. Тэр жилээ дэлхийн оюутан залуучуудын тэмцээнд бузгай тоглочихоод ирэх нь тэр. Хойтон жил нь буюу 1964 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд ах нар нь түүний судсыг дахин барих болов. Хотын биш Улсын аваргын тэмцээнд оролцсон 17 шатарчнаас Т.Үйтүмэн Л.Мягмарсүрэнтэй адилхан бололцоот 16 хожлоос 11.5 оноогоор хоёроос гуравдугаар байрт жагсаж чанарын үзүүлэлтээр гуравдугаарт орсон түүхтэй. Тэр тэмцээнд ХААДС-ийн Д.Цэнд 12.5 хожлоор түрүүлсэн. Тухайн оны намар Израилын Тель-Авив хотод дэлхийн шатрын олимпиад болоход Монголоос Л.Мягмарсүрэн, Т.Үйтүмэн, Ш.Пүрэвжав, Т.Цагаан, Г.Чилхаасүрэн, Н.Намжил нар оролцож 50 орны багаас 28 дугаар байр эзэлсэн юм.

Тэгэхэд Т.Үйтүмэн хоёрдугаар ширээнд 80 хувийн амжилт үзүүлж, Олон улсын мастерын болзол анх биелүүлээд ирсэн. Ингэж дэлхий дахинд Монголын шатарчдын төдийгүй тамирчдын дундаас анх алдаршсан нь Т.Үйтүмэн.

Олон улсын мастер маань дараа нь Хавана, Лугано, Зиген, Скопле, Ницца зэрэг хотод дэлхийн шатрын олимпиадуудад амжилттай тоглосон. Зургаан удаагийн олимпиадад оролцохдоо зөвхөн нэг эсвэл хоёрдугаар ширээнд суудаг, манай хүчтэй шатарчин явсан билээ. Олимпиадад тоглосон түүний нийт өргийг тоолж үзэхэд 111 болдог. Тэдгээрийн 53-ыг хожиж, 28-д нь хожигдож, 30-д нь тэнцжээ. Товчоор хэлэхэд олимпиадад нийт дүнгээр 61 хувийн амжилт үзүүлсэн байна. Нэгэн домогт өргийн талаар бичилгүй орхиж болмооргүй. АНУ-ын нэрт шатарчин, дэлхийн аварга Р.Фишертэй тоглож үзсэн шатарчид баярлаж бахархаж явдгийг бид гадарлана. Тэгвэл Р.Фишерт дийлдээгүй Т.Үйтүмэн сүрхий сайрхаж явсан удаагүй. 1970 онд бүс хоорондын шатрын тэмцээн Испанид болоход Азийн есдүгээр бүсэд түрүүлсэн Монголын Т.Үйтүмэн тэмцээний гарааны дөрвөн тавилаас 3.5 хожил авч шатрын ертөнцийг алмайруулсан удаатай. Тэр үед Чингисээр Монголыг багцаалдаг байсан гадаадынхан Т.Үйтүмэнгээр бас төлөөлөн Монголын тухай ярьцгаах болсон гэдэг юм билээ.

Испанийн Мальма де Майоркод Р.Фишер Т.Үйтүмэнг хожих гэж шаргуу дайтаж, 42 нүүснийхээ эцэст Монголын аваргын 43 дахь нүүдлийн дараа арга буюу хайнцах санал тавьсан байдаг. Монголдоо бол амьд сэрүүнд нь түүний өмнө нэрлэгдэх шатарчин байгаагүй дээ. 1998 оны намар Олон улсын шатрын холбооны мастер, Монгол Улсын зургаан удаагийн аварга Ж.Лхагваа шатар гадарладаг хүмүүсийг нэг баярлуулж билээ.

Нэгэн тэмцээний сурталчилгааны үеэр тэр гэнэт “Үйтүмэн шиг шатарчин байна уу” гэж зурагт, радиогоор түмний сонорыг дэлдийлгэсэн нь олон хүнд “юм” бодогдуулсан. Чин үнэндээ бол Т.Үйтүмэнг ид явахад түүнийг нэг бус удаа гомдоосон шатарч Ж.Лхагваа юм даг. Түүний дээрх үг өнөөгийн шатарчдын дунд Т.Үйтүмэн шиг шатарчин алга даа гэсэн санааг илэрхийлсэн биз ээ.

Олон улсын мастер Н.Төмөрхуяг манай шатарчид дотор боловсролоороо толгой цохидог залуу байлаа. Тэр нэг удаа “Үүеэ хэцүү шүү. Тактикийн тоглолтоор тасархай. Ер нь мөлжүүртэй шатарчин. Байгалиас их мастер болоод төрсөн эр. Манайхан авьяасыг нь дэмжиж, тэтгэж хайрлан тордолгүй дуусгалаа” хэмээн ярьсан удаатай.

Т.Үйтүмэнгийн амьдралын сүүлийн жилүүдийг нэлээд гадарладгийн хувьд харамсалтай гэмээр баримт биччихье. Хариуцлагатай тэмцээний үеэр түүнд хоолны даруулга өгөх сонирхолтой шатарчин нэг бус байсныг мэдэх юм. Зарим нь хүнээр зуучлуулж, тэр “өгөөмөр” сэтгэлээ илэрхийлдгийг гадарлана. Харин сүүлдээ ядарч явахад нь гар сунгасан нь тун цөөн. Үүеэ нэг удаа, “Жийгээ овоо хэдэн юм өглөө. Байрныхаа хэдэн сарын мөнгийг төллөө” гэж байсан сан. Жийгээ гэдэг нь өнөөгийн Гавьяат дасгалжуулагч Пүрэвийн Жигжидсүрэн билээ.

Т.Үйтүмэнг өөд болсноос хойш Монголын шатрын түүхэнд хэд хэдэн содон хуудас нэмэгджээ. Тухайлбал, Шатарчдыг одонгоор шагналаа. Гавьяат шатарчинтай боллоо. Монгол орон хэд хэдэн их мастертай болоод байна. Тэр бүхнийг Т.Үйтүмэн мөрөөдөж, бүх амьдралаа ухаантны тоглоом шатарт зориулсаар дууссан.

Спорт, урлаг, шинжлэх ухааны цогц болсон шатар нүүдэг хүмүүст Т.Үйтүмэн үл мартагдах олон сайхан өрөг тоглон үлдээжээ. Тэдгээр өргөөс нь өрж үзвэл түүнийг үл мартагдах авьяастан, гавьяатан гэдгийг уншигч та хүлээн зөвшөөрөх биз ээ.

Бэлтгэсэн: Р.Чулуун


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)