“ҮДШИЙН МУЗЕЙД”

Чойжин ламын сүм музейгээс ес дэх жилдээ зохион байгуулсан “Үдшийн музейд” арга хэмжээ долдугаар сарын 08-ны үдэш болж, гадаад, дотоодын жуулчид оролцжээ.

Тус сүм музейн захирал Д.Отгонсүрэн үйл ажиллагааг нээн хэлсэн үгэндээ “Энэхүү сүмийг Монголын сүүлчийн хаан, наймдугаар богд Жавзандамбын дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын хэрэгт зориулан 1904-1908 онд байгуулсан байдаг. Улмаар сүмийн үйл ажиллагааг 1938 онд хаасан боловч 1942 оноос музейн зориулалтаар ашигласаар өнөөг хүрсэн юм” гэжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Үдшийн музейд” арга хэмжээ нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад, дотоодод соёл, түүхээ сурталчлах чухал арга хэмжээ гэдгийг онцлоод музейн орчин үеийн технологиудын нэвтрүүлэх ажлыг амжилтай хэрэгжүүлсэн тус хамт олонд баяр хүргэв. Учир нь энэ үдэш үзэгчид үзмэрийн тайлбарыг чихэвчээр сонссон аж.

 “Үдшийн музейд” Монгол Улсын Филармонийн Баянмонгол чуулга жазз тоглолтоо өргөн барьжээ. Мөн “Цам”, “Монгол төрийн сахиусны өргөө” зэрэг түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)