Үзлэгт хамрагдаагүй 179 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хасуулжээ

2016 оны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгт үндсэн чиглэлийн 20, туслах чиглэлийн 11, буухиа чиглэлийн 4, такси үйлчилгээний 14 аж ахуйн нэгж байгуулагуудын нийт 1734 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Тушаалаар батлагдсан хугацаанд үзлэгт хамрагдаагүй 179, стандартын шаардлага хангаагүй 13 тээврийн хэрэгслийн мэдээллийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар смарт карт болон холбогдох хэлтсүүдэд хүргүүлэн нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас хасуулаад байна.

Тус үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслүүдийн утаа хаялт стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн, гэрэлтүүлэх хэрэгслүүд дутуу асдаг,  реклам сурталчилгааг тээврийн хэрэгслийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц байрлуулсан зэрэг зөрчлүүд ихээхэн илэрснийг арилгуулах арга хэмжээ аваад байна.

Техникийн хяналтын үзлэгийн төвд 2015 онд Нийслэлийн төсвийн 809 сая төгрөгийн хөрөнгөөр Германы “МАХА”  фирмийн тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийгдсэн. Хэмжилтийн өндөр нарийвчлал бүхий шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглан техникийн хяналтын үзлэг хийснээр тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналт сайжирч, үйлчлүүлэгчдэд өгөх мэргэжлийн зөвлөгөө илүү бодитой боллоо. Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа тээврийн хэрэгслийн их гэрлийн тохиргоо алдагдсан байгаа тохиолдолд тохируулж өгөх үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан зам тээврийн осол гарах эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой ажил болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)