“Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгахгүй”

Үлэг гүрвэлийн төв музейг наймдугаар сарын 1-нээс татан буулгах Засгийн газрын 281 дүгээр тогтоол гарсан. Үүний дагуу үзмэр, эд өлгийн зүйлсийг нь Байгалийн түүхийн музей рүү шилжүүлэн, нэгтгэх болсон юм. Уг шийдвэр олон нийтийг ихэд бухимдуулаад байгаа. Энэ талаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс тодруулахад “Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгахгүй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Засгийн газрын тогтоолын дагуу Байгалийн түүхийн музейтэй нэгтгэнэ. Тиймээс өмч хөрөнгө, бусад эд өлгийн зүйлийг нь нэгбүрчлэн бүртгэж, сан хөмрөгт нь шилжүүлэх юм. Хүмүүс Үлэг гүрвэлийн төв музейн бүх үзмэрийг зөөгөөд, шилжүүлчих юм яриад байгаа. Тийм биш, хоёр музейн эд хөрөнгө, үзмэрүүд нэг данстай л болно гэсэн үг.

Үлэг гүрвэлийн төв музей хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж, төлөвлөгөөний дагуу үзмэрийн танхимууд нэмж, тохижуулна. Ингэхдээ Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалж буй үзмэрүүдээр улам баяжуулан олон нийтэд хүргэх юм. “Байгалийн түүхийн музейн барилгыг ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагынхан гаргаснаас хойш зургаан жил өнгөрлөө. Сан хөмрөгт нь хадгалж буй өв соёлын үнэт олдвор, байгалийн өвүүдийг хадгалж, хамгаалан, засаж сайжруулан олон нийтэд хүргэх хэрэгцээ шаардлага тулгарсан тул уг хоёр музейг нэгтгэх нь зөв шийдвэр” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)