Ё.Баатарбилэг: Их, дээд сургуулиуд хонхны баяр тэмдэглэхгүй

Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтыг ирэх есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.04.21/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Их , дээд сургуулийн багш нарт оюутнуудад чиглэсэн арга хэмжээ, баяр ёслол, хонхны баярыг зохион байгуулахгүй шүү гэдгийг хэлж байна. Энэ жилийн хувьд эрдмийн баярыг тэмдэглэхгүй. Үүнийг тухайн сургуулийн захирал, багш нар бүрэн хариуцна" хэмээн тодотголоо. 

Их, дээд сургууль, коллежтой холбоотой сайдын тушаалд 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байхаар тогтоож байгаа. Энэ бол өнгөрсөн жилийн жишиг.

2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны зургадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна. 

Засгийн газрын тогтоолоор буцалтгүй тусламж үзүүлдэг оюутнууд байдаг. Энэ жилийн тухайд Сургалтын төрийн сангаас 8,460 оюутанд 169 тэрбум төгрөгийн тусламж олгоно. Гэхдээ мөнгөн тусламж нь сангаас орж ирээгүй гэдгээр тухайн оюутныг шалгалтад оруулахгүй байж болохгүй. Төрийн сангаас мөнгө нь удахгүй орно. Эдгээр оюутныг шалгалтад заавал хамруулах аж. 

Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долдугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.  



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)