Үлгэрийн цаг

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа явж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль өнгөрсөн зун УИХ-ын ээлжит сонгуультай хамт болсон тул энэ удаа зөвхөн сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг тодруулна.

Өөрөөр хэлбэл, улс төрд анхлан хөл тавьж буй “хөнгөн жин”-гийнхний “тулаан” болно гэсэн үг. Тэгсэн хэрнээ цар хүрээ, амлалт, хөтөлбөр нь УИХ-ын сонгуулийн дайтай харагдана. Үүнийг нь хошин шогийн мэдрэмжтэй нөхөд аль хэдийнэ өлгөж аваад онигоо хүртэл зохиогоод амжиж.

Дүүргийн ИТХ-д дэвшсэн хүү тараах материалынхаа “Мөрийн хөтөлбөр” хэсэгт “Инфляцыг тогтвортой байлгана. Ам.долларын ханшийг сулруулна” гэж бичсэнийг харсан хөгшид “Сэтгэл нь сайхан юм даа” хэмээн эвийлж суугаа тухай хошигнол хэд хоног цахим ертөнцөд инээдэм бэлэглэв.

Үүний араас Дорнод аймагт нэр дэвшсэн залуугийн “Аймгаа Сингапур шиг хөгжүүлнэ. Аймгийнхаа иргэдийг арабууд шиг амьдруулна” гэсэн зурагт хуудас тарсан. Азаар энэ нь элэглэл байж. Харин улсыг удирдаж байгаа сайд, дарга нар бүтэхгүйг нь мэдсээр байж худал амласаар, дээрхээс ч инээдэмтэйг ярьсаар явна. Бүр улайм цайм худлаа ярих нь эгдүү хүрмээр.

“САЙХАН, САЙХАН ХООЛНЫ НЭР ХЭЛЭВ”

УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хэд хэдээрээ тал тийшээ давхиад байна аа. Сайндаа ч биш. Төрийн мөнгөөр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хийж яваа нь тэр. Тэгэхдээ аанай л иргэдийг тэнэгт тооцож, амандаа орсон үлгэрээ ярьж явна. Шинэ сонгуулийн дунд байгуулагдсан УИХ-аас өнгөрсөн хугацаанд батлуулсан хууль, тогтоомжийг сурталчилж, Засгийн газрын бодлого, чиглэлийг танилцуулна гэж зорилгоо тодорхойлсон тэдний ярьж хэлж байгааг сонсоход ч нүүр улайм.

Төсөвт мөнгө байхгүй гэж үглэх хэрнээ Засгийн газрын авто баазын арав гаруй жийпээр цуваа үүсгэн давхиж, түүнийгээ баллуурдах гэж “Ерөнхий сайд албаны машингүй, өөрийнхөө машинаар хөл залгуулж байгаа” гэж хэнэг ч үгүй худлаа залах, “Би хувийнхаа мөнгөөр шатахуун хийж танай аймагт ирлээ” гэж бүлтрэх төрийн сайдыг ч харж л байна. Энэ ч бага хэрэг. Ажлаа ярих нь бүр ч элэг авмаар.

Жишээ 1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Өвөрхангай аймагт явахдаа хүүхдийн мөнгийг яагаад ялгавартай олгож байгааг лавласан иргэний асуултад “Телевизүүд хар пиар хийж, бодит мэдээллийг гажуудуулж, харлуулж байна. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй, олгодгоороо олгоно. Маргаан байхгүй” гэсэн.

Мөн хүүхэд харах үйлчилгээг зогсоох гэж буйг эсэргүүцсэн иргэний өөдөөс “Хүүхэд харах үйлчилгээний мөнгийг энэ оныг дуустал бүрэн олгоно. Хүүхэд харах үйлчилгээ 40-өөс дээш насныхан, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон. Цэцэрлэгийн хүртээмжийг төрөөс хангаж чадахгүй байгаа үед их нэмэр тус болж байгаа. Ийм учраас танай аймгаас сонгогдсон Я.Содбаатар, С.Чинзориг гишүүн бид нар хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа” гэж хэлээд зөөлрүүлчихэж байгаа юм.

Танхимд байсан хүмүүс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь энэ үйлчилгээг дэмжиж байгаа, шийдвэр нь хараахан гараагүй байгаа юм чинь нааштайгаар шийдэгдэх юм байна гэсэн хүлээлттэй үлдсэн. Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулганаар аль хэдийнэ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжих хугацааг нь 2021 оны нэгдүгээр сар болгон өөрчилчихсөн шүү дээ.

Гаргасан шийдвэрээ үнэнээр нь хэлчихэж чадахгүй, тойруулж бөөрөнхийлж, бултаж булзаж, салаа утгаар иргэдийг төөрөгдүүлэх нь төрийн сайдын бодлого, чиглэлээ танилцуулж байгаа хэрэг мөн үү.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах амлалт нь хэзээнээс хэрэгжихийг лавласан иргэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Тэтгэврийн зээлийг жилийн 10 хувь буюу сарын 0.8 хувь болгож бууруулах тооцоо судалгаа хийгээд, Засгийн газар ярилцаж 100 хувь дэмжсэн” хэмээн хариулж, хүмүүс нижигнэтэл алга ташиж байна билээ. Бодлогын хүүгээ нэмж 15 хувь болгочихоод яаж 10 хувийн хүүтэй зээл олгох талаар ярих вэ дээ. Ийм боломж байхгүйг сайд ойлгоогүй явна гэж баймгүй.

Жишээ 2. Орон нутгийн эмнэлгийн эмч нь “Иргэд тендер нэрийн доор хамгийн хямд, чанаргүй эм тариагаар үйлчлүүлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Үйлчлүүлэгчид эмчилгээний үр дүнд сэтгэл хангалуун бус байдаг, эмч нарын ажил талаар өнгөрдөг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ чанаргүй байдгийн багагүй хувь нь чанаргүй эм, эмнэлгийн хэрэгслээс үүдэлтэй.

Мөн эдийн засгийн хямралаас болоод бид эмчлэгч эмч биш, төсөвчин эмч боллоо. Хэдэн тариа бичээд тоо боддог, төсөв мөнгө нь хэтэрчих вий гэж санаа зовдог ийм нөхцөлд яаж хүн эмчлэх вэ. Эмч нар хэзээ тоо бодохгүйгээр эмчилгээгээ хийдэг болох вэ” гэж асууж байхад Эрүүл мэндийн сайд өөдөөс нь “Ирэх оны хоёрдугаар улирлаас яаралтай тусламжид нисдэг тэрэг явуулдаг болно.

...“Ерөнхий сайд албаны машингүй, өөрийнхөө машинаар хөл залгуулж байгаа” гэж хэнэг ч үгүй худлаа залах, “Би хувийнхаа мөнгөөр шатахуун хийж танай аймагт ирлээ” гэж бүлтрэх төрийн сайдыг ч харж л байна..

Цэргийн төв эмнэлэг, Түлэнхийн төв, Гэмтлийн эмнэлэг, Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг зэрэг гол гол эмнэлэгт нисдэг тэрэг буух талбай засна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 0-5 настай хүүхдийн эмийг улс даана. Цусны хорт хавдарын эмчилгээг төр хариуцна.

С вирусийн хамгийн үр дүнтэй эмчилгээ гэгдээд буй “Харвони” эмийг үнэгүй болгоно. Хувийн эмнэлгийн бөөрний диализын аппаратаар үйлчлүүлсэн иргэдийн мөнгийг төр төлнө. 151 сумыг түргэний машинтай болгоно” гэсэн агаарын зүйлс яриад, танхим дүүрэн иргэдээр алга ташуулаад зогсож байв.

“Сайхан, сайхан хоолны нэр хэлэв” гэдэг л болох шиг. Арай дэндүү агаарын амлалтуудаас нь амьдралд бууж хэрэгжих нь хэд бол. Харж л байя.

Жишээ 3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн орон нутгийн иргэдтэй уулзахдаа “Шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал үүсвэл төр ачааг үүрнэ. Нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарахын тулд 2020 оноос өмнө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна.

Зэсийн баяжмал болон төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулна” хэмээн ярьсан. Бэлэн болсон төсөл, санхүүжүүлэх эх үүсвэр аль аль нь байхгүй байж ингэж зоригтой ярьж чадаж байгаа шалтгаан нь мөнөөх л орон нутгийн сонгууль. Үлгэр зохиож яриад ч хамаагүй иргэдийн саналыг авах нь тэдний ганц зорилго.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)