Ёс зүйтэй гишүүдийг л Ёс зүйн дэд хороонд оруулъя

“Буцах эхнэрт үнээ нийлэх хамаагүй” гэдэг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй УИХ-ын гишүүдтэй нухацтай ярих зүйл алга, үнэндээ. Тэр тусмаа ёс зүйтэй холбоотой асуудлаар нь хэлэх ч юм биш. “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн өчсөн мөчөөс хойш хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийт хэлж, анхааруулж, шүүмжилж, бүр чичилж байгаа ч тэдний ёс зүй дордсон уу гэхээс дээшилсэнгүй.

...Гэтэл 2012 оноос хойш хоёр удаа сонгогдсон тэрбээр аль аль парламентын үед Ёс зүйн дэд хороонд харьяалагдаж явсан байгаа юм. Эсвэл энэ дэд хороог ерөөсөө л бэлгэ тэмдэг төдий гэх төсөөлөл нь тэнд хэнийг ч хамаагүй оруулахад хүргэв үү...

Иймд ирэх сонгуульд нэр дэвшигчдэд тавих шалгуурын тэргүүнд ёс зүйг тавья. Энэ бол сонгогч бидний шийдвэр, бас боломж. Ёс зүй, ёс суртахууныг орхигдуулж үл барам, оройдоо залах ёстойг өнө эртнээс өнөөдрийг хүртэлх олон онол, номлол өгүүлэх ч нэгэн эрхмийн хэлснийг энд зориуд сэргээв. Амьдралаараа ёс суртахууны үлгэр дуурайл болж яваа хуульч, эмирет профессор С.Нарангэрэл гуай яг жилийн өмнө манай сонинд ярилцлага өгөхдөө “Бид олиггүй төр, засагтай болж, мухардалд орчихлоо гэж монгол хүн бүр санаа зовж байна. Бидэнд цаашаа хөгжил дэвшлийн гарц байна уу. Итгэж сонгосон хүмүүс маань идэж уугаад байна. Одоо яах юм бэ гэсэн асуудал нүүрлэсэн. Монголын энэ бүх асуудал тогтолцоонд байгаа юм биш. Хүнд л байгаа юм. Монголчууд гайхамшигт өвөг дээдсийнхээ ёс суртахууныг өөрсдөө алдаад, одоо амьдралыг зөвхөн мөнгөөр хардаг болжээ. Бүх салбарыг яаж ёс суртахуунжуулах вэ гэдэгт үндэсний хөтөлбөрийн хэмжээнд санаа тавьж ажиллавал дөрвөн жилийн дараа эргээд харахад монголчууд эрс өөрчлөгдөж, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл тэнүүн болсон байна. Асуудлын гол нь бидний уураг тархи, ёс суртахуунд байгаа. Монголыг ёс суртахуун л аварна” хэмээн онцолсон юм.

Ийнхүү төрийн эрх барих дээд байгууллагаа аль болох өндөр ёс зүйтэй хүмүүсээр бүрдүүлчихвэл тэдэнд тавих “дотоод хяналт” бас бий, уг нь. Тэр нь УИХ-ын Ёс зүйн дэд хороо. УИХ-ын гишүүний төрийн албанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлж, төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нөхцөл бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах зорилготой УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн биелэлтийг гагцхүү тус дэд хороо хариуцах учиртай. “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг. Ирэх сонгуулиар илүү ёс зүйтэй хүмүүс сонгочихвол энэ дэд хороонд хийх ажил бараг гарахгүй. Гэвч илүү сайн ажиллах боломж бүрдүүлэхийн тулд эхлээд ядаж Ёс зүйн дэд хороог хамгийн ёс зүйтэй, нэр цэвэр гишүүдээр бүрдүүлэх ёстой л доо. Хэн нэгний аманд багтаж, сул талаа атгуулсан хүмүүс бусдын ёс зүйг шүүнэ ч гэж юу байх вэ.

Жишээ нь, Ёс зүйн дэд хорооны өнөөгийн бүрэлдэхүүн нь өдгөө асуудал болчихоод байна. Тус дэд хороо есөн гишүүнтэй. Хэд хэдэн гомдол, мэдээлэл ирснийг нь хэлэлцье гэхээр ирц нь бүрдэхгүй байгаа. Арга ядахдаа дарга нь удаа дараа хуралдаан тасалсан Б.Наранхүү, Х.Баделхан, Д.Сарангэрэл нарыг дэд хорооны гишүүнээс чөлөөлж, өөр хүмүүс оруулах гээд ч барсангүй. Тэднийг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, оронд нь гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарыг оруулах талаар хөндөж, өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар санал хураасан ч дэмжигдсэнгүй. Б.Наранхүү гишүүний хувьд ажлаа хийдэггүйгээрээ алдартай. Ёс зүйн дэд хорооны хуралд суух нь битгий хэл Төрийн ордонд тоотой харагддаг хүн. Ямар сайндаа л нэр бүхий хуульчид Б.Наранхүү гишүүн хуралдаа суухгүй, ажлаа хийхгүй байснаараа Үндсэн хуулийн “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэн Цэцэд хандаж байх билээ. Гэтэл 2012 оноос хойш хоёр удаа сонгогдсон тэрбээр аль аль парламентын үед Ёс зүйн дэд хороонд харьяалагдаж явсан байгаа юм. Эсвэл энэ дэд хороог ерөөсөө л бэлгэ тэмдэг төдий гэх төсөөлөл нь тэнд хэнийг ч хамаагүй оруулахад хүргэв үү.

Х.Баделхан, Д.Сарангэрэл нар “давхар дээл”-тэй. Өдрийн од шиг хуралддаг Ёс зүйн дэд хорооныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзах гэхээр эрхэм хоёр сайдын яам, Засгийн газрын ажилтай давхцаад ирж чаддаггүй бололтой юм билээ. Уг нь тэд оролцохгүй байгаагаас болж Ёс зүйн дэд хороо удаа дараа хуралдаагүйг мэдсэн л бол “давхар дээл”-тэйгээ бодолцон сайн дураараа чөлөөлөгдчих ёстой юм. Бусдад төвөг удахгүй байх нь ёс зүйн наад захын хэмжүүр байлтай. Магадгүй Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх гэж буй асуудлаас зориуд зайлсхийж, санаатайгаар тасалж байхыг ч үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол тэд “зүгээр” л хуралдаа ирдэггүй Б.Наранхүүгээс ч илүү “нүгэлтэй” болж таарна.

Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг өнгөц харвал М.Энхболд гэх нэр тун содон харагдана. Энэ нэртэй хамт “60 тэрбум” гэх холбоо үг сонсогдох шиг болов. Ингэтлээ ижилссэн эл тодотголоор энэ эрхмийг яллаж, нэр хүндэд нь халдах гээгүй ч намайг худлаа яриагүйг түмэн гэрчилнэ. Үнэн, худал нь өнөө хэр үл мэдэгдэх “60 тэрбум”-ын гэх хэрэг 2016 оны сонгуулийн өмнө ил болсон. Ийнхүү М.Энхболдын ахалж оролцсон МАН үнэмлэхүй олонх болж, ялалт байгуулсны дараа УИХ-ын бүтэц, байнгын хороодын бүрэлдэхүүнийг тогтоосон. Төрийн албыг арилжсан гэх баримт, бичлэг тойрон ид маргалдаж байх тэр үед ядаж түүнийг Ёс зүйн дэд хороонд оруулах учиргүй баймаар сан.

Өмнөх парламентын үед Ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажилласан нөхдүүдэд ч асуудал бий. Баахан “попордог”, “Долдугаар сарын 1”-ний үймээн, самууныг өдөөсөн ч гэгддэг Ж.Батзандан тус дэд хорооны гишүүн байсан аж. 2012 оны сонгуулийн кампанит ажлын үеэр намынхаа дарга Н.Энхбаярыг цээжээрээ хамгаалж явахдаа прокурорын биед халдаж, үүнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээж явсан З.Баянсэлэнгийг ч нэрлэж болох нь. Тухайн үед эл дэд хороо найман гишүүнтэй байсан юм билээ. Хэн нэгнийг энд онцолж дурдсанаараа тэдний мууг нь үзэх гэсэнгүй. Бусдыг нь буруугүй, мундаг ёс зүйтэй гэж хэлж байгаа юм биш. Гагцхүү хэзээ, юу хийж, ёс зүйгүй авирлаж байсан нь хэнд ч илт хүмүүсийг ядаж энэ хороонд оруулахаас татгалзах хэрэгтэйг л хэлээд байгаа юм. Энэ мэт хэрэг явдалд орооцолдож явсан нөхөд ч бусдын ёс зүйг шүүдэг хорооны гишүүн байхаас сайн дураараа татгалзаж байгаарай гэж сануулж буй хэрэг.

2008-2012 оны УИХ-д Ёс зүйн дэд хороог даргалсан Г.Баярсайхан гишүүн бол Төрийн ордонд, түмний нүдэн дээр бусадтай гар зөрүүлснээрээ алдартай. Хэдийгээр дэд хороогоо “амилуулах” гэж нэлээд ажил хэрэгч ханддаг дарга байсан ч У.Хүрэлсүх гишүүнтэй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд заамдалцан зодолдсон нь өнөөдөр ч мартагдаагүй ээ. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргалаа гээд дэд хорооны даргын албаа лав өгөөгүй, тэр.

Долоон удаагийн парламентаас түүвэрлэвэл энэ мэт жишээ олон гарна. Тиймээс хойшид наад зах нь ёс зүйн алдаагаараа “од” болоогүй, хамгийн ёс суртахуунтай хүмүүсээр Ёс зүйн дэд хороог бүрдүүлж байя. Болохгүй бол хууль, дүрэмдээ тусгасан ч яах вэ дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)