Ё.Баатарбилэг: Энэ жил анги төгсөх шалгалтуудыг зохион байгуулахгүй

 Элсэлтийн ерөнхий шалгалт, анги дэвших шалгалтуудын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодорууллаа. 

Тэрбээр  “Анги төгсөх болон бусад улсын шалгалтыг авахгүй, зохион байгуулахгүй. Төгсөлтийн улсын шалгалтыг тавдугаар анги, есдүгээр анги, арванхоёрдугаар ангиас авдаг. Өнгөрсөн жилээс бага ангийн хүүхдүүдээс шалгалт авахыг болиулсан. Бага ангийн хүүхдүүд анги төгсөх шалгалт өгдөггүй. Тэгэхээр энэ жил улсын шалгалтууд болон анги төгсөх шалгалтуудыг зохион байгуулахгүй гэж ойлгох хэрэгтэй.

Одоогийн байдлаар таван долоо хоногийн буюу 35 хоногийн танхимын хичээл тасарч, үүнтэй холбоотой теле хичээлээр энэ хоцрогдлыг нөхөх асуудал явж байгаа. Тэр таван долоо хоногийнхоо хичээлийг сурагчид дөрөв, тавдугаар сардаа эргэж харж өндөр шахуу үзэх учраас бид энэ хичээлүүдийнхээ хоцрогдол, агуулгыг нөхөх асуудалд л гол анхаарлаа хандуулна. Түүнээс биш хүүхдүүдийг төгсөлтийн шалгалтад бэлтгэх, өөр янз бүрийн шалгалт, уралдаан, олимпиад руу сатааруулж болохгүй гэдэг чиглэл өгч байгаа юм

Мөн 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авдаг. Түүнийг авна. Одоогийн төлөвлөсөн байгаагаар дөрөвдүгээр сарын 25-нд эхний шалгалт авна. Энэ шалгалтад орж амжаагүй болон амжилттай өгч чадаагүй хүүхдүүдэд хоёр дахь боломж болгож шалгалт авдаг. Түүнийг тавдугаар сарын 16-нд гэж төлөвлөж байна. Энэ хоёр шалгалтаа бол авна. Яагаад гэвэл монгол хэлнийхээ шалгалтын босго оноог давж байж их, дээд сургуульд суралцах асуудал яригдана шүү дээ. Тийм учраас энэ хоёр шалгалтыг бол 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд заавал өгнө. Гэхдээ энэ монгол хэлний шалгалт бол хичээл сургууль теле байдлаар явж байгаатай холбоотой хүндэрсэн агуулга байдаггүй. Ерөнхий 12 дугаар ангийн хүүхдийн хэмжээнд ийм мэдлэгтэй байх ёстой гэдэг агуулгаар нь авдаг. Босго оноо нь 400 хэвээрээ байна” гэсэн юм


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)