Үзэсгэлэнтэй,бас аюултай

Холимог тулааны дэлхийн хамгийн том, тэргүүлэх байгууллага бол Ultimate Fighting Championship (UFC) юм. Анх 1993 онд байгуулагдсан уг холбоонд олон зуун шилдэг тулаанч харьяалагддаг бөгөөд олон жилийн турш эрчүүд нь анхаарлын төвд байсаар ирсэн.

Гэвч 2012 онд UFC-ийн ерөнхийлөгч Д.Уайт октагоны дэвжээнд эмэгтэй тамирчдыг гаргах шийдвэр гаргаснаар холимог тулааныг сонирхох үзэгчдийн тоо эрс өссөн юм. Р.Роузи, Х.Холм, М.Тэйт нарын шилдэг эмэгтэй тулаанч эрчүүдээс дутахгүй ур чадвар, авьяастай гэдгээ харуулж эхэлснээр алдар нэрд гарч, түүхэнд тодоор дурсагдах олон тулаан, ялалтыг үзэгчдэд бэлэглэсэн түүхтэй.

Бие бялдрын онцгой хөгжил, тулааны урлагийн өндөр ур чадвар эзэмшсэн зарим шилдэг эмэгтэй тулаанчийг танилцуулъя.

АЮУЛТАЙ РОНДА РОУЗИ

UFC-ийн түүхэн дэх анхны эмэгтэй тулаанч, анхны эмэгтэй аварга, бас анхны супер од. 2007 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2008 оны Бээжингийн олимпын наадмын хүрэл медальт Ронда 2010 онд холимог тулааны дэвжээнд (сонирхогч) анх удаагаа гарсан юм. Сонирхогчийн гурван тулаандаа ялалт байгуулсан Р.Роузи 2011 онд мэргэжлийн тамирчин болсноор 2015 он хүртэл 12 тулаанд өрсөлдөгчдөө дийлдээгүй гайхалтай цувралаа эхлүүлж байлаа.

Энэ хугацаанд нийт есөн өрсөлдөгчөө өчих мэхээр хэдхэн секундийн дотор буулгаж авснаар Рондагийн алдар нэр дэлхий даяар цуурайтах болсон юм. Эдгээр ялалт нь түүнийг “Bone collector” хэмээх сүрдэм хочтой болоход нөлөөлжээ. 2015 онд Р.Роузи холимог тулааны спортын хамгийн өндөр цалинтай (эрэгтэй, эмэгтэй бүх тамирчдыг оролцуулаад) тамирчин болсноос гадна Google-ээр хамгийн их хайсан алдартнуудын гуравдугаар байрт жагсаж байлаа.

Гэвч тэрбээр 2015 онд Х.Холм, 2016 онд А.Нунес нарт дараалан ялагдаж аварга цолоо алдсан юм. Улмаар Ронда WWE буюу нохой зодооны холбоотой гэрээ байгуулж, өнгөрсөн сард рингэнд гарав. Гэсэн хэдий ч Р.Роузи холимог тулааны спортыг орхиж буйгаа албан ёсоор зарлаагүй.

КРИС САЙБОРГ

Өмнө нь “Strikeforce”, “Invicta FC” холбооны хагас хөнгөн жингийн аварга болж байсан Крис Сайборг (жинхэнэ нэр нь Кристиана Жустину Венансиу) эдүгээ UFC холбоонд харьяалагдаж буй. Бразил бүсгүй дэндүү сайн тулаанч учраас 2015 онд UFC-ийн удирдлага түүнийг холбоондоо элсүүлж, гэрээ байгуулахад хүрсэн билээ.

Тай боксын хар бүс, жиү-жицүгийн хүрэн бүстэй Сайборг нь холимог тулааны дэвжээнд 22 удаа гарахдаа 20 ялж байсан гаргуун амжилтын эзэн. Тэрбээр 2005 онд анхны тулаандаа ялагдал хүлээснээс хойш 20 дараалан ялаад буй. Тиймээс ч түүнийг орчин цагийн хамгийн аймшигтай эмэгтэй тулаанч гэж үзэх болсон.

Сайборг хамгийн сүүлд энэ сарын 3-нд ОХУ-ын Я.Куницкаяг ялснаар UFC-ийн хагас хөнгөн жингийн аварга цолоо хоёр дахь удаагаа амжилттай хамгаалав.

Бүх л өрсөлдөгчөө ур чадвар, техник, хурд хүчээр илт илүүрхэн ялсаар ирсэн түүнийг цаашид ч хэдэн жил холимог тулааны дэвжээнд босоо байна гэдэгт хөгжөөн дэмжигчид нь итгэлтэй байна.

Гэхдээ түүнийг гол өрсөлдөгч Аманда Нунес нь халз тулаанд дуудаад буй. Хэрэв хоёр тулаанчийн баг тохиролцоонд хүрвэл Сайборг, Нунесийн тулаан асар сонирхолтой болох нь гарцаагүй.

РОУЗ НАМАЮНАС

Даруухан, соёлтой харагдах энэ бүсгүй үнэндээ “Thug” (Дээрэмчин) хочтой. 2010 оноос холимог тулааны сонирхогчийн тэмцээнд оролцож, улмаар 2013 оноос мэргэжлийн тамирчин болжээ. Октагонд нийт 10 удаа тулалдаж, долоо ялсан агаад эдүгээ UFC-ийн хөнгөн жингийн аварга цолыг эзэмшиж буй. Тулаандаа голдуу жиү-жицү, таеквондогийн техник, мэх ашигладаг бөгөөд цохилт сайтай. Роуз каратэ, таеквондогийн хар бүстэй учир UFC-ийн дэвжээнд өшиглөлт, өрсөлдөгчөө унагаах тал дээр ямар ч тулаанчаас дутахгүй.

Литва гаралтай Роуз таван настайдаа таеквондо сурч эхэлсэн бөгөөд түүнээс хойш каратэ, жиү-жицү, кикбокс, бөх зэрэг тулааны олон спортоор хичээллэжээ. 2017 оны арваннэгдүгээр сард хөнгөн жингийн аварга Й.Йенжечикийг ялж, аваргын бүс эзэмших болсон нэгэн.

КЭТ ЗИНГАНО

“Альфа” хочтой энэ тулаанч жиү-жицү, бөх, тай боксын төрөл бүрийн мэхийг чадамгай эзэмшсэн учир UFC-ийн хамгийн шилдэг тамирчдын нэгэнд тооцогддог. Урт, хүчирхэг гартай Кэт 2013 онд өөр нэг шилдэг тулаанч М.Тэйтийг буулгаж авахдаа UFC-ийн түүхэнд өрсөлдөгчөө техникийн нокаутаар ялсан анхны эмэгтэй болж байлаа.

12 настайдаа бөхийн спортоор хичээллэж, АНУ-ын аварга болж байсан Кэт төдөлгүй тулааны спортод хөл тавьсан юм.

2008 онд холимог тулааны мэргэжлийн тамирчин болсноос хойш есөн тулаанд дараалан ялсан ч сүүлийн гуравтаа ялагдаад буй. Түүний анхны ялагдлыг тухайн үедээ ид оргил үедээ байсан Р.Роузи хүлээлгэж байв.

ХОЛЛИ ХОЛМ

2015 оны арваннэгдүгээр сард болсон UFC 193 тэмцээний үеэр Р.Роузиг буулган авч дуулиан тарьсан тулаанч. Дархан аваргыг анх удаа өвдөг сөхрүүлсэн Х.Холмын энэ ялалтыг тухайн үедээ тулааны спортын түүхэн дэх хамгийн дуулиантай нь гэж нэрлэж байлаа.

Гэхдээ түүнийг гэнэт цоорсон тулаанч гэвэл эндүүрсэн хэрэг. Х.Холм нь мэргэжлийн бокс, кикбоксоор хичээллэж өндөр амжилтад хүрсэн нэгэн бөгөөд BoxRec-ийн чансаагаар эмэгтэй мэргэжлийн боксын бүх цаг үеийн түүхнээ хоёрдугаарт бичигдэх шилдэг тамирчинд тооцогддог. Х.Холм мэргэжлийн боксын рингэнд 38 удаа тулалдаж, 33 ялсан агаад жиндээ хэд, хэдэн холбооны аваргын бүсийг эзэмшиж байв.

2011 оноос холимог тулааны тамирчин болж, 15 тулаанд оролцохдоо 11 ялсан юм. Оргил амжилтыг нь UFC-ийн хагас хөнгөн жингийн аварга болсон тулаан гэж нэрлэж болно. Хэдий тэрбээр Р.Роузиг ялж аваргын бүс эзэмшиж эхэлсэн ч ердөө дөрвөн сарын дараа М.Тэйтэд ялагдан бүсээ алдсан юм.

ПЭЙЖ ВАНЗАНТ

Хамгаалалтын техник сайтай, жиү-жицүгийн төрөл бүрийн мэхийг чадварлаг эзэмшсэн Пэйж эдгээр давуу талаа ашиглан өрсөлдөгчөө буулгаж авдаг. Багадаа балетаар хичээллэж, жааз, хип хоп сонирхдог байсан П.Ванзант дунд сургуульдаа хэдэн охинд байнга дээрэлхүүлдэг байсан учир тулааны урлагаар хичээллэх болсон гэдэг.

Тэрбээр бүжгийн сургалтад явж байхдаа UFC-ийн тамирчин асан К.Шэмрокын клубт элсэж, улмаар бокс болон бусад тулааны спортод суралцаж эхэлжээ. 2012 онд 18 насандаа сонирхогчийн анхны тулаандаа оролцсон Пэйж хэдхэн сарын дараа мэргэжлийн тамирчны хувиар анхлан октагонд гарч байв. 2018 оны нэгдүгээр сарын байдлаар UFC-ийн 11 тулаанд оролцож, долоон ялалт байгуулаад буй.

П.Ванзант “Nike”, “Columbia Sports­wear” компанитай гэрээ байгуулж, загвар өмсөгчөөр ажилласнаас гадна “Ододтой бүжиглэх нь” телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан авьяаслаг бүсгүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)