Үерийн улмаас хоёр хүн эндэж, 400 өрх цахилгаангүй болжээ

Төв, Говьсүмбэр аймагт уржигдар аадар бороо орсны улмаас үер бууж, хоёр хүн нас барж, 6067 мал хорогдон, 409 айл, 53 хашаа, 10 гаруй автомашин усанд автжээ. Мөн Баян- Өлгий аймаг дахь хилийн Цагааннуур боомт орчмоор ихээхэн хэмжээний цас унасан байна. Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд үерийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэв.

МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН НЭГ ИРГЭНИЙГ ХАЙЖ БАЙНА

Л.ТАМИР (ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа):

-Үерт өртсөн газруудад давхардсан тоогоор онцгой байдлын 81 алба хаагч, орон нутгаас 32 хүн нийт 26 техник хэрэгсэлтэй ажиллаж, 30 хүнийг аварсан. Харамсалтай нь Төв аймгийн Сэргэлэн сумд малдаа явж байсан хоёр иргэн үерийн усанд осолдож амиа алджээ. Нэг нь 13 настай хүү бөгөөд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат юм байна. Төв аймгийн Онцгой комисс хуралдаж, шуурхай ажлын хэсэг байгуулан, газар дээр нь ажиллаж байгаа. Гурван дэд станц үерт өртсөний улмаас 400 өрх цахилгаангүй боллоо. Хоёр дэд станцыг засаж ашиглалтад оруулсан. Нэгийг нь засаж байна. Мөн Баян сумын Өгөөмөр багийн нутагт малдаа яваад сураггүй болсон 18 настай иргэнийг хайж байна.

ТӨМӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭНЭ

М.ЭНХБОЛД (ЗТХЯ-ны Хөгжлийн газрын дарга):

-Амралтын өдрүүдэд орсон борооны улмаас авто болон төмөр замын багагүй хэсэг эвдэрлээ. Улаанбаатараас Мандалговь, Чойр, Өндөрхаан чиглэлд авто тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, хөдөлгөөнийг түр хаасан. Зам, тээврийн салбарын ажилчид шөнөжин ажиллан, сэргээн зассан учир өнөөдөр (өчигдөр) нээв. Налайх, Дундговь болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын хурдны замыг ажлын хэсгийнхэн сэргээн засаж байна. Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын найман хэсэгт нийт 2.8 км зам эвдэрсэн. Үүний улмаас 50 гаруй км замд галт тэрэг явах боломжгүй болов. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 461 хүн, 52 техник хэрэгсэлтэй ажиллаж буй бөгөөд маргааш орой (өнөөдөр) төмөр замын хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна. Зэвсэгт хүчний жанжин штаб, “Билэгт зам” ХХК тоног төхөөрөмж, хүн хүчээр тусалж байгаа. Үерийн усанд төмөр замын далан сэтрэх тохиолдол цөөнгүй гарах боллоо. Хуучирч, элэгдсэн замыг шинэчлэх шаардлагатай. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын хурдны замыг БНХАУ-ын компани барьсан. Завсар, үйлчилгээг гурван жил хариуцах гэрээтэй ч Зам, тээврийн хөгжлийн яамныхан сэргээн босгох ажлыг гүйцэтгэж байна.

ИХЭНХ НУТГААР ААДАР БОРОО ОРОХ НЬ

Л.ОЮУНЖАРГАЛ (ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга):

-Энэ сарын 25 хүртэл дуу цахилгаантай бороо орно. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар халж, зарим газарт 39 градус хүрсэн. Хэт халсны дараа аянга цахилгаантай, аадар орох нөхцөл бүрддэг. Энэ долоо хоногт ихэнх нутгаар аадар бороо үргэлжлэн орно. Ялангуяа төвийн аймгууд, нутгийн зүүн хагас болон өмнөд хэсэгт аадар бороо орох учир аянга цахилгаан, мөндөр, үе усны аюулаас сэргийлэхийг анхааруулъя. Уулархаг нутгаар цас орж, сэрүүсэх төлөвтэй. Борооны өмнө нөөлөг салхитай байна.