Үзэгчдээ өндөлзүүлсэн “VIRTUOSO”

Шилдэг хөгжимчид, дуучдын нэгдсэн тоглолт “Virtuoso gala concert-2019” Улсын филармонийн концертын танхимд боллоо. Гадаад үгээр тодотгосон ийм нэгэн тоглолт бий болсоор удаж буйг мэдэх ч 17 жилийн түүхтэй гэж бодсонгүй. Анхны тоглолтыг тэртээ 2001 онд “Баян гол” ресторанд зохион байгуулж байжээ. Санаачлагч, тухайн үед ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн даргаар ажиллаж байсан, төгөлдөр хуурч М.Цогбадрах сонгодог хөгжмийг үзэгчдэд “ходоодоор нь дамжуулж” хүргэх арга хэрэглэх гэж оролдсон нь тэр аж. Гэхдээ “Оновчгүй бололтой, ерөөсөө тайзны академик тоглолт байх ёстой юм байна” гэж үзээд тайзан дээр явуулж байхаар шийджээ. Эдүгээ уг тоглолт 17 дахь жилдээ үзэгчдэд хүрсэн бөгөөд энэ үдэш тайзан дээр хөгжимдсөн, дуулсан уран бүтээлч бүхэн үзэгч, сонсогчдын сэтгэлийг эзэмдэж байв.

Тоглолтын салхийг морин хуурч, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин О.Төмөрхуяг хагаллаа. Тэрбээр Унгарын алдарт хөгжмийн зохиолч Д.Попперын “Тарантелла”-г тоглов. Тарантелла гэдэг нь итали үндэсний бүжгийн хэмнэл бөгөөд Европын хөгжмийн зохиолчдын дунд энэ төрлөөр туурвих загвар нэгэн үе ихэд дэлгэрэхэд өнөө хэр хөгжимчдийн дурлан тоглодог бүтээлүүд төрсөн түүхтэй ажээ. Виолончельд зориулсан уг бүтээлийг морин хуураар тоглосон нь зохицолтой агаад сонирхолтой аж. Нэг аялгуу давтагдан хөврөх атлаа эргэж, буцан эгшиглэх нь голын усны эргүүлэг аятай. Ердөө гурван минут гаруй үргэлжлэх уг зохиолыг тоглоод дуусмагц үзэгчид морин хуурч, төгөлдөр хуурч хоёрт халуун алга ташилт бэлэглэснээр гала тоглолт эхэлсэн юм.

О.Төмөрхуяг Ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлагад суралцаж байгаад морин хуурч З.Хосбаяр багшийн шавь болж, 2018 онд Консерватор төгссөн байна. Морин хуурын “Чавхдас” дөрвөлийн гишүүн. Хамтлагийнхантайгаа 2015 онд Швед, Норвег, Дани, ОХУ, Японд уран бүтээлээ толилуулсан бөгөөд 2015 оноос Морин хуурын чуулгын хөгжимчнөөр ажиллаж байгаа аж. 2017 онд ДБЭТ-ын тайзнаа уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Энэ оны хавар ОХУ-д болсон Монголын соёлын өдрүүдээр Санкт-Петербург хотын “Капелла” театрын тайзнаа төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын морин хуурт зориулсан концертыг тэрбээр Морин хуурын чуулгатай эгшиглүүлжээ.

Энэ жилийн “Виртуоз уран бүтээлч”-ээр эвэр бүрээч, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, СУИС-ийн багш Н.Жүрмэддорж тодорч, тус тоглолтын дэмжигч БСШУСЯ-ны шагнал хүртлээ

Түүний дараа эвэр бүрээч, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Н.Жүрмэддорж хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын эвэр бүрээ, цуур, найрал хөгжимд зориулсан концертыг төгөлдөр хуурчтай тоглосон юм. Нэлээд урт, арваад минут тоглосон ч үзэгчид, тэр дундаа танхимын лав гуравны нэг орчмыг эзлэн буй бага, дунд насныхан хүртэл уйдахгүй таалан сонсов. Хангайн уулсын цуурай, хандгай, бугын амьдралын талаар өгүүлэх мэт хөгжмийг эвэр бүрээ, цуураар ээлжлэн гоцолж хөгжимдөж буйг харахад хуруу, гар, амьсгааны өвөрмөц техниктэй болохыг мэдэрч болохоор.

Дөч эргэм насны эвэр бүрээч тоглоод, ёслон ороход зөрөөд зургаан настай, жижигхэн хийл барьсан, шар алаг даашинзтай эгдүүтэй охин гарч ирж, байраа эзэллээ. Концертмейстер багшаа толгой дохин удирдаад тоглож эхэлсэн тэрбээр Консерваторын Сонгодог хөгжмийн сургуулийн 2-ын “А” ангийн сурагч Б.Насанжаргал. Германы хөгжмийн зохиолч Ф.Зейцийн хийлийн V концертын III хэсгийг хэвлүүхэн тоглоод ороход нь бас нэгэн бага ангийн сурагч гарч ирсэн юм. Тэрбээр тус сургуулийн 3-ын “А” ангийн сурагч З.Амин-Эрдэнэ. Гурван настай байхад нь мэргэжлийн багш С.Саянцэцэг нь авьяасыг нь илрүүлж, шавиа болгосон аж. Чехийн хөгжмийн зохиолч К.Чернийн этюдийг, хөгжимчин зохиолыг хэрхэн ойлгож байгаагаа яаж харуулахыг яруу тод үзүүлэн тоглоод орсон доо.

Бага насны хоёр сурагчийн дараа гарч ирсэн, дээрх сургуулийн 9-ийн “а” ангийн сурагч Э.Эмүжин Ж.Бизегийн “Кармен”-ыг тоглов. Унгарын хөгжмийн зохиолч Хюбай алдарт дуурийн хөгжмөөс сэдэвлэн найруулж бүтээсэн тансаг хөгжмийг тэрбээр эгээ л насанд хүрсэн уран бүтээлч шиг эгшиглүүлсэн юм. Дараа нь төгөлдөр хуурын ангийн оюутан Э.Энхманлай Францын хөгжмийн зохиолч М.Равелийн “Токката” хэмээх бүтээлийг уран яруу тоглоход үзэгчид алга ташилт харамгүй зориулав.

Улсын филармонийн симфони найрал хөгжмийн виолончельч Ж.Доржсүрэн суут П.И.Чайковскийн сонирхолтой бүтээл пеццо каприччио хэмээх бүтээл тоглов. Энэ төрлийн хөгжим уран тансаг хэллэг, аялгууг илтгэдэг аж. Ер нь виолончелийг эр цээл хоолойтой зүйрлүүлдэг. Тэр утгаараа тоглоочийг виолончель хөгжмийг дуулуулж байна ч хэмээдэг. Энэ үдэш уг хөгжим хэрхэн дуулахыг сонслоо. Уярам юм.

Хөгжимчид тоглосны дараа дөрвөн дуучин ая дуугаа өргөв. Зохиолын дуучдын концертоор л “Ая дуугаа өргөх” тухай хөтлөгч нь хэлдэг гэж бодохгүй байна. Дуурийн дуулаач мэргэжилтэй залуус сонгодог ая, аялгуу, дуу өргөлөө. Консерваторын төгсөгч Ч.Ану, мөн тус сургуулийг өнгөрсөн хавар төгсөөд эдүгээ магистрантурт суралцаж буй Т.Бат- Үжин, ДБЭТ-ын гоцлол дуучин, меццо сопрано Б.Уранзолбоо, тус театрын гоцлол дуучин, баритон Б.Монголхүү нар суут хөгжмийн зохиолч Ж.Верди, В.А.Моцарт, Ж.Россини, С.Рахманинов нарын “Хувь заяаны хүч”, “Увдист лимбэ”, “Итали бүсгүй Алжирт”, “Алеко” гэсэн дуурийн гол дүрүүдийн ариг хүргэлээ. Уг тоглолтыг зохион байгуулагч “Виртүс” академийн зүгээс дуурийн эмэгтэй дуучид буюу сопрано хоолойтнуудыг дэмжих бодлого баримталж буй юм байна. Тийм ч учраас залуу сопрануудыг тоглолтод түлхүү урьжээ. ДБЭТ-ын гоцлол дуучин меццо сопрано Б.Уранзолбоог дуулахад үзэгчид уухай хашхирах нь холгүй байлаа. Маш удаан алга ташиж, “Браво” хэмээсэн. Тоглолтын төгсгөлд дуурийн дуулаачийн багш нар ярьж байхыг сонсоход, ДБЭТ бас нэгэн сайхан меццо буюу өтгөвтөр хоолойт эмэгтэй дуучинтай болж байгаа ажээ. Дуучин Москвад найрал дууны мэргэжлээр дээд сургууль төгссөний дараа П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлээд, өнгөрсөн хавраас ДБЭТ-ын өндөр босгыг алхсан аж.

Тэдний дараа бас нэгэн бага насны хөгжимчин хийл барьсаар гарч ирсэн нь есөн настай Т.Есүй байлаа. Тэрбээр “Эрхэм баян эрдэм” дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч бөгөөд Монголын хүүхдийн ордны хийлийн дугуйланд суралцдаг. Мэргэжлийн багш нь хийлч Г.Отгонжаргал. Зөвхөн хөгжмийн мэргэжлийн сургуульд суралцагчид гэлтгүй хүсвэл дугуйланд яваад мэргэжлийн түвшинд тоглодог болж болно гэдгийг үзэгч хүүхдүүдэд танилцуулах үүднээс Т.Есүйг уг тоглолтод урьсан аж. Охин өнгөрсөн хавар Чех улсад болсон тус улсын алдарт хийлч Косианы нэрэмжит хийл хөгжимчдийн олон улсын 61 дүгээр уралдааны II байрын эзэн болсон шилдэг тоглооч.

“Virtuoso gala concert-2019” тоглолтыг хоёр сайхан хамтлагийн тоглолтоор өндөрлүүлсэн юм. ДБЭТ, ҮУИТ-ын хөгжимчид, Консерваторын оюутнууд бүрэлдэхүүнд нь багтдаг цохивор хөгжмийн дөрвөл үзэгчдийн төсөөлж байгаагүйгээр тоглож, танхимд буй нас насны хүмүүсийг суудал дээр нь өндөлзүүлэв. Тэд Японы хөгжмийн зохиолч Минору Микигийн “Маримбын гайхамшиг” хэмээх бүтээлээс сэдэвлэсэн найруулгыг тоглосон юм. Хамтлагийн ахлагч С.Хүлэгбаатар дипломын ажилдаа зориулж найруулснаа ийнхүү “Virtuoso”-ын үзэгчдийн сонорт, сэтгэлд хүргэв.

Улсын филармонийн симфони найрлын хөгжимчдийн модон үлээврийн тавал Францын хөгжмийн зохиолч Жак Ибертийн хаврын салхи мэт сэвэлзсэн өнгө аястай “Гурван жижиг аяз” бүтээлийг хөвсөлзүүлэнхэн тоглосоор гала концертыг өндөрлүүллээ.

Гарамгай уран бүтээлчдийн гэж ч тодотгодог, жилдээ нэг л удаа болдог шилдгүүдийн нэгдсэн тоглолтын сонин сайхнаас хүргэлээ. Хурим найр хавтгайран давхацсан энэ өдөр хөгжим сонсохоор сонгож ирсэн үзэгчид, тэр дундаа бага насны, үе тэнгийн хөгжимчдөө сонсохоор зорьж ирсэн үзэгчдэд тусгайлан баяр хүргэж буйгаа зохион байгуулагчид хэлж байлаа.

Бэлтгэсэн: Ж.Тэргэл


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)