Үйлчилгээний газрын үүдийг шороогоор хаажээ

Баянзүрх дүүргийн XIV хорооны 51 дүгээр байр болон “Өгөөмөр” техникийн захын дундуур авто зам тавьж байна. Тус хорооны гудамжууд замбараагүй, түргэн тусламж, гал унтраах албаны машин чөлөөтэй явах аргагүй хэмээн оршин суугчид гомдол гаргажээ. Тиймээс нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зарим айлын газрыг чөлөөлж, Нарны болон Цагаан хуарангийн замыг холбох зам тавих ажлыг эхлүүлсэн. Уг ажлын явцад 51 дүгээр байрны нэгдүгээр давхарт байрлах “24 цаг” компанийн үйлчилгээний байгууллагын үүдийг хаажээ. Үйлчилгээний байгууллагад талбай түрээслэн, цэцэрлэг, үсчин, гоо сайхан, авто сэлбэг, зоогийн газар ажиллуулдаг 30 гаруй иргэн үүнээс болж 10 хоног орлогоо алдсан аж. Энэ сарын 18-ны 21.00 цагийн үед тус байгууллагын хаалгыг хаан, шороо овоолжээ. Энэ талаар “24 цаг” компанийн үйлчилгээний байгууллагын менежер Б.Батцэцэг “Бид нийслэлийн авто замын ажилд саад болохгүй. Гэхдээ манай байгууллагын хаалгыг хааж, шороо асгаад 10 хонолоо. Энэ ажлыг зохион байгуулж буй Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхантай холбогдоход “Бид мэдэхгүй” гэдэг. Манай түрээслэгчид сар бүрийн 20-нд төлбөрөө өгдөг. Гэтэл 10 хоног орлогогүй болсон учир өнөөдөр 80 гаруй хувь нь төлбөрөө өгсөнгүй. Улс ажил хийж болно. Гэхдээ хувийн хэвшлийг хохироож болохгүй. Замын ажилчид дур мэдэн шороо овоолсон уу, эсвэл хариуцаж буй албан тушаалтан нь үүрэг болгосон, эсэхийг мэдэхгүй” гэв.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч Г.Билэгсайханаас энэ талаар тодруулахад “Манай байгууллагаас газар чөлөөлж, зам тавихад бэлэн болгосон. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар бусад ажлыг зохион байгуулж буй” хэмээв. Харин нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Манайх зам тавих зураг төслийг боловсруулсан. Ажлыг нь газар зохион байгуулагчид хариуцах ёстой” гэсэн тайлбар өглөө. Өөрөөр хэлбэл, уг асуудлыг хариуцаж, шийдвэрлэх хүн олдсонгүй. Авто замын тухай хуулийн 20.11-т “Бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг саадгүй, хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Мөн уг хуулиар авто замын ажлын үед эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга болон бусад холбогдох байгууламжийн үйл ажиллагааг алдагдуулахыг хориглодог билээ.

Бэлтгэсэн: Б.Уянга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)