Үйлдвэрлэл хөгжөөгүй улсын зовлон

Ширхэг хадаас, эрэг боолтоо хүртэл “айл”-аас авна. Нэгэнт “айл”- ын тогоо харж амьдарч буй тул эзний аясыг дагахаас аргагүй. Эзэн таагүй аашилж эхэлбэл хоосон хонох аюул нүүрлэнэ. Тиймээс хүлцэнгүй байхыг л бодно. Уг нь эднийх айлын хаяа бараадаж, тогоо руу нь өнгийхөөргүй хөрөнгө чинээ, боломж бололцоотой. Гэвч түүнийгээ зарж идэх, ашиглан хүртэх арга ухаанаа олохгүй яваа. Энэ байдал нь хэсэг бүлэг хүнд дэндүү ашигтай. “Хоол”-ыг нь дөхүүлэх нэрийдлээр алдар гавьяа горилогч, хөрөнгө мөнгөнөөс нь “хумслагч” олон. Үүнийгээ мэдэх ч дотроо жиг жуг гэлцэж, хий хоосон цамнахаас хэтрэхгүй нунж дорой байдалтай өдий хүрчээ. Энэ бол үйлдвэрлэгч орны гар харсан өнөөгийн Монголын бодит бөгөөд эмгэнэлтэй дүр зураг.

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨӨС АРГАГҮЙ ҮНЭН

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан “Одоогийн залуусын муулж ярьдаг социализмын үед Монголд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжиж, ажилчин ангийнхан баялаг бүтээдэг байв. Тэр үеийн монголчууд 6000 нэр төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол одоо 500 ч хүрэхгүй. Аж үйлдвэрийн IV хувьсгалын эринтэй золголоо, жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэлийг дэмжье гэж уриа болтол ярьж буй ч углааш, оймс, дээлээс хэтэрдэггүй. Халбага, сэрээгээ ч үйлдвэрлэж чаддаггүй. Монголд манкурт боолын систем үйлчилж байна” гэсэн юм. Манкурт хэмээх зүйрлэл хэтийдсэн мэт санагдаж болох юм. Гэвч аж үйлдвэрийн салбарын өнөөгийн “үлбэгэр” байдал биднийг энэ тодотголд ойртсоныг улам бүр баталсаар.

БНХАУ-ын Шиньжин хотод амьдардаг Алтанчулууны Аньс хэмээх өвөрмонгол залуу элэг нэгтнүүддээ захидал илгээснийг нэгэн сайт нийтэлсэн нь олон нийтийн сүлжээнд түгсэн. Тэрбээр “Би 2019 оны зун Монголд аялахаар найз охинтойгоо очлоо. Буцахдаа Улаанбаатарын дэлгүүр хоршоогоор оров. Зөндөө л юм худалдаж авсан. Бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг буудалдаа очсон хойноо ажиглав. Солонгос, хятадад үйлдвэрлэсэн хувцас хэрэглэл, шүдний оо, сойз, турк бөгж, америк пүүз, орос шампунь, жимсний чанамал, лаазалсан бүтээгдэхүүн, герман шоколад, болгар масло авснаа мэдээд гайхашрав. Бүхэл бүтэн тусгаар улсын дэлгүүрийн лангуу гадаадын бүтээгдэхүүнээр дүүрсэн нь импортын бараа шүтэж, тэдэнд боломжоо хулгайлуулсныг харууллаа. Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь өрсөлдөх чадваргүй болж, зах зээлд байр сууриа алдаж байна. Монгол Улсын Засгийн газар импортын зарим бараа, бүтээгдэхүүнийг зориглон хориглож чадвал дотоодын үйлдвэрлэл гарцаагүй хөгжинө” хэмээн ихэд санаа зовнингуй бичсэн байв.

1960-аад онд Хятад улс дэлхийн зах зээлд нийлүүлэх, өрсөлдүүлэх бүтээгдэхүүн тун хомс байсан ч удалгүй импортын олон нэр төрлийн барааг хязгаарласнаар бүх зүйл эсрэгээр эргэжээ. Тавилга хэрэгслийн 10-аад аж ахуйн нэгж машин үйлдвэрлэлийнх болж, барилгын компаниуд компьютер, гар утасны зах зээлд хүч үзэж эхэлсэн гэнэ. Тэрбээр энэ мэт жишээ дурдаж, монголчууд хэрэглэгч орон гэх статусаа нэн даруй өөрчлөх шаардлагатайг хөнджээ.

Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг нэгэн эрхэм “Солонгосчууд айхтар. Монголд байхдаа ч үндэстнээ дэмждэг. Хоол идэхдээ ч солонгос ресторанд орно. Дандаа үндэсний үйлдвэрүүдийнхээ бүтээгдэхүүнийг сонгоно” гэж ярьсан нь санаанд буув. “Айл”-ынхан ингэж л биенээ дэмжиж, улсынхаа эдийн засагт хөрөнгө оруулдаг аж. Гэтэл монголчууд бид хэрэглэж ч үзээгүй атлаа чанаргүй, үнэтэй хэмээн үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг гоочилж, харийн орныхыг сурталчилж, шүтсэн хэвээр.

ТЭД “ИДДЭГ”, БИД МЭДДЭГ

“Төмөр хатагтай” хочоороо дэлхийд алдаршсан Маргарет Тэтчер “Төрийн мөнгө гэж байдаггүй. Иргэдийн буй болгосон мөнгийг хурааж цуглуулахаас өөр орлого төрд үгүй. Төр хүмүүсээс хураасан мөнгийг цааш нь хуваарилдаг. Тиймээс хэрхэн, яаж зарцуулахыг мөнгөний жинхэнэ эздээс үргэлж асуух ёстой” гэж хэлсэн байдаг. Улсын төсвийн зарцуулалт ил тод, орчин цагийнхаар бол шилэн байх ёстой гэсэн үг. Гэвч манай төрийн албан хаагчид эсрэг тогтолцоогоор ажилладаг. Тэд “Төсвийн хөрөнгийг иргэдэд мэдэгдэлгүйгээр хэрхэн, яаж үр ашиггүй “цацах” вэ” гэж хоорондоо өрсөлддөг. Энэ “бохир” ажиллагаанд Монголын өнөөгийн нөхцөл буюу хэрэглэгч орны статус ихээхэн таатай хөрс болж байна.

Улстөрчид нийгэмд тулгамдсан ямар нэг асуудлыг “барьж авна”. Түүнийгээ шийдэх нэрийдлээр гадаадаас янз бүрийн технологи, бүтээгдэхүүн нийлүүлнэ. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдралын төлөө гэх уриа лоозонтой иймэрхүү ажлуудын цаана аанай л нөгөө мөнгө, ашиг сонирхол хэмээх мөнхийн дагуул явдаг нь нууц биш.

Жишээ дурдъя. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд энэ оноос тусгай автобустай болж буй. Нийт 200 автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж, эхний тавыг нь энэ сарын 10-даар холбогдох байгууллагынханд хүлээлгэж өгсөн юм. Эцэг, эхчүүд “Сурагчид аюулгүй зорчих боломж бүрдлээ” хэмээн баярлацгааж, хариуцсан мэргэжилтнүүд ч бүтэшгүй зүйл биелүүлчихсэн мэт додигор байв. Гэвч энэ бүхэн удаан үргэлжлээгүй. Төсөл хэрэгжүүлэгчид тэдгээр автобусыг зах зээлийнхээс дөрөв дахин өндөр үнээр нийлүүлж, мөнгө “цавчсаныг” иргэд интернэтийн тусламжтай олж мэдэн, илчилж орхив. Эл төслийн санаачилгыг дэмжсэн гэх хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайханаас авхуулаад нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч гээд холбогдох бүх албан тушаалтан энэ асуудалтай уялдуулан өөрсдийгөө хаацайлсан мэдэгдэл гаргаж, сандралдсан ч хэргийн гол буруутан тодроогүй юм. Монголын эрс тэс, бартаат нөхцөлд тохируулан автобусыг нэмж тоноглосон гэж зарим байгууллагынхан албан ёсны мэдээлэл өгсөн ч жинхэнэ үнэ нь нууц хэвээр үлдсэн. Иргэд ч хоёр хоног шуугиад л мартав.

Эрээнд 2.4 сая төгрөгийн үнэтэй, хог бутлагч, шахагч машиныг БОАЖЯ-ныхан нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийнханд тав дахин өндөр үнээр нийлүүлсэн нь мөн л илчлэгдлээ. Өнөөх хэдийгээ тууз хайчлах нь холгүй ёслол төгөлдөр гардуулсан сайд нь ийм мэдээлэл түгсэн даруйд “Надад хамаагүй, Н.Цэрэнбат сайдын үеэс эхлэлтэй ажил” гэж мэдэгдсэн юм. Бид үүнийг мөн л мартав. БНХАУ-ын Эрээн хотод метр тутам нь 35 000 төгрөгийн үнээр борлуулдаг авто замын хашлага өнгөрсөн зун Улаанбаатарт ирэхдээ дөрөв дахин “нугарсан”. Энэ ажлыг гүйцэтгэх зардал гэж нэмж 30 гаруй сая төгрөг “хулгайлахад” ч бид чимээгүй өнгөрөөлөө.

Энэ мэт баримт дурдвал өчнөөн. Автобус биш юм гэхэд, замын хашлага, хог бутлагч төхөөрөмж зэрэг аахар шаахар зүйлийг бид дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр ингэж дураараа дургихгүй байв.

БОЛОВСОН ХУЛГАЙ

Томоохон худалдааны төвүүд улирал тутам, эсвэл тэмдэглэлт өдөр, баяр ёслолыг угтан бараа, бүтээгдэхүүнээ хямдруулах нь бий. Үүнийгээ задгай талбайн зад хямдрал, урамшуулалт худалдаа гэх мэтээр нэрлэдэг. Гэвч үйлдвэрлэгч бус, хэрэглэгч орны хувьд “хар баасан гараг” хэзээд боловсон хулгай байсаар ирснийг учир мэдэх хүмүүс хэлэв.

ШӨХТГ-т удирдах албан тушаал хашдаг нэгэн “Монголчууд худалдааны мэдрэмжгүй. Бүтээгдэхүүний үнийг 60-70 хувиар хямдрууллаа гэхэд бүгд шуурна. 80 хувь гэвэл бүр зодоон болно. Ямар нэг байдлаар элэгдэж, гэмтсэн, баталгаат хугацаа нь богиноссон бүтээгдэхүүн биш л бол ямар ч улс дотооддоо үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн барааг 70-80 хувиар бууруулах нь ховор. Тухайн нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд асар олон хүний хөлс, хүч шингэдэг учраас тэр. 30-50 хувиар хямдруулах нь дээд зэргийн урамшуулал. Манайх ихэнх бараа, бүтээгдэхүүнээ импортоор авдаг учраас энэ зовлонг ойлгодоггүй. Тиймээс зад хямдруулах нэрийдлээр иргэдийг хуурдаг. Ялангуяа баяр ёслолын үеэр” гэсэн юм.

Фэйсбүүкийн нэгэн найз минь ч “Манайх үйлдвэрлэгч биш, дамчдын орон. Үйлдвэрлэгч орны худалдаачид барааны үнийг нэмж, хасахдаа асар болгоомжтой, соёлтой, судалгаатай ханддаг. Үнэ нэмэх, хасах үйл явцын цаана хүн бий гэдгийг сайн ойлгодог. Үйлдвэрлэгч учраас тухайн бүтээгдэхүүн бүтсэн жинхэнэ үнийг ч мэддэг. Үүнийг мэднэ гэдэг үнэ хаа хүртэл хямдарч болохыг мэднэ гэсэн үг” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн нь тун оновчтой дүгнэлт байв.

Үйлдвэрлэл хөгжөөгүй орны зовлон энэ мэт их. Төрд гарсан хүмүүст төсвөөрөө тоглох “боломж” олгоно. Бизнес эрхлэгчдэд хямдруулах, урамшуулах нэрийдлээр иргэдийнхээ халаасыг сэгсрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Албан тушаал, эрх мэдэл давуу, мэдээлэлд ойр хүмүүс нь үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ боломжийг хулгайлна. Үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг хойт эхтэй хүүхэд шиг шоовдорлоно. Шинжлэх ухаан, инновацад тулгуурласан үйлдвэрлэлийг шат шатанд хөгжүүлнэ гэсэн том зорилго дэвшүүлсэн Монгол Улсын бодит төрх ийм л байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)