Үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголыг ирэх сарын 10-нд өргөн мэдүүлэх болов

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслөө боловсруулж буй юм. Үүний хүрээнд ЗГХЭГ-аас цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, сайд нар, холбогдох агентлагууд болон нийслэлийн удирдлага оролцож байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт “Ковид-19”-тэй холбоотой үүссэн, үүсэж болзошгүй хүндрэлийг хэрхэн эдийн засгийн хохирол багатай давах талаар хэлэлцэж, тусгах гэнэ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050”, тэр дундаа тус бүр 10 жилээр хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр болон таван жилээр хэрэгжих үйл ажиллагааны үндсэн чиглэлд суурилж, бид хийх ажлуудаа төлөвлөнө.

Ирэх жилүүдэд бондын өр, төлбөрийг барагдуулж, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгана. Мөн иргэн бүр эрүүл мэндийн оношилгоонд хамрагддаг байх, “саарал” ус ашиглах, нийслэлийн инженерийн шугам, сүлжээг шинэчилнэ” гэв. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Шинэ Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах учир төсвийн тодотгол хийх нь зөв. Цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 2.1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөгт хүрэх төлөвтэй. Иймээс Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлэхээр БНХАУ-тай тохиролцсоны зэрэгцээ олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна” хэмээв.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг ирэх сарын 10-нд УИХ-д өргөн барихаар ажиллаж буй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)