Үдийн цайнд хяналт тавьж ажиллаагүй 84, 107 дугаар сургуулийн захирлуудад хариуцлага тооцжээ

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 160 мянга орчим хүүхэд үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна. 2020 оны есдүгээр сарын 1-нээс "Үдийн цай" хөтөлбөр "Үдийн хоол" болж өөрчлөгдөнө. Үүнтэй холбогдуулаад НМХГ-аас сургуулиудын үдийн цайнд хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын талаар танилцууллаа.

2018-2019 оны хичээлийн жилд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-уудаас дараах зөрчлүүд илрэв. Тухайлбал, төрийн өмчийн 125 сургуулийн 61 нь зориулалтын, 59 нь зориулалтын бус цайны газартай. Харин огт цайны газаргүй таван сургууль байна.

Мөн төрийн бус өмчийн 111 сургуулийн 42 нь зориулалтын, 62 сургууль нь зориулалтын бус цайны газартай, 7 нь огт цайны газаргүй байна. 

Түүнчлэн зарим сургуулийн хичээлийн байранд халуун ус тасарсан, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн зэрэг зөрчил илэрчээ. 

Нийт сургуулиудын хоол хүнснээс 55 дээж авч, НМХГ-ын Төв лабораторид шинжилж байна. Зөрчилтэй гаргасан 31 иргэн, ААН-үүдийг 21 сая 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш ярихдаа "Тухайн сургуулийн удирдлага, эмч, менежерууд өдөр тутам хоолны чанар, эрүүл ахуйд хяналт тавих ёстой. Үдийн цайг хэрэгжүүлж байх явцдаа хяналт тавьж ажиллаагүй 84, 107 дугаар сургуулийн захирал нарт холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн боловсролын газарт санал хүргүүлсэн" гэв. 

Тодруулбал, 84 дүгээр сургуулийн хоолны газар зориулалтын бус саванд тараг хадгалж, хүүхдэд өгч байжээ. Мөн 107 дугаар сургууль дээр өнгөрсөн жил хоолны хордлого гарчээ. Үүнтэй холбогдуулаад сургуулийн захиралд хяналт тавьж ажиллаагүй гэсэн үндэслэлээр хариуцлага тооцсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)