Үлдсэн 45 сард 48 шинэчлэл хийхээр төлөвлөжээ

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өчигдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, “Шинэчлэлийн суурь зарчим”-аа танилцуулав. Иргэдийн санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусгах, шийдвэр нь ил тод, хийсэн ажлаа тайлагнадаг байх нь энэ Засгийн газрын зорилго аж. Үлдэж буй бүрэн эрхийн 45 сарын хугацаанд тэд 48 шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Эдгээрийн зарим нь эхэлсэн, зарим нь төслийн шатанд яваа юм байна. Юуны өмнө хүнд суртал, авлигыг үгүй хийхийн тулд салбар бүр дэх олон шат дамжлагыг цөөлж эхэлжээ. Тухайлбал, барилга барих зөвшөөрөл авахын тулд 19 шат дамжиж, 208 өдөр зарцуулдаг байсныг дөрвөн үе, 13 процедуртай болгож үүндээ 59 хоног зарцуулахаар өөрчилжээ.

Бүх салбарт “Цахим нэг цонхны систем” нэвтрүүлэхээр төлөвлөж буй гэнэ. Иргэн нэг л ажилтантай харилцана. Түүнд материалаа өгнө, хариугаа авна. Мэдээллийн санг нэгтгэнэ гэсэн үг. Ингэвэл үйлчилгээг бүр ч шуурхай болгох боломжтой аж. Үүний тулд Төрийн нууцаас Иргэний бүртгэл мэдээллийн санг гаргах хэрэгтэй болсон гэв. Татварын хоёр дахь шатны шинэчлэл хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах гэнэ. Мөн Яаралтай тусламжийн салбарт 23 сая доллараар шинэчлэл хийхээр төлөвлөжээ. 112 дугаартай утсаар цагдаа, эмнэлэг, онцгой байдлынхныг зэрэг дуудаж болох нь. Тэд 10-12 минутад иргэний хүссэн газар очих хэмжээний техникийн боломж бүрдүүлэх юм байна. Энэ мэтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга төлөвлөс өн зорилтоо цаг гаруй тайлбарлав. Дараа нь түүнээс сэтгүүлчид асуулаа.

-Төрийн нууцын жагсаалтаас Иргэний бүртгэл, мэдээллийн санг гаргах гэж буйг нэгэнт эхэлсэн бизнесийн ажиллагаанд зориулагдсан гэсэн хардлага бий. Унасан төслийг дахин зүтгүүлээд буйн шалтгаан юу вэ?

-Цахим нэг цонхны үйлчилгээг хүргэхийн тулд төрийн байгууллагууд иргэний мэдээллийг авдаг болгох хэрэгтэй байгаа юм. 1:100.000 см-ийн масштаб бүхий байрлал зүйн зургийг ч нууцаас гаргах нь ч үүнтэй л холбоотой. Ямар нэг бизнесийн ашиг сонирхол байхгүй, ажлын шаардлагаар хийж байгаа.

-Засгийн газрын бүтэц данхайсан, төрийн албыг цомхон болгох зорилгынхоо эсрэг үйлдэл хийлээ гэж сөрөг хүчин шүүмжилж байгаа.

-Өмнө нь 43 агентлаг, 13 яамтай байсан. Одоо 27 агентлаг, 19 яамтай болсон. Яамны тоо нэмэгдэхээр орон тоо өссөн мэт харагдаж байгаа ч үнэндээ өмнөх Засгийн газрын үеийнхээс орон тоо 438-аар багассан. Тиймээс Засгийн газрын бүтэц данхайгаагүй. С.Бямбацогт зэрэг гиш үүн “төрийн албан хаагчийн тоог 33 мянгаар нэмсэн” гэж ярьсан. Төрийн албан хаагчдын нэмэгдэл цалинг дунджаар 500.000 төгрөгт хуваагаад л ийм тоо гаргаад ирж байгаа юм.

-Тавантолгой компанийн “Чалко”-той хийсэн гэрээг цуцлах ажил ямар шатандаа явна вэ?

-Тухайн үед гэрээ хийсэн хүмүүсийн дагзанд буу тулгачихсан юм шиг, эсвэл хувийн ашиг сонирхол ч оров уу гэмээр манай улсад ашигг үй гэрээ болсон л доо. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 110 доллар байхад 70 доллараар зарахаар тусгасан, Зүүн Цанхийн нүүрсний 80 хувийг өгнө гэх мэт заалттай уг гэрээг цуцалсан нь Монгол Улсад ашигтай.

-Төрийн албан хаагчдыг хоморголон халах нь хэрээс хэтэрлээ гэсэн шүүмжлэлд ямар хариу өгөх вэ?

-Өнгөрсөн баасан гаригт чуулган дээр энэ талаар хариулсан. Сонгууль бүрийн дараа ийм асуудал гардаг. Тэгж хөдлөөд байгаа учраас л төрийн албыг тогтвортой байлгахын тулд хоёр ч хуулийн төсөл боловсруулаад байгаа. Үүгээр улс төр хийх хэрэггүй.

-Кабелийн телевизүүдийг хаахаар мэдэгдэл өгсөн, сайтуудын сэтгэгдлийг хянах оролдлого хийсэн гэх мэтээр Засгийн газар коммунист маягаар ажиллаад байгаа юм биш үү?

-Хаалга нь онгойдоггүй, эсвэл дугуйгүй автобусаар нийтэд үйлчилдэггүй шүү дээ. Телевиз ч үүнтэй адил, ямар ч салбарт стандарт хэрэгтэй. Нэг хоёрхон өрөөнд үйл ажиллагаа явуулдаг телевиз хүртэл байна. Түүнээс биш Засгийн газар хувийн хэвшлийг боомилох гээгүй, харин ч бидний хийх гэж буй шинэчлэл бүр тэдний сайн сайхны төлөө байгаа. Хийх ажилгүй юм шиг сайтуудаар оролдлоо гэж Ерөнхийлөгчид загнуулсан. Түүнээс өөр юу хийж байгаагаа би сая та бүхэнд танилцууллаа. Нэг хүний эрх нөгөөгийнхөө эрхээр хязгаарлагдана. Телевизийн нэвтрүүлэг, сонины нийтлэл бүгд эзэнтэй, хаягтай. Цахим ертөнцөд тэгвэл яагаад өөр байх ёстой юм. Олон улсад сайтад сэтгэгдэл бичиж буй хүн нь бүртгэлтэй, нэрээ бичээд ордог жишиг байдаг. Үүнийг л дагая гэсэн. Одоо энэ ажлыг Сайтуудын холбоо хийхээр болсон.

-Таван аймгийн Засаг даргыг хэзээ томилох вэ?

-Хоёр аймгийн ИТХ энэ долоо хоногт хуралдаад хүнээ санал болгоно. Дундговь, Говьсүмбэрээс саналаа ирүүлсэн. АТГ-аас асуугаад шийднэ. Сэлэнгийн асуудал шүүх дээр байгаа. Бонд, татвар, төмөр зам тойрсон асуудлаар салбарын сайд нар нь сэтгүүлчидтэй уулзахдаа дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гээд энэ төрлийн асуултад Ч.Сайханбилэг сайд тодорхой хариу өгсөнгүй.

 С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)