Я.Содбаатар: 2024 он гэхэд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн

Шадар сайд Я.Содбаатар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны байгууллагуудын удирдлагатай уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буурсан гэж бид үзэж байгаа. Энэ ажлыг хийхэд нэлээд хүндрэлтэй тулгарсан. Орчны бохирдлыг бууруулах хорооноос иргэдийг орон сууцжуулах ажлыг хийж байгаа. Үүнээс гадна уурын зуухнуудыг шинэчлэх, ашиглалтыг нь сайжруулах, хийн хоолой суурилуулах ажлыг хийж буй. Цахилгаанаар иргэдээ хангах, тарифыг нь хөнгөлөх ажлыг зохион байгуулж байна” хэмээв. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг “Үүрэн телефоны операторууд, сайтууд Засгийн газрын бодлогыг дэмжиж ирсэн. Сайжруулсан түлшний зөв зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр аян өрнүүлж байгаа. Үүнд та бүхнийг оролцож, угаарын хийн хорлогоос урьдчилан сэргийлэх ажлыг дэмжихийг уриалъя” гэсэн юм. Засгийн газар, яамдын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хэвлэл, мэдээлэл хариуцсан ажлын хэсгийг байгуулсан аж. Энэ ажлын хэсгийнхэн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан шахмал түлшний зохистой хэрэглээг сурталчлах, иргэдэд мэдээ мэдээлэл түгээх гэнэ. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, угаарын хийн хордлогоос сэргийлэх тухай мэдээллийг үнэгүй түгээж байгаагаа хэлэв. Түүнчлэн Засгийн газраас энэ чиглэлээр тусгасан төсвөө үр ашигтай зарцуулж чаддаг, эсэхийг хөндсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)