Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах үлгэр

Засгийн газар өнгөрсөн сарын 20-ны хуралдаанаар ХХААХҮЯ-ны саналын дагуу “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨҮТГ болон “Эрдэнэт хүнс Само” ХХК-д үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Төлөвлөсөн хугацаанд буюу дөрвөн жилийн дотор эдгээр паркийг ашиглалтад оруулснаар “Эдийн засгийн өрсөлдөх чадвар дээшилж, шинэ, дэвшилт технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл хөгжих үндэс суурь бий болно” хэмээн салбарын яам хийгээд аж ахуйн нэгжийн төлөөллүүд дуу нэгтэй ярьцгааж байна. Үйлдвэрлэл, технологийн гэх тодотголтой ийм бүтээн байгуулалтууд нь аажимдаа импортын бараа, бүтээгдэхүүнийг халж, монголчуудыг бусдын гар харахааргүй болгох ач холбогдолтой гэж холыг харж, итгэл хүлээлгэж буй.

Гэвч маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэгчээр тав, тавин жилийн дараа хүртэх үр ашгаас илүү паркийн бүтээн байгуулалт л хүмүүст илүү сонин байна. Учир нь, ажил хэрэг болж амжилгүй цаасан дээр үлдсэн, эсвэл санхүүгийн гацаанд орсон, иймэрхүү сүржин нэртэй, томоохон амлалт, төлөвлөгөө манайд цөөнгүй бий. Ийм байхад “Хугацаандаа ашиглалтад орох болов уу, бид үр шимийг нь хүртэх үү” гэх эргэлзээ, болгоомжлол хэнд ч төрөх нь ойлгомжтой.

Манай улсад анх 2003 онд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл, 2009 онд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль баталсан. Ингэснээр энэ чиглэлийг хөгжүүлэх боломж, эрх зүйн үндэс бий болсон юм. Гэвч үүнээс есөн жилийн дараа үйлдвэрлэл технологийн парк байгуулах оролдлого хийж эхэлсэн. Тухайлбал, 2012 онд Архангай, Булган, Завхан, Дархан-Уул, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорноговь, Өмнөговь аймагт ийм парк байгуулах санаачилга гаргаж, төслийн уралдаан зарлан, заримынх нь ТЭЗҮ-ийг хүртэл боловсруулж байжээ.

Гэвч дийлэнх нь ажил хэрэг бололгүй, тэгсхийгээд замхарсан. Өдгөө Дархан-Уул, Орхон аймгийн үйлдвэрлэл, технологийн паркууд тогтвортой, дориун ажиллаж байна. Харин Сайншандынх түр зогсолт хийж буй гэх бөгөөд оны сүүлчээс үйл ажиллагаагаа жигдлэх сурагтай. Цагаандаваа, Нарангийн энгэр гэсэн хоёр чиглэлд байгуулахаар 2015 оноос ярьж эхэлсэн, үйлдвэрлэл, технологийн “Эко” паркийн ажил яст мэлхийн хурдаар урагшилж байна. Хаягдал дахин боловсруулдаг бүх үйлдвэрийг эл паркад байршуулснаар 900 гаруй ажлын байр бий болж, нийслэлчүүд толгойн өвчнөөсөө ангижирна гэж хотын удирдлага, төсөл хэрэгжүүлэгчид ам уралдан ярьж байгаа. Гэвч бодит байдал дээр энэ ажил нэг л урагшгүй, явуургүй. Бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийнхөө дөнгөж тал хувийг бүрдүүлээд буй гэнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодруулахад “Хамтран ажиллах хүсэлтэй компаниудын материалыг хүлээн авч, шалгаруулж, ТЭЗҮ-ээ боловсруулсан. Удахгүй барилгын ажлаа эхлүүлнэ” гэлээ.

Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажил эхнээсээ энэ мэтчилэн санхүүгийн гацаанд орж, саатаж байна. Энэ нь аливаа ажлыг тооцоо судалгаагүй эхлүүлдэг манай эрх баригчдын, сайд, дарга нарын, мэргэжилтнүүдийн гол дутагдал. Харин шинээр байгуулахаар зэхэж буй паркууд юунд саатах бол.

Өдгөө нийслэлд бүх чиглэлийн үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулдаг аж ахуйн нэгжүүд Хан-Уул, Сонгинохайрханд голлон төвлөрч байгаа ч зарим талаараа иргэд аюулгүй, тав тухтай амьдрахад сөргөөр нөлөөлж буй. Тэдгээр үйлдвэрээс гарсан хаягдлын уршгаар хөрс, ус, агаар ихээхэн бохирддог учир байгальд халгүй, аюулгүй, эрүүл үйлдвэрлэл явуулах шаардлага тулгарч байна. Энэ хэрэгцээ, шаардлагад үндэслэн, нийслэлийн дагуул хотуудад, нийт 16 байршилд ийм парк байгуулахаар Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэв. Тэрбээр “Эхний ээлжинд Эмээлт, Налайх, Багануур, Багахангайд байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Байгальд сөрөг нөлөөгүй технологи бүхий, хүнс, хөнгөн, барилгын материалын болон жижиг, дунд үйлдвэрийг хаяа, дагуул хотуудад байгуулснаар улсын эдийн засагт голлох байр суурьтай, хот байгуулалт, суурьшлын систем бий болно” хэмээн ярилаа.

Эдийн засгийн байдал хүндхэн байгаатай холбоотойгоор эхний ээлжинд байгуулахаар төлөвлөсөн паркуудынхаа ч заримыг нь түр хугацаагаар хойшлуулж, зайлшгүй шаардлагатайд нь зөвшөөрөл олгосон гэнэ. Дээрх гурван паркийг байгуулахад 252 сая ам.доллар шаардлагатай бөгөөд 9000-10.000 мянган ажлын байр бий болгож, 200 гаруй үйлдвэр нэг дор төвлөрүүлэх аж. Жишээлбэл, Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркад арьс шир боловсруулах 19, ноос, ноолуур угаах найм, дахин боловсруулах, дэмжих болон бэлэн бүтээгдэхүүний тус бүр дөрвөн үйлдвэр байгуулах гэнэ. Тэрчлэн Налайхын паркийг ашиглалтад оруулснаар манай улсын барилгын материалын үйлдвэрлэл одоогийнхоос хоёр дахин өсөхөөс гадна нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, бүс нутгийн хөгжилд эерэг нөлөөтэй гэж мэргэжилтнүүд ярилаа.

Хотын удирлагууд 2015 онд “Эко” паркийг өнөө, маргаашгүй байгуулчих юм шиг ярьж байв. Гэвч өдгөө бичиг цаасны ажлаасаа ч салаагүй явна. 2032 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй гэх. Ирэх жилээс барилгын ажлыг нь эхлүүлэх дээрх паркуудын ажил ч үүний нэг адил бүү цалгардаж, сунжраасай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)