Үйлдвэрчний эвлэл улстөрчдийн ТҮШИЦ ГАЗАР БОЛОХ ВИЙ

С.ГАНБААТАР МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООР САНААРХАЖ БАЙНА

ТЕГ-ын дарга Б.Хурц, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар нэгнийхээ булхайг “илчилж”, сайд томилсон УИХ-ын шийдвэрт түүхэнд анх удаа Ерөнхийлөгч хориг тавьсан гээд улс төрийн гал тогоонд үйл явдал буцалсан долоо хоног өнгөрлөө. Улстөрчдийн сүртэй мэдэгдлүүдийн дуулианд дарагдаад олон нийтийн анхааралд төдийлөн өртөөгүй ч анзаарахгүй байхын аргагүй мэдэгдлийг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хийснийг онцолж байна. Тэрбээр хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан талаар мэдээлэл хийхдээ “Үйлдвэрчний эвлэл бол улс төрийн намуудаас тусдаа үйл ажиллагаа явуулах учиртай, тусгай чиг үүрэг бүхий байгууллага. Гэтэл нэр бүхий улс төрийн нам үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үзэл суртлын зэвсэг болгон, цаашдын зорилгодоо ашиглах гэж байна” хэмээн ам алдав. Хагас сая орчим гишүүн, дэмжигчтэй, аймаг бүрт салбартай томоохон бүтэцтэй, нэр хүнд, сүр хүч ихтэй МҮЭХ-г хэн, ямар зорилгоор хэрхэн ашиглах нь вэ гэдэг анхаарал татахаас аргагүй асуудал билээ.

“Засгийн газар, улс төрийн нам, ажил олгогч болон бусад этгээдээс хараат бус байж, үйл ажиллагаагаа чөлөөтэй, бие даан явуулах ёстой” хэмээн дүрэмдээ заасан уг байгууллагыг ямар улс төрийн нам үзэл суртлын зэвсэг болгохоор санаархсан хэрэг вэ. Энэ талаар сураг тавихад, МАХН-ын дэд дарга болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон С.Ганбаатар МҮЭХ-ны ерөнхийлөгчийн суудалд санаархаж байгаа гэх чимээ чих дэлсэв.

С.Ганбаатар өөрөө ч “Та намын гишүүн байж МҮЭХ-ны ерөнхийлөгч болж болох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Олон хүн намайг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр очих байх гэж харж байгаа болов уу. Надад итгэл хүлээлгэх гэсэн олон хүн байгаа л байх” хэмээн хариулсан нь дээрх мэдээллүүд оргүй бишийг батлав.

МҮЭХ-ны XXII их хурал ирэх сарын 8-9-нд болох бөгөөд уг хурлаар холбооны дүрмийг шинэчлэх, ерөнхийлөгчөө сонгох зэрэг асуудал хэлэлцэх аж. Тиймээс МҮЭХ-ны ерөнхийлөгчийн албанд шунаж буй хүмүүс ийн идэвхжиж эхэлжээ. Дашрамд дурдахад, МҮЭХ-ны тэргүүлэгч, гишүүн байгууллага, их хурлын төлөөлөгчдөөс хэн нь ч ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд нууц санал хураалтаар их хурлын төлөөлөгчдийн 50.1-ээс дээш хувийн санал авсан хүн ерөнхийлөгчөөр сонгогддог дүрэмтэй. Өнөөгийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатарт ч улиран сонгогдох боломж бий.

ХУУЧИН АЛБАА САНАХЫН УЧИР

С.Ганбаатар 2004 оноос О.Магнай, Ж.Батзандан нартай хамтран жагсаал цуглаан зохион байгуулж явсаар 2008 оны сонгуулийн өмнө МҮЭХ-ны ерөнхийлөгчийн албыг авсан. Тэгэхэд тэр жирийн нэг жагсагч байлаа. МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд С.Ганбаатар сайн, муу олон зүйлтэй нэр холбогдсон. Тэгээд уг байгууллагаар шат хийн УИХ-ын гишүүн болсон билээ. Одоо бол тэр МАХН-ын дэд дарга, ирэх сонгуульд нам нь амжилттай оролцох, эсэхийг шийдэх гол найдлага. Түүнд, түүний элссэн МАХН-д одоохондоо тулж, түших хүч байхгүй. Тиймээс МҮЭХ-ны хүч, нөмөр нөөлөг С.Ганбаатар, түүгээр дамжаад МАХН-д туйлын хэрэгтэй байгаа болохоор тэр энэ албан тушаалд очихын тулд нэлээд хүч хаяж байгаа сурагтай. Харин МҮЭХ-г С.Ганбаатар болон МАХН-ын түшиц хүч болгох нь ямар үр дагавар авчрахыг нухацтай бодож үзэхэд илүүдэхгүй болов уу.  

УЛС ТӨР БА ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ

Үйлдвэрчний эвлэл гэдэг бол асар их хүч. Их ажиллуулж, бага цалин өгөх сонирхолтой ажил олгогч, хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэх хүсэлтэй ажилчдын мөнхийн зөрчлийг зохицуулах үүрэгтэй уг байгууллага социализмын үед намаас ч дутуугүй хүчирхэг бүтэц байв. Өнөө ч үйлдвэрчний эвлэлийн хүч нөлөө тэгтлээ сулраагүй гэж болно. Ажилчин ангийг төлөөлөн Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух эрхтэй энэ байгууллагад хөдөлмөрийн насны хэнийг ч босгож, жагсаах, хамгийн өргөн хүрээтэй, олныг хамарсан хөдөлгөөн өрнүүлж дөнгөх хүч буй. Хөдөлмөр эрхлэгчдээр халхавч хийн улс төрийн үйл ажиллагаа явуулах, улс төрд тодорч харагдах, хөрөнгө мөнгө шийдүүлэх боломж энэ байгууллагад их болохоор МҮЭХ-г үеийн үед улстөрчид, улс төрийн намууд онилж ирсэн харагддаг.

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ 

Үндсэн үүрэг чиглэл нь бүдгэрч, улстөрчдийн хүслийг биелүүлдэг газар болж хувираад буй үйлдвэрчний эвлэл ер нь ямар үйл ажиллагаа явуулах ёстой газар вэ. Хөдөлмөрчдийн нэрийг барин үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллага зорилгоо хэрхэн тодорхойлсныг хамтдаа харъя.

  • Ажлын байран дээрээ байгаа ажилчдыг хамгаалах
  • Ажилтан, ажилчдын ажлын нөхцөлийг сайжруулах
  • Аливаа асуудлыг нийтээр хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэх
  • Амьдралынх нь нөхцөл байдлыг дээшлүүлэх арга зам эрж хайх
  • Нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэгсэл, нөхцөл бололцоо бүрдүүлж өгөх

МҮЭХ-ны үйл ажиллагааны чиглэл, зорилго ийм. Удахгүй болох их хурлаараа дүрмээ шинэчилж, ерөнхийлөгчөө сонгоод, үйл ажиллагаандаа ч салхи оруулаасай. Улс төрийн нам, улстөрчдөөс хараат бус байж, хөдөлмөрчдийнхөө эрх ашгийг хамгаалах талаар улам санаачилгатай ажиллаасай. Энэ бол МҮЭХ-ны хагас сая гишүүний хүсэл билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)