Япон - Өмнөд Солонгосын худалдааны дайн эхэллээ


АНУ, Хятад хоёрын хоорондын худалдааны сөргөлдөөн дуусаагүй байхад дэлхийн эдийн засгийг дахин нэг шинэ дайн донсолгож эхэллээ.  Энэ удаад гол сөргөлдөгч талууд Япон, Өмнөд Солонгос хоёр болоод байна. Японы Худалдааны яам Өмнөд Солонгос руу фторжуулсан полимерийг экспортлохыг хязгаарлажээ. Тус шийдвэр энэ сарын 4-өөс хэрэгжиж эхлэх гэнэ. Уг шийдвэр Өмнөд Солонгосыг хамгийн эмзэг хэсэгт цохилт өгөх бололтой. Фторжуулсан полимергүйгээр  OLED уян дэлгэцийг хийх боломжгүй бөгөөд хамгийн таагүй зүйл нь энэ нөхцөлд  уг бүтээгдэхүүнийг орлуулах зүйл  байдаггүй аж. Үүнээс гадна уг бүтээгдэхүүнийг дагалдах бусад химийн бодисууд ч у хязгаарлалтад оржээ. Тэдгээр бодисуудын дэлхийн худалдан авалтын 90% -ийг Өмнөд Солонгос эзэлдэг аж. Уг худалдааны сөргөлдөөн хамгийн түрүүнд Өмнөд Солонгосын Samsung, LG, SK8 Hynix зэрэг  дэлхийн хэмжээний компаниудад хүнд цохилт болох нь ойлгомжтой. Цаашлаад Apple компанийн үйл ажиллагаанд ч нөлөөлөх аж. Японы тал ийм арга хэмжээ авах болсон шалтгаанаа  Өмнөд Солонгосын Дээд шүүх Японы үйлдвэрлэгчдээс Дэлхийн II дайны үеэр Солонгосын ажилчдыг үнэ хөлсгүй ашигласны төлөө нөхөн төлбөр шаардах шийдвэрийг гаргасантай холбожээ. Энэ сөргөлдөөн эцэст нь Японы тал Өмнөд Солонгосыг үндэсний аюулгүй байдалтай холбоотой технологийн дамжуулж болох орнуудын жагсаалтаас хасахад хүргэж магадгүй аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)