Үгээр бус, үйлдлээрээ хэмнэе

Цэнгэг усыг цэрэглэн хамгаалууштай байна

Л.Түдэв

Хүн ямар нэг зүйлийн үнэ цэнийг урьтаж бус, хожимдож, эсвэл алга болсон, үгүйрсэн цагт нь ухаардаг гэмтэй. Бас өөрт тулгараагүй, биеэр туулаагүй бүхнээ хэзээ ч бүрэн мэдэрч, ойлгодоггүй гэдэг. Монголчууд бид усны асуудалд яг л ийм байдлаар хандсаар өдий хүрлээ. “Өмнөд Африкийн Бүгд Найрампах Улсын нийслэл Кейптаун хот усгүй болж, мөхөхөд хүрлээ”, “2040 он гэхэд усаар гачигдах хүний тоо 70 хувиар өсөх нь” хэмээн шогширцгоодог ч бодит байдал дээр балга усандаа хармын сэтгэлээр ханддаг нь хэд билээ. “Яана аа” гэж халаглахаас илүүг хийж чаддаг бил үү, бид. “Усаа хэмнэе, гоожуураа хаая. Нүүр, шүдээ угаахдаа ч ариглая” гэж уриа лоозон болтол ярьдаг атлаа нидэр дээрээ энэ баялгийн хамгийн цамаан, замбараагүй хэрэглэгч нь хэвээр буйг юу гэж тайлбарлах вэ.

БОАЖЯ, “Байгаль орчин, эрүүл мэнд төв” ТББ хамтран хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан “Усны засаглал” хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Балдандорж “Усыг чандмань эрдэнэ гэж онож нэрлэн, дээдэлсэн үндэстэн дэлхийд биднээс өөр үгүй” хэмээн бахдаж байв. Үнэхээр л тийм юм. Хүсэл хангагч эрдэнэ, амьдралыг тэтгэгч гэж гайхалтай сайхнаар нэрийдсэн нь зөвхөн бид. Бусад нь их сайндаа л шингэн, урсдаг алт хэмээн өргөмжилсөн байдаг. Харин бид ингэж гайхалтайгаар онож зүйрлэсэн шигээ түүнийг хайрлаж, хамгаалж чаддаг бил үү. Та үүнийг өөрөөсөө асуугаарай.

Устай холбоотой сайнаас илүү саар мэдээлэл чих дэлсэх нь сүүлийн үед олширлоо. Мөстөл, мөсөн гол хайлах үзэгдэл эрчимжиж, гол, горхи, булаг шанд, нуур, тойром жилд зуу зуугаараа ширгэж, тасарч, татарч, шургаж буй тухай дуулдах болов. Зөвхөн 2015-2016 онд гэхэд 263 гол, горхи, 774 булаг, шанд, 346 нуур, тойром ширгэсэн гэж “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-д дурджээ.

Манай орны ус ашиглалт, хэрэглээг өдгөө жилд дунджаар 500 сая шоо метр гэж тодорхойлсон ч хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор энэ үзүүлэлт цаашид дээш цойлох нь дамжиггүй. “Усны нөөцөө хэрхэн хамгаалж, зүй зохистой ашиглах вэ” гэдэг асуудал тэр үед илүү хурцаар тавигдаж, биднээс ухаан шаардах нь гарцаагүй. Энэ мэтчилэн дурдаад байвал амьдралыг тэтгэгчтэй холбоотой асуудал, зовлон мундахгүй. Баримт, статистик ч хангалттай бий. Гэхдээ энэ удаа саар бүхнийг түр хойш тавиад, ухаалаг хэрэглэж, усаа хэмнэж буй үлгэр жишээ цөөн иргэн, байгууллагын төлөөллийг онцлохыг зорилоо. Бид тэднээс үлгэрлэх хэрэгтэй.

60-70 хувиар бага усаар автобусаа угааж байна

Бид усны хэрэглээнийхээ дийлэнх буюу 90 хувийг газрын доорх усаар хангадаг. Тиймээс гадаргын усыг хуримтлуулан, нөөцийг нэмэгдүүлж, зохистой, дахин ашиглалтыг сайжруулахад анхаарах нь чухал. Гэтэл энэ асуудал манайд урагшгүй буйг Ерөнхийлөгчийн усны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Сосорбарам хэлсэн юм. Тэрбээр “Хамгаалах, нөхөн сэргээх тухай л ярьдаг, зохистой ашиглалтыг хөнддөггүй нь бидний дутагдал” гэсэн. Ялангуяа усыг дахин ашиглах технологи манайд ер нутагшихгүй байгааг цөөнгүй мэргэжилтэн онцолсон.

Усыг хайр гамгүй хэрэглэдэг гэж адлуулж, шүүмжлүүлдэг аж ахуйн нэгжийн томоохон төлөөлөл нь машин угаалгын газрууд. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор нэг машин угаахад дор хаяж 200 литр ус зарцуулдаг гэнэ. Харин нэг автобусыг “хир”-нээс нь салгахад үүнээс 2-3 дахин их ус шаардлагатай аж. Усны нөөц багатайд тооцогддог манай орны хувьд ингэж “тансаглаж” яавч боломгүй. Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн огоо” компанийнхан ашигласан усаа цэвэршүүлэн, автобусаа угаагаад хоёр жил боллоо. Ингэлээ гээд өмнөхөөсөө дордсон, муудсан зүйл тэдэнд үгүй. Харин ч бусдадаа үлгэрлэх болсныг компанийн ажилтнууд хэлсэн юм. Автобус угаасан усыг цэвэршүүлж, дахин ашигладгаараа онцлог эко угаалгын системийг ХБНГУ-ын технологиор, БНХАУ-д үйлдвэрлэсэн юм билээ. Энэ нь ус дамжуулах суваг, бохир цэвэршүүлэгч төхөөрөмж, зүлгэгч буюу угаагч, хөөсний машин, сэнс, хянах самбар гэсэн хэсгээс бүрддэг.

Угаалгын газрын ажилтнууд “Өмнө нь автобусаа угаах гэж зүдэрдэг байсан. Шүршигч буу ашиглаад, өөрсдөө зүлгэдэг байв. Ингэж угаахад их хэмжээний ус үргүй асгадаг. Одоо бид ганц товч дараад л автобуснуудаа угаачихдаг боллоо. Хамгийн гол давуу тал нь хүний хөдөлмөр хөнгөвчилснөөс гадна ус, цаг хэмнэдэгт оршино. Автобус угаахад зарцуулдаг ус өмнөхөөс 60-70 хувиар буурсан” хэмээн их л ам сайтай байв. Төхөөрөмжийг удирдах товчлуурыг дарахад зүлгэгчүүд зэрэг ажиллаж, автобусыг таван талаас нь бүслэн угаана. Энэ үйл явц дуусмагц хатаагч ажиллана. Харин автобус угаахад зарцуулсан ус дамжуулах суваг руу орж, түүгээр дамжин цэвэршүүлэгч төхөөрөмжинд очсоноор дахин ашиглуулах “эрх”-ээ авна. Угаалгын газрын гол ажлыг нугалдаг эд нь цэвэршүүлэгч төхөөрөмж гэнэ. Учир нь тэр дамжуулах сувгаас ирсэн усыг цэвэрхэн, бохирдсон, яаралтай буюу хэт бохирдолтой гэж ялгах чадвартай. Тус компанийнхан дөрвөн баазтай бөгөөд үлдсэн гурвыгаа ч төв бааз шигээ эко угаалгын газартай болгохоор зорьж буй гэсэн.

Манай зарим нэг байгууллага ахуйгаас гарсан усаа цэвэршүүлж, гудамж, талбайн тоосыг дарах зорилгоор ашиглахад мэргэжлийн байгууллага түүнийг нь хориглосон хөгтэй, эмгэнэлтэй гэмээр нэгэн явдлыг БОАЖЯ-ын Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган ярьж байв. Хэдий тийм ч ийм санаачилга гаргаж буй байгууллагуудад талархах учиртай. Амаараа л ажил хийдэг байгууллага, аж ахуйн нэгж өчнөөн болсон энэ үед өдгөө нийслэлд буй 470 мянган автомашиныг цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээсэн угаалгын газар, нийтийн тээврийн компаниуд ч “Тэнүүн огоо” компанийнхны ус хэмнэж буй жишгээс суралцаж, нэгийг бодууштай.

Ухаалаг, хэмнэлттэй хоёрын аль нь дээр вэ

Аливаа зүйл хоёр талтайн тод жишээ нь Ус, сувгийн удирдах газраас хэрэгжүүлсэн “Ухаалаг худаг” төсөл. Энэ төслийн хүрээнд нийслэл, орон нутагт цөөнгүй худгийг ухаалаг системд шилжүүлсэн. Үүний үр дүнд цоожтой хаалга мөргөж, усгүй хоцрох бэрхшээлээс гэр хорооллынхон ангижирсан юм. Хоногийн 24 цагийн хэдийд ч усаа авах эрхийг шинэ технологи нийслэлчүүдэд олгосон учир иргэд тун ам сайтай буй. Гэвч өргөн агуулгаар нь харвал энэ тийм ч догь эд биш ээ.

Би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн зусланд амьдардаг. Манайхаас хэдхэн гудамжны цаана ийм ухаалаг худаг бий. Зэргэлдээх дэлгүүр рүү нь хааяа нэг явахдаа ухаалаг бус, хэмнэлттэй худаг л бидэнд илүү тохиромжтойг ойлгодог. Машин хүлэглэсэн томчууд, 25, 60 литрийн сав сугадсан хүүхдүүд үдэш оройн цагаар дугаарлаж, асгаж цутган байж усаа авч буй харагддаг. “Усаа асгалгүй аваарай” гэж ёс юм шиг хэлдэг, сануулдаг, шаардлага тавьдаг нэгэн “халагдсан” учраас ийм дүр зураг түгээмэл харагдах болжээ. Өвөл бүр тэнд мөсөн дош үүссэн гээд бод доо.

Зарим нь “Технологи, технологийн эрин зуунд амьдарч буй хүмүүс энэ зэргийн дэвшилд хүрэлгүй яах вэ” гэж өмөөрч, дургүйцэж магадгүй л юм. Гэхдээ нийтийн буюу дундын өмчид буй баялгийг хайр гамгүй ашигласнаар эцсийн дүнд хэрэглэгчид нэгэн адил хохирдгийг мартах учиргүй\.

Өмнө нь бид онгойх, хаах цагтай, хэмнэлттэй худагтай байв. Харин одоо “Ав, нээлттэй” гэдэг үрэлгэн худагтай болов. Түүнийг би усны замбараагүй хэрэглээг хөхиүлэн дэмжигч гэж “сэжиглэдэг” юм. Усны зохистой ашиглалтыг бий болгоход ухаалаг хэрэглээ юу юунаас ч чухал билээ. Харин ухаалаг худаг үүнийг бий болгох уу. Та үүнийг тогтож тунгаагаарай.

Гэр хорооллынхны “хайр зарлаад” буй ухаалаг худагтай адил 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэх боломжтой худагтай нэгэн айл гэрээс минь хэдхэн алхмын зайд бий. Манайх эднийхээс байнга усаа авдаг. Гэвч тэд үйлчлүүлэгчдээ дураар дургиулдаггүй. Усаа зараад хэдэн төгрөг олох нь мэдээж тэдэнд ашигтай. Гэвч гэрийн зээгтэй С.Бадамхүү “Үйлчилгээ цаг нартай байх ёстой” гэж үздэг учраас 19.00 цагаас хойш хэнбугайг ч хөл тавиулдаггүй юм. Мөн тэрбээр ус авахаар очсон хүмүүсийг том, жижиг гэлтгүй “хичээл заана”. Ярьдаг сэдэв нь аж ахуйч байх. Нийслэлчүүд чандмань эрдэнэдээ хэр ариг гамтай ханддаг талаар түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Танайх хашаандаа хэзээ худагтай болсон бэ. Ус түгээдэг, олны хөлд дарагддаг гэхэд танай хашаа их цэвэрхэн шүү.

-Удаж байна аа. Эхэндээ ногоо услах зорилгоор худаг гаргасан юм. Сүүлдээ бид ажлаа барахаа байгаад, энэ хавийнхаа айлуудад л ус түгээдэг боллоо. Хүмүүс цэвэрхэндээ биш, бид харуул шиг манаж зогсдог тулдаа л ийм байна. Ялангуяа жаахан хүүхдүүд ус авахаар ирэхэд нөхөр бид хоёрын хэн нэг нь заавал манана. Тэгэхгүй бол асгаж цутгаад зунд шавар шавхай нь дийлдэхгүй. Өвөлд гялтайгаад хөлдчихөөд их хэцүү.

-Танайх хувьдаа худагтай мөртлөө оройн цагаар яагаад ус түгээдэггүй юм бэ. Нэг ч гэсэн айлд буян болох юм биш үү?

-Хаяанд байгаа айлууд ихэвчлэн манайхаас ус авдаг болохоор ажлаа амжуулж сураг гэж бодоод тэгдэг юм. Орой болохоор яарсан, сандарсан улс ирээд энэ хавийг бужигнуулж өгнө. Ус асгана, цахилгааны утас тасална. 19.00 цагаас хойш хашаагаа түгжчихдэг. Нэг талаараа бид муухай аашилж байгаа юм шиг боловч тэдэнд буян болж байгаа хэрэг л дээ.

-Усаа хэмнэе, гамная гэж ярьдаг хүн олон. Харин үүнийгээ хэрэгжүүлдэг нь хэр олон бол. Ус авахаар ирж буй хүмүүсээс та үүнийг “тольддог уу”?

-Ер нь манайхан замбараагүй, их дураараа. Усныхаа савыг энд ирж угаана. Ингэхдээ бараг талд нь хүртэл ус хийж байгаад, зайлж асгадаг. Их анзаардаг. Зарим нь таггүй савтай ирчихээд цалгиулаад аваад явна. Хэт дүүргэчихлээ гээд дундлаад асгах нь ч бий. Ийм жаахан зүйлсээс ч анзаарагддаг юм.

-Гэр хороололд нэвтрүүлсэн ухаалаг худгийг та юу гэж боддог вэ?

- Хэрэг болгож очиж үзсэн. Сайхан шийдэл санагдсан. Гэхдээ бас л цаг нартай болгочихмоор санагдаад байгаа юм.

-Бидний хооронд ийм яриа өрнөсөн юм. “Цаг нартай байх ёстой” хэмээх түүний үгний цаана “Ус дуусдаг баялаг юм шүү. Замбараагүй хэрэглэж болохгүй” гэсэн хармын сэтгэл бий гэж итгэдэг. Усыг чандмань эрдэнэ хэмээн өргөмжилсөн монголчууд, 1.3 сая хүн амтай, метрополис хотод аж төрдөг гэж ихэрхдэг нийслэлчүүд, цоожтой, цоожгүй худаг “сахьж” ундны усаа залгуулдаг Улаанбаатарын гэр хорооллын 280 мянган өрхийн гишүүн бүр түүнээс үлгэрлэх хэрэгтэй.

Төрийн шагналт зохиолч Л.Түдэв “Усыг арвижуулах, нөөцийг нь хамгаалах, бохирдуулахгүй байх, зөв ашиглах асуудал улсын бодлого, үндэсний халамж байх ёстой” хэмээсэн нь бий. Мэдээж тийм байх ёстой. Гэхдээ усыг хамгаалах, зөв ашиглах нь иргэн бүрийн сэтгэл, хандлагаас үлэмж хамаааралтай билээ. Ухаалаг хэрэглэж, усаа хэмнэе. Ингэхдээ үгээрээ бус, үйлдлээрээ үлгэрлэж, хэмнэцгээе.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)