Я.Эрдэнэсайхан: Гадныхны хувьд Монгол үйлдвэрлэгч орон биш

Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн шинэчлэлийн талаар ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Хэд хэдэн зарчмын шинжтэй өөрчлөлт орж байгаа. Нэгдүгээрт, ангиллыг нь тогтоосон. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд, том аж ахуйн нэгжийг хэрхэн тодорхойлохыг тусгасан. Өмнө нь үүнийг зааглаагүйгээс болоод жижиг, дунд ялгаагүй байсан учраас ангиллын ач холбогдол байхгүй байсан. Ингээд олон улсын туршлага судлан бичил, жижиг, дунд гэдгийг хэрхэн ангилах вэ гэдгийг тодорхой болгон хуульдаа тусгалаа. Ер нь аж ахуйн нэгжийг ангилснаар тухай бүрт нь чиглэсэн бодлого боловсруулах боломж бүрдэнэ. Ингэснээр бодит байдалд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөшүүрэг болдог юм билээ. Мэдээж хууль бүгдэд тэгш үйлчилнэ. Гэхдээ тэр дундаа бичил үйлдвэрлэлийг жижиг, жижгийг дунд, дундыг том болгох вэ гэдэг талаас нь илүү харж ажилласан.

-Татварын асуудлыг хэрхэн тусгасан бол. Учир нь үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлын нэг байдаг шүү дээ?

-Хуульд жижиг, дунд гэдгээс үл хамаарч нэг төвшинд татвар авдаг. Тэгэхээр салбарын онцлогт тохируулан татвар авах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг салбар хамаарахгүйгээр нэг хувийн татвар авдаг болох шинэчлэлийг хуульд тусгасан. Түүнчлэн жилд ганцхан удаа тайлан авах асуудлыг ч тусгаж өгсөн. Учир нь хөгжингүй орнуудын жижиг, дунд бизнес эрхлэгчид үндсэн бизнесээ хөгжүүлэхэд чиглэсэн ажлаа хийх цаг гаргадаг юм байна. Үүний тулд жилд ганц удаа нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг газарт жилийн турш цуглуулсан баримтуудаа хүлээлгэж өгдөг. Мэдээж тодорхой төлбөр төлнө. Гэхдээ ямар ч ачаалалгүйгээр барахгүй ямар ч татварын асуудал үүсэхгүй. Яагаад гэвэл орлого, зарлага бүр нь баримттай. Түүнийгээ тайлан гаргах газартаа өгөөд асуудлаа шийдвэрлүүлнэ. Гэтэл манай улсын хувьд хэдэн ажлын байртай байхаас үл хамааран аж ахуйн нэгж болсон л бол заавал нягтлантай байна. Мөн сар бүр тайлан тооцоо, магадгүй хугацаа хэтрүүлбэл торгууль, шийтгэл гээд түмэн асуудал гарч ирдэг. Энэ нь маш их цаг хугацааг “хумсалж” байгааг бизнесийнхэн учирладаг шүү дээ.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих тухай ярьдаг. Энэ асуудлыг хуулийн шинэчлэлд тусгасан болов уу?

-Төр их хэмжээний худалдан авалт хийдэг. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байвал төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авахдаа Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулан шууд худалдан авалт хийнэ. Одоогийн байдлаар 10 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийхдээ заавал харьцуулна. Мөн 50 сая төгрөгийн бараа, 80 сая төгрөгийн ажил үйлчилгээ авах болвол нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг. Ингэснээр импортын хямд өртөгтэй бараатай дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй байдаг учраас борлуулалт муу байдаг. Одоогийн хуульд сонгон шалгаруулалт орж байгаа бүтээгдэхүүний харьцуулах үнийг 10 хувиар боддог бол хуулийн шинэчлэлд 15 хувь болгож оруулсан. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болдог нэг зүйл. Тиймээс хуулийн шинэчлэлд энэ асуудлыг сайтар тусгаж өгсөн. Хэрэв энэ хууль батлагдвал үйлдвэрлэгчдийн борлуулалтад томоохон дэмжлэг үзүүлэх хөшүүрэг бий болно.

-Борлуулалттай холбоотой нэг асуудал нь экспорт. Манай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлоход гаалийн татвараас эхлээд асуудал бий?

-Жижиг, дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ явуулахын тулд сан болон арилжааны банкнаас зээл авдаг. Хэрэв тухайн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан бол банкнаас авсан зээлийн хүүгийн тав хүртэлх хувьд улсын төсвөөс татаас хэлбэрээр авч өгнө гэсэн заалт бий.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн тухайд хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэдгийг олон жил ярьсан. Учир нь хамгаалалт, хөшүүрэг дутаж байна хэмээдэг?

-Үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд нэлээд асуудал тулгамддаг. Мэдээж хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Учир нь 10-аад жилийн өмнө баталсан хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй болсон гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Өөрөөр хэлбэл, анх батлагдсан хууль үүргээ гүйцэтгэсэн бөгөөд цаг хугацааны эрхээр шинэчлэл хийхээс аргагүйд хүрсэн гэж болно. Тиймээс Ж.Ганбаатар нарын УИХ-ын гишүүд хуулийг санаачилж манайхаас ажлын хэсэгт нь орж ажиллалаа. Хуулийн төслийг хэлэлцэх явцад жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг, 200 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрт тооцно гэсэн зохицуулалтыг оруулсан. Орлогын таазыг 2.5 тэрбум төгрөг байна гэдгийг олон талын төлөөллийн оролцоотой хэлэлцүүлгийн явцад нэлээдгүй маргасны эцэст тогтсон дүн. Тодруулбал, хэрэв таазыг нь 12.5 тэрбум гэх мэтчилэн өндөр дүнгээр баталвал томоохон аж ахуйн нэгжтэй өрсөлдөх болно. Тэгэхээр өнөөх л зээл болоод бусад дэмжлэгт жижиг, дунд үйлдвэрлэгчид хамрагдахгүй байна гэдэг шүүмжлэл гарсаар байх болно.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор гаргадаг бага хүүтэй зээлийн талаар гомдол гардаг. Зарим тохиолдолд банкаар дамжуулах нь зорилтот бүлэгтээ очих боломжийг нь боомилж байна гэдэг.

-Жижиг, дундынхны хувьд барьцаа хөрөнгөөс эхлээд тулгамдсан асуудал их бий. Энэ нь зээлд хамрагдахад нь ч нөлөөлдөг. Хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байхад заавал банкаар дамжуулна гэдэг байр суурь гарч байсан. Мөн банкаар дамжуулах хэрэггүй гэх нь ч бий. Банкаар дамжуулахад тухайн зээлийн хүү өсдөг. Ингэхээр бодлогоор жижиг, дунд үйлдвэрээ дэмжих гээд байгаа бага хүүтэй зээлийн үндсэн зорилго нь алдагдаж байна. Мэдээж банк журмын дагуу тавьдаг шаардлага нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд “хэцүү даалгавар” болдог гэлцдэг. Нөгөөтэйгүүр сангаас дамжуулахаар зээлийн эргэн төлөлт муу байна гэж УИХ-ын гишүүд тайлбарладаг. Энэ ташаа мэдээ гэдгийг хэлмээр байгаа юм. Сангуудаар дамжуулж олгосон зээлийн эргэн төлөлтийн байдлыг харвал Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг.

-Гарааны бизнес эрхлэгчдэд төрийн дэмжлэг дутдаг. Тэгэхээр хуулийн шинэчлэлд энэ асуудлыг хэрхэн тусгасан бол?

-Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих боломж хомс байсан нь үнэн. Тиймээс хуулийн шинэчлэлд энэ асуудлыг тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, огт үйл ажиллагаа явуулаагүй ч шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол зээл тусламжид хамрагдах боломжийг бүрдүүлж өгсөн. Сингапур, Тайвань зэрэг улсад Старт-апп компаниудаа нэлээд дэмждэг юм билээ. Ялангуяа инноваци шингэсэн үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол. Гадныхны хувьд монголчууд үйлдвэрлэгч биш гэж хардаг юм билээ. Бид дотоодын үйлдвэр хөгжиж байгаа гэдгийг байнга тайлбарладаг. Тэгэхээр манай үйлдвэрлэгчид инноваци, шинэ техник технологийг ашиглан бараа бүтээгдэхүүнээ сайжруулах шаардлага бий. Энэ мэтчилэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэлээд хөшүүргийг хуулийн шинэчлэлд тусгасан учраас удахгүй батлагдана гэдэгт итгэлтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)