Үе үеийн үсчид чуулан үс засалтын түүхийг харуулна

Монголын үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын XX наадам энэ сарын 29-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах нь. Уг тэмцээний талаар Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаагаас тодрууллаа.
-Тэмцээнийг хаанаас зохион байгуулж байна вэ. Энэ жилийн тэмцээний онцлог нь юу бол?
-Манай холбоо, ХХААХҮЯ-тай хамтран зохион байгуулж байгаа. Улаанбаатарт үсчин, гоо засалчдын тэмцээн анх 1971 онд болсон түүхтэй. Харин Улсын аварга шалгаруулах тэмцээн 20 дахь удаагаа болж байгаа. Тиймээс ойн хүрээнд 1971 оноос хойш тэмцээнд оролцож байсан, одоо амьд сэрүүн байгаа ахмадуудыг урьж оролцуулж байгаагаараа онцлог. Мастер үсчидтэй хамтран тэд 1971 оноос хойших түүхэн үс засалтыг харуулсан үзүүлбэр үзүүлнэ. Мөн энэ үеэр гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.
- Тэмцээн хэчнээн төрлөөр явагдах вэ?
-Үс, нүүр ба бие будалт, хумс урлал гэсэн төрлөөр 13 номанициар явагдана. Үүнээс найм нь үс засалтын төрөл байгаа. Аймаг, дүүргүүдээс шалгарсан залуус тэмцээнд оролцоно. Харин мастер цолтой үсчид тэмцээнд оролцохгүй. Энэ нь шинэ залуу үеийг гаргаж ирэх зорилготой юм.
-Шалгарсан үсчид дэлхийн үсчидтэй өрсөлдөнө гэл үү. Манайд зохиогдох гэж буй тэмцээн дэлхийн түвшинтэй харьцуулахад ямар байх бол?
-Эндээс шалгарсан үсчид арваннэгдүгээр сард Парис хотод болох дэлхийн үсчин, гоо сайханчдын, арванхоёрдугаар сард Сөүлд болох Ази Номхон далайн XIV наадамд оролцох эрхтэй болно. Бид энэ жилээс дэлхийн стандартын дагуу тэмцээнээ явуулна.
-Энэ жил ямар үс засалт моодонд орж байна вэ?
-Тэгш геометр хэлбэртэй тайралт эмэгтэй үсэнд ойрын 2-3 жил зонхилно. Эрчүүдийн хувьд уртавтар үзүүрлэсэн засалт моодонд орж байна.

С.ЗАЯА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)