Үе үеийн ПИОНЕРУУД их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ажилтнууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, хүүхдийн төлөөлөл оролцлоо.

Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуусын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм. Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуусын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.

Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Батсайхан: Жил бүрийн тавдугаар сарын 08-ны өдөр Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний ойн баярыг тэмдэглэдэг. Энэ өдөр хүүхдийн байгууллагыг анхлан үүсгэн байгуулсан Д.Нацагдоржийн хөшөөнд уламжлал болгон жил бүр цэцэг өргөдөг. Энэ өдөр бол хүүхдийн эвлэл, пионерт ажиллаж байсан ахмадууд, өнөөгийн хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын баярын өдөр юм. 1990 оноос өмнө пионерууд Сүхбаатарын талбайд нэгдсэн парад зохион байгуулж энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг байсан бол 1990 оноос хойш жил бүр өөр өөр байдлаар зохион байгуулж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, санхүү, удирдлагын газрын дарга Ш.Чинбат: Одоогоос 94 жилийн өмнө Монголын хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн үүсэж хөгжих түүхэн өдрийг эхлүүлсэн. Монголын нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн хөшөөний өмнө Монголын үе үеийн хүүхдийн байгууллагуудад хөдөлмөр, амьдрал, сэтгэл зүрхээ зориулж явсан ахмад пионерууддаа энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд ХЗДХЯ, ХНХЯ хамтран Хууль зүйн байнгын хороо, НББСШУ-ны байнгын хороонд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ялын бодлогыг чангаруулах талаар хуралдаж байна. 

Сүүлийн гурван жилд хүүхдийн байгууллагатай холбоотой хууль эрх зүйн болон төсөв санхүүгийн орчин, энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаа хурдтай эрчимжлээ. 2017 онд хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлын төсвийг өнөөдрийнхтэй харьцуулвал 15 дахин нэмэгдсэн. Мөн хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж шинэчлэгдэж, цаашид шинэчлэх үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Гэр бүлийн тухай хууль УИХ-д өргөн баригдаад хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн боллоо. Монголын хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчдын 85 орчим хувь нь орон нутагт ажиллаж байна. Бид бүхэн Монголын хүүхдийн төлөө зогсох түүхэн цаг үед ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)