Ё.Баатарбилэг: Наймдугаар сарын 25-нд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр эцэслэн шийдэгдэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хичээлийн шинэ жилийг угтан “Хичээл эхэллээ” мэдээллийн нээлттэй өдөр арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Хэвлэлийн бага хурал зохион байгуулснаас гадна харьяа байгууллагууд болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, мөн Нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй мэдээлэл өглөө.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ "Иргэний боловсролын хичээлийн агуулга, номд бага зэрэг өөрчлөлт орсон. 1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс хүмүүжлийн хичээл, 6-12 дугаар ангид Иргэний ёс зүй хичээл орно. 

Харин их, дээд сургуульд элсэгчдийн хувьд энэ жил 10 гаруй мянган оюутан элсэн суралцана. Сургалтын төлбөр дунджаар 1.6-3.6 сая төгрөгийн хооронд байгаа ч энэ сарын сүүлээр буюу 25-н гэхэд эцэслэн шийдвэрлэгдэнэ" гэлээ.

Мөн харьяа байгууллагууд мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээгээ иргэд олон нийтэд нээлттэй хүргэн ажиллаж байна. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, байгууллагын цэцэрлэг байгуулах талаар зөвлөмж, ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг, дүрэмт хувцасны талаарх мэдээлэл, ерөнхий боловсролын сурагчдын мэргэжил сонголтын талаар зөвлөмж, элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүн, холбогдох мэдээлэл, нээлттэй даалгаврын сангийн системийн үйл ажиллагаа, Оюутны хөгжлийн зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" нээлттэй мэдээллийн өдөр лхагва гарагт буюу наймдугаар сарын 21-ний 09:00-17:00 цагт БСШУС-ын яамны гадна талбайд үргэлжилж, эцэг эх, оюутан, сурагчдад зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ үзүүлэх юм.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)