“Ёо ёо”... Монгол хавдарт идүүлж байна

Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт хэр “дарлуулж” буйн илрэл. Хөл гишгэх зайгүй шахам эмнэлэгт очоод гайхаж, цочирдсон талаараа иргэд өдөр бүр л ийнхүү ярьж байна. Ярьсаар бүр дасал болжээ. Ийм зүйлд дасах нь уг нь буруу. Тэглээ гээд яах билээ. Гэхдээ иргэд нь халаглаж, нөхцөл байдлыг мэдэрч, мэдэж байгаа нь нэг талаар сайн.

Харин төрийн гурван өндөрлөг минь ээ, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Хавдрын эмнэлгийн байдал, монголчуудын өвчлөл харанга дэлдэх хэмжээнд хэдийн хүрчихжээ. Хэзээ энэ байгууллагад ирж, ажилтай нь танилцах вэ. Энд тэнд бүтээн байгуулалт хийнэ гэж тууз хайчлахаас илүүтэй ХСҮТ-өө анхаарч, гараа сунгахгүй бол улс үндэстний хэмжээнд сүйрэл болоход ойрхон байна. Хэтрүүллээ гэж байгаа бол биеэрээ очоод хараач, халаглах нь лавтай.

Монгол хүнийг чадавхжуулна, энэ тэр улсын сургалтын тогтолцооноос суралцъя, ийм ч гоё, тийм ч сайхан бүтээл, бүтээгдэхүүн хийе, ургацаа төдөн хувь авъя, эдийн засгаа солонгоруулъя л гэнэ. Энэ бүхнийг хүн гэдэг баялаг бүтээдэг шүү дээ. Ажилчин зөгий үгүй бол үүрэнд бал хуримтлагдах уу. Үүн лүгээ эрүүл, ажлын чадвартай иргэн цөөрчихвөл энэ улс хөгжих үү.

Юу юуны түрүүнд, хамгаас эхэнд тавих асуудал бол нийгмийн хөдөлгүүр болсон хүний эрүүл мэнд билээ. Хором бүрээр хэмжигдэж буй монгол амь бүхний төлөө “Өнөөдөр” чанга дуугарч байна. Энэ улсын эд, эс болсон хүн бүр дэмжээрэй.

Биднийг, бидний хайртай дотнын хэн нэгнийг аварч, сэхээхийн төлөө нойр, хоолоо хугаслан зүтгэхдээ аавын, ээжийн үүргээ дутуу хагас гүйцэтгэж гэр бүлээ өнчин мэт байлгаж буй энэ цагийн эгэл баатруудынхаа төлөө бүгдээрээ нэгдье, дуугаръя. Овойтол нь мөнгө цуглуулж өгч чадахгүй ч төр, засгийнхны чихэнд дуу хоолойгоо хүргэх боломж бидэнд бий.

Өвчин эд баялаг, зэрэг, цол, баян, ядуу гэж ялгахгүй ирдэг хатуу, хахир зүйл.

Өнөөдөр ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа нь байр байшингийн хүрэлцээтэй нэлээд холбоотой. Орох, гарах гарц нь нэг Хавдрын эмнэлгийн хашаагаар л ороход өвс, хашлага дээр сууж, хэн нэгнийхээ төлөө залбирч байгаа олон хүнийг та харах болно. Дотор ч ялгаагүй хар захынх шиг хүн багширсан байгаа. Аавыгаа, ижийгээ, ах, дүүсээ түшсэн, эсвэл тэднээрээ түшүүлсэн өвдсөн зовсон хүмүүс. “Ёо ёо”...Монголд минь хавдрын өвчлөл газар авчээ. Бид энэ өвчнөөр дэлхийд толгой цохиж явна.

“Өнөөдөр” ХСҮТ-ийн үйл ажиллагаа, тэндхийн эмч, сувилагч, ажилтнуудын ажлын талаар цувралаар нийтэлж, сурвалжлах болно. Эхний ээлжинд тус эмнэлгийн захирал Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


Ж.ЧИНБҮРЭН: Та хорт хавдраар өвдөхгүй гэх баталгаа байхгүй. Тэр үед “Намайг ямар эмнэлэг угтах вэ” гэдэгт дээр, дооргүй анхаарч, иргэн бүр бодоосой


-“Хавдрын эмнэлэг хүнээр хахчихжээ” гэж яриад л байдаг. Одоо яг ямар нөхцөл байдалтай байна, энэ маягаар цааш явбал ямар хүндрэл учрахыг түмэн олонд, төрийн өндөрлөгүүдэд дуулгах зорилгоор “Өнөөдөр” сонин энэ эмнэлгийн талаар цуврал эхлүүлсэн.

Үүний хүрээнд “Дугаарын онцлох сэдэв”-ээрээ хавдрын өвчлөл Монголд хэр байгаа болон эмчлэх боломж зэрэг асуудлыг цухас дурдаад өнгөрсөн. Энэ байгууллагыг толгойлж яваа хүний хувьд Та тодорхой хэлж өгөөч.

-ХСҮТ улсын хэмжээнд хорт хавдартай өвчтөнүүдэд үйлчилдэг ганц газар. Мэдрэлийн буюу тархи, нугасны болон цусны зэрэг бусад хорт хавдрыг энд эмчилж байна. Эмнэлгийн барилгыг 1981 онд ашиглалтад оруулсан. Тухайн үед манай хүн ам 1.2 сая орчим байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо бараг гурав дахин өсөж, эмнэлгийн ачаалал асар их нэмэгдсэн.

Нөгөөтээгүүр, эмнэлгийн ачаалалд нөлөөлсөн өөр нэгэн хүчин зүйл нь хавдрыг эрт үед илрүүлбэл эмчлэх боломжтой гэдгийг иргэд мэдэж, ухамсарлах болсноор энэ байгууллагад хандах итгэл нэмэгдсэн. Энэ бол иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэнтэй холбоотой маш сайн хандлага. Монголын анагаах ухааны хөгжил сайн байгаагийн илрэл.

2000-аад оны эхээр компьютер томографийн оношилгоо гэж байхгүй, тухайн хүн хавдраар нас барсан, эсэхийг хэлж мэдэхгүй зарим тохиолдол гарч байсан. Бүгд биш, тодорхой тохиолдлуудын талаар хэлж байна шүү. Харин өнөөдөр дүрс оношилгооны чадамж өндөр түвшинд хүрч, эмнэлгүүд дэвшилт тоног төхөөрөмжүүдтэй болсон.

Хавдар бол эзлэхүүнтэй, бодитой зүйл. Түүнийг дүрс оношилгоогоор л баталгаажуулна. Монголд хавдрын өвчлөл үнэхээр их байна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн. Жишээ нь, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа (100 мянгад тохиолдох өвчлөлийн нас баралт) Монгол дэлхийд толгой цохиж байна. Дэлхийн дунджаас өвчлөл нь зургаа, нас баралт нь найм дахин их байна. Монголд хамгийн их тохиолддог хорт хавдрын нэг нь ходоодных.

Энэ төрлийн хавдрын өвчлөлөөрөө дэлхийд БНСУ-ын дараа хоёрдугаарт жагсдаг. Харин нас баралтын үзүүлэлтээр нэгдүгээрт ордог. Хорт хавдрын өвчлөл манайд үнэхээр аюултай хэмжээнд хүрснийг энэ хоёр статистикаас харж болно. Ходоодны хорт хавдрын өвчлөл их ч гэсэн энэ шалтгаанаар нас барагсдын тоогоороо БНСУ дэлхийд 24 дүгээрт байгаа. Эрт үед илрүүлж чадвал хорт хавдартай хүн бүрэн эдгэрэх магадлал 90 хувьтай. Гэтэл манайд нийт оношилогдож байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь нэг жил болохгүй нас барж байна.

Тодруулбал, 100 хүн өнөөдөр хорт хавдартай гэж оношилогдлоо гэж үзэхэд 60 нь дараа жилийн өдийг хүртэл амьдарч чадахгүй байна. Өвчнийг хэтэрхий оройтож, хожуу үед нь оношлуулж байгаатай энэ бол шууд холбоотой. ХСҮТ-д жилд 2500 хагалгаа хийдэг, өвчтөнүүдийн биеийн байдал мэс заслын дараа хүндрэх нь ч, нас барах нь ч бага. Гэтэл тэдний тодорхой хувь нь удаан амьдарч чадахгүй байна. Хожуу илрүүлсэн үед энэ өвчнийг асар их зардлаар эмчилдэг ч амьдрах хугацаа нь уртсаж чаддаггүй. Тиймээс эмчилгээний үр дүнгээ сайжруулъя гэвэл хорт хавдрыг эрт үед нь оношлох нь чухал.

Энэ утгаараа зөвхөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулаад зогсохгүй оршин суугаа газарт нь эрт илрүүлэх үзлэг хийдэг төвүүд байгуулах зайлшгүй шаардлага бий. Тэгэхгүй бол жишээ нь, Хөвсгөлөөс хотод ирээд хавдартай, эсэхээ, түүнээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдахгүй. Уг нь орон нутагтаа ийм үзлэгт хамрагдаад, хавдартай бол энд ирж эмчлүүлэх бүтцийг бий болгох нь чухал. Системийн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн үг.

-Тоног төхөөрөмжийн хүчин чадал, хүрэлцээ муугаас хорт хавдрыг оношлох боломж буурах уу. Жишээ нь, иргэд Монголд хавдаргүй гэсэн хэрнээ гадаадад очтол хорт хавдартай гэж оношилсон, эсвэл хавдартайг нь аль нэг орны эмнэлэгт үгүйсгэсэн талаар ярьдаг шүү дээ.

-Үүнтэй холбоотой хэд хэдэн асуудал байна. Мэдээж, тоног төхөөрөмж маш чухал. Нийслэлийн эмнэлгүүдийн дүрс оношилгоо, эд, эсийн болон бусад шинжилгээний аппарат, төхөөрөмжүүд ерөнхийдөө дажгүй, сайн. Дэвшилт техник төхөөрөмжүүдийг ажиллуулдаг боловсон хүчин нь ч сайн байгаа. Иргэдэд нэг түгээмэл дутагдал бий. Хорт хавдартай байж магадгүй, нарийн шинжилгээнд хамрагдаарай гэхээр юу юугүй хавдартай болчихсон мэт ярьж, оношоо баталгаажуулалгүй гадаад руу явчихдаг. Тэгээд “Монголд хавдартай гэсэн. Гэтэл худлаа байна” гэдэг.

Дараагийн нэг асуудал нь, эмнэлгийн боловсон хүчний чадавхтай энэ нь холбоотой. Өнөөдөр эмч нарын боловсрол, чадварын түвшин жигд биш, тодруулбал, тоног төхөөрөмжөөр гаргасан үзүүлэлтийг бүрэн гүйцэд унших, дүгнэлт хийх чадамж нь зөрүүтэй байна. Тиймээс эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн чадварыг жигд өсгөх нь маш чухал. Сүүлийн үед мэргэжлийн нийгэмлэгүүд үүнд анхаарч, сургалт, хурал, зөвлөгөөнийг тогтмол явуулж байгаа. Үүнээс гадна эмч хүн мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхийн тулд байнга сурч, үзэж харж байх ёстой.

Технологи нь байнга сайжирч, шинэчлэгдэж байгаа учраас эл шаардлагад нийцэх хэрэгтэй болно. Нэг удаагийн сургалт, сургуулиар эмчийн мэргэжлийг төгс эзэмшихгүй шүү дээ. Оношилгоотой холбоотой өөр нэгэн асуудал нь өвчний ховор тохиолдлууд. Эхлээд үзэж, оношилдог нь нэг эмч мэт боловч цаана нь мэргэжлийнхний бүхэл бүтэн баг ажиллаж, яавал зохилтойг ярьж, зөвлөлддөг. Цаг хугацааны шалгуураар оношлогддог өвчин ч бий. Энэ мэтээр маш олон хүчин зүйлээс шалтгаалж онош тавьж, эмчилдэг.

Жишээ нь, 1000 тохиолдлоос нэгд нь эндүүрлээ гэж бодоход дандаа алддаг, буруу байдаг мэт ойлгож, хүлээж авдаг. Өндөр хөгжилтэй орнуудад ч мэргэжлийн алдаа гаргах тохиолдол бий. Заримдаа молекул генетикийн түвшинд ялгаж оношлох шаардлага байдаг. Тэр нь өндөр өртөгтэй, иргэн төлбөрийг өөрөө төлөх гээд үүний цаана асуудлууд бий. Бүхэл бүтэн тогтолцоог шинэчлэх, өөрчлөх, сайжруулах асуудал яригдана.

Ингээд аваад үзэхээр, баг хамт олноороо мэргэжилдээ сайн байх ёстой. Дүрс оношилгооны, хавдар судлаач эмчийн, шинжилгээний, мэс заслын, туяа эмчилгээний гээд бүх багийнхан жигд сайн байснаар эмчилгээний үр дүн илүү байна. Үүнийг олон мэргэжлийн багаар оношилж, эмчлэх тогтолцоо гэдэг. Ийм тогтолцоо бий болгохын төлөө ХСҮТ-хөн ажиллаж байна.

-ХСҮТ-ийн 560 гаруй ажилтнаас эмч, сувилагчийн багийн боловсон хүчин хангалттай байгаа юу?

-Эмнэлэгт 120 эмч ажиллаж байна. Өнөөгийн нөхцөл байдалд хангалттай гэж болно. Харин сувилагч хангалттай биш. 180 сувилагч байх ёстойгоос 160 байна. Энэ ажлын байранд 20 хүн хэрэгтэй гэж зарлаад ч ирэхгүй байгаа нь манай эрүүл мэнд, цаашлаад нийгмийн тогтолцоо, системийн доголдолтой холбоотой. Жил бүр хэтэрхий олон эмч төгсгөж байгаа хэрнээ сувилагчийнх нь тоо буурчихсан.

Тэгсэн хэрнээ эмчээрээ ажиллахгүй, сувилагч бол бүр хийхгүй гэсэн баахан хүн ажилгүй байгааг бодлогоор л зохицуулах ёстой болов уу. Нэг сайн мэдээ хэлэхэд, сүүлийн нэг сар гаруйн хугацаанд ЭМЯ-наас сувилагчийн тоог нэмэх, лицензийн хугацаа нь дууссан, сувилахуйн ажлаа хийхгүй байгаа мэргэжилтнүүдээ давтан сургалтад хамруулаад, ажиллах боломжийг нь бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа.

-Тухайн байгууллага боловсон хүчнээ өөрсдөө боловсруулж, дадлагажуулж, сургадаг жишиг бий. Жишээ нь, “Өнөөдөр” сонин олон жил ийм уламжлалаар явж, сэтгүүл зүйн салбарт “Балдоржийн школ” гэдэг зүйл бий болгосон. Үүнтэй адил танай байгууллага эмч, сувилагчаа бойжуулах, төлөвшүүлэх бодлого, төсөв мөнгөний боломж бий юү?

-Манай эмнэлгийн мэс заслын багийнхан маш хүчтэй. Үүгээрээ бид бахархдаг. Таны хэлсэн шиг “ХСҮТ-ийн школ” хэдийн бий болсон. Тиймээс мэс заслын эмч болох хүсэлтэй оюутнууд энэ эмнэлэгт дадлага хийх сонирхолтой байдаг. Манайх мэс заслын эмч болсон залуучуудыг нарийн, төвөгтэй хагалгаанд сургах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлээд олон жил болж байна.

Энэ дагуу жил бүр 4-7 эмчийг сургаж, улаан хоолой, элэг, нойр булчирхай, толгой, хүзүүний, уушгины хавдар тайрах гэх мэтээр чиглүүлэн, мэргэшүүлж, лицензтэй болгодог. Ингэхдээ тэд мөнгө төлөхгүй, эсрэгээрээ эмнэлэг тодорхой хувиар цалинжуулдаг. Мэс засалч болохын тулд удаан хугацаанд бэлтгэгддэг. Энэ бол мэдлэг болон туршлага дээр нь гарын ур чадварт суурилдаг том шинжлэх ухаан.

Эдгээрийг сурч, өвлөж авахын тулд чадварлаг эмч нартай олон цаг мөр зэрэгцэн зогсож, хагалгаа хийж, дадлагажих учиртай. Тэгж байж нарийн бүхнийг мэдэрч, зовлон, жаргалыг нь амсах ёстой. Манай эмнэлгээс сурснаа тэд өөр газарт ажиллахдаа түгээнэ, мэдүүлнэ. Нөгөөтээгүүр, ийм сургалтынхаа үр дүнд манай эмч, сувилагч нар мэдлэг, туршлагаа бусдад түгээж байна.

-2016 онд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эмнэлгүүдийг бие даасан тогтолцоонд шилжүүлэх нөхцөл бүрдсэн. Гэсэн ч хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оноос хойш энэ тал дээр өөрчлөлт хийлгүй өнөөдөртэй золгожээ.

Засгийн газар саяхан төсвийн төсөл хэлэлцэхдээ Улсын II төв эмнэлэг болон ХСҮТ-ийг эхний ээлжинд бие даасан тогтолцоонд шилжүүлэх талаар дурдсан.

Иргэдийн дунд зарим талаар буруу ойлголт түгж, Хавдрын эмнэлгийг хувьд шилжүүлж, аж ахуйн тооцоонд оруулах нь гэсэн болгоомжлол бий болжээ. Эмнэлгийн байгууллагыг бие даасан тогтолцоонд шилжүүлэхийн эерэг тал нь юу вэ?

-Эмнэлгийн “хар” ажлыг нь нугалдаг хүмүүс бол дадлагажигч эмч нар байдаг. Олон жил ажилласан туршлагатай эмч нар гадаадад асар үнэтэй. Харин манайд бол 20 болон таван жил ажилласан эмчийн цалин бараг ялгаагүй. Ажил мэргэжлийнх нь туршлагыг үнэлэхгүй байна гэсэн үг. Ийм байдал нь салбарын хөгжилд тодорхой нөлөөтэй. Энэ бол мөнгөндөө бус, үнэлэмжийн асуудал юм.

Өндөр хөгжилтэй улсуудад арвин туршлагатай, мэргэшсэн эмч нарынхаа удирдлагад олон хүн ажиллуулж, баг бий болгоод тусламж үйлчилгээгээ чанартай, хүртээмжтэй хүргэдэг тогтолцоотой. Энэ нь сургууль төгссөн дадлагажигч шинэ эмч болон залуу боловсон хүчнүүд цалинтай ажиллангаа мэргэжилдээ өсөж, туршлагажих том боломж юм. Манайд үүнээс эсрэгээрээ дадлагажигч эмч нар цалингүй ажилладаг. Амьжиргаагаа залгуулах цалин авахгүйгээр хүмүүс хэдий болтол явах юм бэ. Тиймээс ХСҮТ мэс заслын эмч болохоор зүтгэж буй дадлагажигчдаа сургангаа цалинжуулж, санхүүжилтээ зохицуулж байгаа нь маш сайн жишиг.

Тэднийг цалинжуулах мөнгийг хаанаас гаргах вэ гэж та асуулаа. ХСҮТ 120 эмчтэй байна гэж батлаад, улс төсөв мөнгөө хуваарилаад өглөө. Манайх 116 эмч ажиллуулаад үлдсэн дөрвийнх нь цалингаар дадлагажигч найман эмчийг цалинтай сургаж, мэргэшүүлнэ гэсэн үг. Хэрэв санхүүгийн бие даасан тогтолцоотой бол илүү олон залуучуудыг сургах, тэгээд сайн ажилласанд нь илүү цалин олгох боломж бүрдэх давуу талтай.

Хийснийхээ хэрээр цалин хөлс авдаг тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Уг нь хуульд зааснаар бол ийм нөхцөл бүрэлдсэн, одоо хэрэгжилтэд л анхаарах учиртай.

Эмнэлгийн санхүүжилтийн гол цөм нь эрүүл мэндийн даатгал. Иргэд “Намайг өвдвөл эмчлээрэй” гэж сар бүр эрүүл мэндийн даатгалд мөнгө төлдөг. Эмнэлэг эл даатгалтай харьцаж, эмчилсэн хүнийхээ тоогоор санхүүжилтээ авна. Төсвөөс хараат байдал бага, даатгалаасаа мөнгө аваад, үйл ажиллагаагаа явуулдаг тогтолцоонд орохоор ажиллаж байна. Хүн болгонд ойлгомжтой энгийнээр тайлбарлахад ийм.

Өдгөө хүртэл явсан тогтолцоо нь улсын эмнэлгүүд төсвийн байгууллага учраас, жишээ нь, танайх жилдээ амбулаториор 100 мянга хүн үздэг, 10 мянган өвчтөн эмчилж, 2500 хүнд хагалгаа хийдэг юм байна. Энэ хэмжээнээс хэтрүүлж болохгүй гээд төсөв хуваарилдаг. Тухайн эмнэлэг түүнээс илүү олон хүн үзэж, эмчилж, үйлчилбэл өрөнд орох нөхцөл байдал үүснэ.

Илүү олон хүнд үйлчилснийх нь төлөө урамшуулах биш, эсрэгээрээ “Яасан их мөнгө хэрэглэдэг юм бэ” гэсэн асуудал үүсдэг буруу тогтолцоогоо халахаар чиглэж байгаа нь сайшаалтай.

-Өвчин цаг, минутаар хэмжигддэг аюултай зүйл. Гэтэл өнөөдөр ХСҮТ-өөр үйлчлүүлэхийн тулд дугаар аваад багадаа 3-7 хоног, цаашлаад нэг сар хүртэл хүлээдэг нь хэвийн үзэгдэл болжээ. Энэ бол эмнэлгийн ачаалал ямар байгаагийн ганц жишээ.

Эмнэлгийн үйлчилгээ хүргэх хүртээмжид эмч, ажилтнуудаас гадна барилга байгууламжийн багтаамж, тоног төхөөрөмжийн хүчин чадал зэрэг олон асуудал хамаатай. Энэ байдлаараа үргэлжилбэл Монгол хавдрын өвчлөлийг бууруулж чадах уу. ХСҮТ-ийг шинэ байртай болгох асуудал өнөөдөр ямар түвшинд байгаа бол?

-Нэг зүйл онцлоход, бид иргэдэд эрүүл мэнддээ анхаар, өвчнийг эрт үед нь илрүүлэх үзлэгт хамрагд гэж уриалаад, боломжийнхоо хэрээр ажиллаад байдаг. Гэтэл үнэндээ байр байгууламжийн хүрэлцээ үнэхээр муу байгаа нь урт дараалал үүсэж, хүлээхэд нэлээд нөлөөлж байгаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Бид хүчин чадлаасаа давсан үйл ажиллагаа явуулж, эмнэлэг маань хүнээр хахаад удлаа. Тэгсэн ч ачаалал улам нэмэгдэж байна.

Зөвхөн хагалгааны талаар ярихад, бид зориулалтын дөрвөн өрөөндөө жилд хавдартай 2500 хүнд мэс засал хийж байна. Хагалгааны өрөөний стандарт нарийн. Бараг нэг жижиг эмнэлгийн зардлаар бий болгодог. Дурын нэг өрөөг засаж, янзлаад хагалгаа хийх боломжгүй. Эмчилгээ хийдэг дөрөвхөн өрөөтэй учраас дугаарлаж, хүлээгдэхээс өөр аргагүй. Жишээ нь, би одоо нэг том хагалгаанд орно. Цаг 19.00 болох гэж байна. Хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй. Ер нь тогтмол иймэрхүү ачаалалтай ажилладаг, манай эмнэлгийнхэн.

2012 онд баяртай сайхан үйл явдал тохиож, ХСҮТ-ийн өргөтгөл 5000 ам метр талбайтай барилгын ажлыг эхлүүлсэн. Түүнээс хойш найман жил өнгөрлөө, дуусаагүй л байна. Ажил гүйцэтгэгч “Суурь” компанийнхан 450 сая төгрөг аваад алга болчихсон. Гүйцэтгээгүй байж ажлаа хийсэн гээд явчихсан. Дутууг нь гүйцээнэ гэсэн байгууллагынх нь хийсэн ажлыг хар. Жорлонгийн татуургын хэсэг рүү халуун ус холбочихсон, бохир нь үе үе халина, жийргэвчийг нь хийхээ мартчихсан.

Юу гэсэн үг вэ, тийм зүйлийг мартчихсан гэж тайлбарлаж байдаг. Энд хагалгааны хоёр өрөө нээх гээд байдаг, ашиглалтад авч чаддаггүй ээ. Барилгыг бүхэлд нь халаадаг системийг тэр өрөөг халаадагтай нь нийлүүлээд холбочихож. Одоо бүр гадна талаасаа өмхөрч унаад эхэлсэн. Ганц борооноор үерт автчихна. Усаа зайлуулах систем байхгүй.

Хонгилын давхар нь бохир зайлуулах холболтгүй учраас жорлонг ашиглах аргагүй. 5.6 тэрбум төгрөгөөр барьсан нэртэй, ингэж улсын хөрөнгөөр тоглож байдаг. Харамсалтай гэхэд ч багадна. “Суурь” компанид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна гээд хоёр жил болоход ямар ч хариу алга. Ийм том асуудлыг шийдэхгүй өдийг хүрсэн нь дэндүү хариуцлагагүй, харамсмаар.

-УИХ-ын гишүүн М.Билэгтийн бариулж буй барилгыг ХСҮТ-д шилжүүлэх боломж, магадлал байгаа гэсэн үү. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Манай эмнэлгийн хажууханд, өөрсдийнх нь мэдээлснээр гүйцэтгэл нь 80 орчим хувьтай яваа тэр барилга эмнэлгийн зориулалттай, япон архитекторуудын зураг төслөөр барьж байгаа. Бид эмнэлгийнхээ барилгыг яаралтай тэлэх үүднээс судалгаа хийж үзээд Засгийн газарт санал тавьж, улсын өмч болгож авах боломжийг судалж өгөхийг хүссэн юм.

Хамгийн богино хугацаанд байртай болох арга зам үүнээс өөр байхгүй. Зөв гаргалгаа гэдэгт бид итгэлтэй байна. Эс бөгөөс дахиад нэг барилга эхлүүлнэ гэвэл “Суурь” компанийн замаар орохгүй гэх баталгаагүй шүү дээ. Хувийн барилга ямар гоё, шуурхай босож байна вэ. Гэтэл улсынх болохоор найман жилийн хугацаанд дуусахгүй, хариуцах эзэнгүй шахуу болж байгаагаас төрийн менежментэд дүн тавьж болно.

Бидний хүсэлтийн дагуу БХБЯ, ЭМЯ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан комисс эл барилга ХСҮТ-ийн тусламж үйлчилгээг тэлэхэд тохиромжтой, эсэх, ямар өртөгтэй зэргийг судалж байгаа. Нааштай хариу өгөх болов уу гэж горьдоод л сууж байна.

Ж.Чинбүрэн эмч өглөө 08.30 минутад ажилдаа иржээ. Биднийг ярилцаж байхад 19.00 цаг болж байлаа. Удахгүй ширүүн “тулаанд” орохоор дуудлага хүлээж байсан түүнээс эмнэлгийн байгууллагын ажилтнуудын нийгмийн хамгааллын талаар асуухаас санаа зовж байсан ч үүнийг зайлшгүй хөндөх учиртай гэж өөрийгөө зөвтгөлөө.

-Хэдийгээр тангараг өргөсөн эмч, хагалгаа хийх нь үүрэг ч гэлээ бие махбод тань ядарч байгаа. Сэтгэл, оюуны ядаргаа гэж айхтар зүйл бий. Хагалгааны багийнхан ч өдөржин дан өвчинтэй, зовлонтой хүмүүстэй харилцаад, цус хараад туйлын ядарсан нь мэдээж. Ингэж ажилласныхаа төлөө ямар нэмэгдэл авдаг вэ?

-Надаас илүүтэй манай эмч, сувилагч, тэдний туслах гээд хагалгааны багийнхан маань илүү ядарсан байгаа. Тэглээ гээд хүний амины асуудлыг хойшлуулж болохгүй. Бид цэргийнхэн шиг ачаалал даадаг “гүргэр” улс. Эрүүл мэндийн салбарыг 1990-ээд онд чин сэтгэлтэй нь үүрч авч явсан.

Өнөөдөр ч тийм л жинхэнэ сэтгэлтэй хүмүүс ажиллаж байна. Манайх тогтолцооны доголдлоо засахгүй бол хийснээсээ хэд дахин бага, бүр өчүүхэн мөнгөөр ажиллах, тэгээд өндөр хариуцлага үүрч явах сэтгэлтэй хүн цөөрвөл яах вэ гэдгийг бодох цаг хэдийн болсон. Сувилагч хүрэлцээгүй байгаа нь үүний нэг дохио.

“Маргааш магадгүй Та хорт хавдраар өвдөхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс хэзээ нэгэн цагт “Би өвчинтэй болбол намайг ямар эмнэлэг угтах вэ” гэдэгт дээр, дооргүй анхаарч, иргэн бүр бодоосой” хэмээсэн ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн эмчийн үгээр ярилцлагаа өндөрлөе.

Ò¿¿íýýñ õóâü õ¿íèéõ íü òàëààð, ýì÷èéí àæëûíõ íü òóðøëàãààñ àñóóõûã ýíý óäàà õîéø òàâüñàí. Ó÷èð íü Õàâäðûí ýìíýëãèéíõýí, òýäíèé ºíººãèéí íºõöºë áàéäàë, ìîíãîë÷óóäûí äóíä õàâäðûí ºâ÷ëºë õàðàíãà äýëäýõ õýìæýýíä õ¿ðñíèéã “ªíººäºð” íèéãýìä äàõèí äàõèí ìýä¿¿ëýõ, ìýäýýëýõ çîðèëãîòîé “Áàéíãûí ñýäýâ” áóëàíãàà ÷èãë¿¿ëñýí áèëýý.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)