Үерийн дараа халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй

Үргэлжлэн орсон борооны улмаас энэ сарын 6-нд нийслэл тэр чигтээ үерт автав. Тэр дундаа Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг айлууд усанд автаж, онцгой байдлын алба хаагчид дуудлагаар ажиллалаа. Тухайлбал, Налайх дүүргийн I хороо Уурхайчдын 25, 26, 27 дугаар гудамжинд нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги болон цагдаагийн 13 алба хаагч, хоёр автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 250 метр урт даланг цэвэрлэсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн VII, XXIV, XXVII хороо, “Мана” амралтын газрын барилга, “Чухаг”, “Хилчин” хотхоны зоорийн давхрууд, ойролцоох гудамж, талбай үерт автсан тул онцгой байдлын албаныхан 20 орчим метр урт шуудуу ухаж, усыг соруулан, зайлуулжээ. Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн XIX хороо, Тахилт, Доод тахилтын гэр хорооллын дундах зарим гудамж, Хан-Уул дүүргийн IV, X хорооны 35 дугаар байр, гэр хорооллын зарим айл усанд автсан байсан тул яаралтай арга хэмжээ авчээ. Үер буусан газруудад онцгой байдлын албаны 30 гаруй алба хаагч ажилласан байна.

Ташрамд дурдахад, Урчуудын эвлэлийн арт галерейд их хэмжээний дусаал гоожсоны улмаас өчигдөр нээх байсан Олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнг өөр газарт зохион байгуулахаас аргагүй болжээ.

Нийслэлийн хөрсөнд бүтэн жилийн турш хуримтлагдсан өтгөн, шингэн ялгадас, нус, цэр нян, бактери, мөөгөнцөр, хүнд металлууд үерийн усаар урсаж байгааг мэдэхэд илүүдэхгүй. Товчхондоо, гэр хорооллын айлуудын жорлон хотын гудамжаар урсаж буйгаас ялгаагүй. Бохир нь хальж, гудамж, талбайд ил гарсан гэсэн үг. Энэ нь амьсгалын замын болон гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин дэгдэх шалтгаан болдгийг эмч нар сэрэмжлүүлэв. Одоогоор нийтийг хамарсан ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй ч иргэд, албан байгууллагууд дор бүрнээ эрүүл ахуйн дэглэм сайтар сахихыг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)