Ё.Баатарбилэг сайдын амлалт хийгээд “мөрөөдөл”

Хүүхдэд зориулсан төрийн бүх үйлчилгээ ариун байх ёстой. Үүнд боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал зэрэг багтана. Өөрөөр хэлбэл, хүүхдийн төлөө хийж, хэрэгжүүлж буй бүхнийг хэн нэгэн атгаг санаатан ашиг хонжоо олох хэрэгсэл, улс төрд байр суурь эзлэх бай болгож болохгүй. Харамсалтай нь, нийгмийн хамгийн эмзэг, томчуудаас үргэлж хайр халамж хүсэж байдаг хүүхдүүдээсээ Монголын төр нүүр бууруулсан нь үнэн. Тэр дундаа сүүлийн 20 гаруй жил эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох эрхийг нь ноцтой зөрчиж ирэв. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрүүдийг үе үеийн Засгийн газар, сайд, дарга нар намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгсэл төдийхнөөр харж, олон мянган хүүхдийг туршилтын туулай болгосон.

Хамгийн сүүлд цөм хөтөлбөр, түү­ний дагуу шинээр зохиосон гэх сурах бичгүүд нь хавтаснаасаа эхлээд чанарын шаардлага хангаагүй. Алдаатай зохиосон хэдэн сая ном цоо шинээрээ хогийн цэгт, сургуулийн хонгилд хураалттай байна. Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх, сурагч­ дад хүргэх бүх үйл явц “хурган” дарга нарын бизнес болж, хүүхдүүд хичээлийн бүтэн жилийг номгүй өнгөрүүлдэг болсон. Боловсролын салбарын энэ мэт дампуурсан тогтолцоог “Өнөөдөр” сонин цувралаар, баримт нотолгоотой нийтэлж байгаа.

Эл салбарт олон жил бугшсан “идээ бээр”-ийг тийм ч амар шахахгүй байх. Гэхдээ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт олон нийт итгэл хүлээлгээд байна. Учир нь тэрбээр сайд болсноосоо хойших дөрвөн сар гаруйн хугацаанд бусдын дөрвөн жилд амжуулаагүй, хэрэгжүүлээгүй, хийгээгүй ажлыг “нугалаад” буй. Тэр тусмаа ерөнхий боловсролын салбарын шинэчлэлд томоохон түлхэц болохуйц хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүнийг бид дэмжиж байгаа. Гэвч энэ бүхэн олонд таалагдах гэсэн арга, УИХ-ын сонгууль угтсан үзүүлбэр биш байгаа гэж хардсанаа нуух юун. 

Сургууль, цэцэрлэг амарчихлаа. Сургалтын хөтөлбөрийн агуулга, сурах бичгийн чанар, хүртээмж, анги, танхимын хүрэлцээ, багш, сурагчийн ачаалал зэрэг толгой өвтгөсөн асуудлыг ирэх намар хүртэл сөхөхгүй нь сайхан. Харин Ё.Баатарбилэг сайд та 2019-2020 оны хичээлийн жилд олон зүйлийг өөрчлөх, шинэчлэх амлалт өгснөө мартуузай. Амлалтаа ажил хэрэг болгох хоёр сар гаруйхан хугацаа танд үлдсэн тул бид ийнхүү сануулж байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд ерөнхий боловсролын салбарын шинэчлэлд томоохон түлхэц болохуйц хэд хэдэн шийдвэр гаргасныг тоймлон хүргэе. 

-Сургалтын цөм хөтөлбөрийг тогтвортой мөрдөнө. Гэхдээ агуулгыг нь сайжруулах замаар багш, сурагчдын ачааллыг бууруулна. 

Салбарын сайд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгад судалгаа хийлгэсэн. Үр дүнг нийслэл, орон нутгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаа­чидтай гурван удаа хэлэлцсэний эцэст цөм хөтөлбөрийн агуулгад өөрчлөлт оруулав. Тодруулбал, I-XII ангид үздэг 4221 суралцахуйн зорилт буюу шинэ сэдвийг 3445 болгон цөөлсөн. Ингэснээр нэг сэдэв хичээлийг заах цаг нэмэгдэж, багш, сураг­ чийн ачаалал буурна гэж үзэж буй. Хөтөлбөрийн сайжруулсан хувилбар бэлэн болсон бөгөөд ирэх хичээлийн жилд үр дүнг тооцох боломжтой. 

-Сурах бичгүүдийг шинэчлээд дууссан. Тиймээс 2019-2020 онд нэг ч ном шинээр зохиож, хэвлэхгүй. Сурах бичиг шинэчлэх, нөхөн хангах нэрийдлээр төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг болиулна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэний ёс зүйн боловсрол гэх хичээлийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж, заавал сонгон судлах тушаал гаргасан. Ё.Баатарбилэг амлалтаа үл тоон, “их” сайдынхаа өгсөн энэ үүрэг, чиглэлийн дагуу тус хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, сурах бичиг зохиох багийн хүмүүсийг томилов. Багийн гишүүдийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр бүрдүүлсэн төдийгүй ажлын хэсэгт сурах бичгийн эх зохиох, хянах, хэвлэх, түгээх ажлыг хариуцдаг Боловсролын хүрээлэнгээс нэг ч хүн оруулаагүй. Өдгөө иргэний ёс зүйн боловсрол хичээлийн хөтөлбөрийг боловсруулаад дуусаж байгаа гэнэ.

-Хүүхэд бүрийг сурах бичгээр хангахын тулд түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх боллоо. Орлогыг нь номын эх бэлтгэх, хэвлэх, түрээслэхэд зарцуулахыг салбарынхандаа даалгасан. Ингэснээр сурах бичиг дамлан худалдах, үнийг нь өсгөх явдал эрс багасна. Бага ангийнхны сурах бичгийг төрөөс 100 хувь хангадаг тул дунд, ахлах ангийнхны номыг түрээсээр олгоно. 

I-V ангийнхны сурах бичгийг төрөөс 100 хувь үнэгүй хангадаг гэх ч үүний 97-98 хувийг биелүүлж байгааг Боловсролын хүрээлэнгийнхэн судалж тогтоосон. Сурах бичиг түрээслэхийн тулд хүүхэд бүрийн тоогоор, бүх хичээлийн номыг хэвлэх ёстой. Одоогоор улсын хэмжээнд хоёр хүү­хэд тутмын нэг нь сурах бичиггүй тул ирэх намар хүртэл үлдсэнийг нь хэвлэж амжих, эсэх нь эргэлзээтэй. Азийн хөгжлийн банкнаас үүнд шаардлагатай найман тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. 2013-2014 онд сурах бичгийг хүүхдүүдэд түрээсэлж байсан бөгөөд тухайн үед номын хүртээмж, хангамж 84 хувьд хүрч байж. Өнөөгийн нөхцөлд ийм үйлчилгээ нэвтрүүлэх нь хамгийн зөв гарц. Гэхдээ 100 хувь хангах тухай ярих нь эрт байна. 

-Боловсролын хүрээлэнгээс зөвшөөрөөгүй гарын авлагыг сургуулиудад ашиглахыг хориглосон.

Сурах бичиг хүрэлцэхгүйн улмаас сургуулиудад гарын авлага буюу хичээлээс гадуурх дасгал ажлын номын бизнес газар авсан. Хот, хөдөөгийн сургуулиудад I-V ангид сургалтын 10 орчим нэр, төрлийн нэмэлт материал ашиглаж байгааг Боловсролын хүрээлэнгийнхэн судалж тогтоосон. Тэгвэл дунд ангийн сурагчдын үзэх хичээлийн тоо олшрох тусам нэг сургуульд 10, заримд нь 20 нэр, төрлийн гарын авлага, дасгал ажлын ном ашиглаж байна. Эдгээр нь чанарын шаардлага хангадаггүйн дээр хэний ч зөвшөөрөлгүй худалддаг. Үүнийг сайд хориглосон ч амлалт төдий байна. Учир нь багш нар хичээлээс гадуурх гарын авлага, нэмэлт материал сургалтдаа сонгон ашиглах эрх нь хуулиар олгогдсон. 

-Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих стандарт болох MNS 5418:2008-ыг шинэчилнэ. Хэвлэх үйлдвэрүүдийн эзэдтэй цаасны стандартын талаар хэлэлцэж, Стандартчилал, хэмжил зүйн газарт саналаа хүргүүлсэн. Удахгүй тушаал гаргана. 

Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих стандартыг 2004 онд анх боловсруулахдаа техникийн томоохон алдаа гаргасныг нь Стандартчилал, хэмжил зүйн газар мэдэлгүй баталсныг дөрвөн жил мөрдсөн. 2008 онд шинэчлэхдээ ч тухайн алдаагаа засаагүй 11 жил ашиглаж ирэв. Тодорхой хэлбэл, бага, дунд ангийн сурах бичгийг хэвлэх гэхээр ашигтай талбай нь стандартад заасан хэмжээнээс зөрдөг. БСШУСЯ тендер зарлахдаа “Сурах бичгийг 80 граммын, гөлгөр, шар цаасан дээр хэвлэнэ” гэсэн шаардлага тавьдаг ч эл заалт MNS 5418:2008 стандартад байхгүй. Сурах бичигт тавьдаг стандарт нь энэ мэтчилэн ойлгомжгүй, алдаатай, хэт ерөнхийлснөөс болж хэвлэлийн компаниуд гөлгөр, шар өнгөтэй л бол хамгийн хямд, хүнд цаас сонгосоор байна. Учир нь сайд дээрх шийдвэрээ албан ёсных болгоогүй. 

-2018-2019 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд 59 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 

Энэ онд 23 сургуулийн барилгыг ашиглалтад оруулах аж. Үүнээс 13-ыг нь ирэх есдүгээр сарын 1 гэхэд нээх бүрэн боломжтой. Улсын хэмжээнд он дамжуулан барьж байгаа болон энэ жил шавыг нь тавьсан нийт 125 сургуулийн барилга бий. Салбарын яамныхан эдгээрийг 2020 онд багтаан ашиглалтад оруулахаар ажлыг нь шахаж байгаа ч сургууль, цэцэрлэгийн 22 барилгад сүүлийн гурван жил төсөв хуваарилаагүй, царцаагаад байна. Ерөнхий боловсролын 28 сургуулийн 8451 сурагч гурван ээлжээр хичээллэж буйг хоёр ээлжид шилжүүлэхийн тулд дээрх сургуулиудыг нээх шаардлагатай. 

-Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх цогц бодлого хэрэгжүүлнэ. 

Улаанбаатар хотын нэг сургуульд ногдох эдэлбэр газрын талбайн дундаж хэмжээ бага, хүүхдийн тоо хэтэрсэн нь өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байна. Нэг ангид 50-60 хүүхэд хичээллэж буйн улмаас анги танхим хэт бүгчим, агаар бохир, нүүрсхүчлийн хийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөснөөс хэд дахин өндөр болсон. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавих норм, нормативыг сүүлийн 10 гаруй жил зөрчин, сургуулийн нэг угаалтуурыг дунджаар 67-68, нэг суултуурыг 54-55 хүүхэд ашиглаж байгааг мэргэжлийн байгууллагынхан тогтоогоод байна. Эдгээрээс хамгийн чухалд тооцогдох хүнсний аюулгүй байдал, халдвар хамгаалал, цэвэр усны хангамж, дотоод агаарын чанар, бусад аюулаас урьдчилан сэргийлэхэд зориулсан стандарт алга. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг таны эдгээр амлалт, шийдвэрийг эргэн сануулсан нь учиртай. Бид үр дүн, хэрэгжилтийг намар нэхнэ. Улсын хүн амын гуравны нэг нь эл салбарт боловсрол эзэмшиж буй гэсэн статистик бий. Энэ хэрээр сайдынх нь шийдвэр далайцтай, хүчтэй, амлалт, тушаалууд нь хууль мэт хэрэгжинэ гэж итгэнэм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)