Япон Улсад 525 инженер бэлтгэж байна

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАИКА)-ын хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу БСШУСЯ 2014 оноос “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 10 жилийн хугацаатай эл төслийг хэрэгжүүлснээс хойш таван жилийг үджээ. Энэ хугацаанд Япон Улсад 550 багш, судлаач, оюутан суралцаж, 25 нь төгссөн бөгөөд тэдний судалгаа, шинжилгээ болон төслийн хүрээнд Монгол Улсад хийсэн зарим ажлыг сурвалжиллаа.

Тус төсөл Коосэн, Бакалаврын хамтарсан, Хамтарсан судалгааны хөтөлбөр болон судалгааны тоног төхөөрөмж худалдан авах гэсэн чиглэлээр сургалт, судалгааны ажил явуудаг. Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрт суралцаж буй оюутнууд Монголд суралцах хугацаандаа сургалтын төлбөрөө бүрэн хариуцах бол Япон Улсад суралцах хугацааны зардлыг “Боловсролын зээлийн сан”-гаас зээлж болох юм байна. Барилга, архитектур, цахилгаан электроник, механик инженерчлэл, хүрээлэн буй орчны инженерчлэл, мэдээллийн систем, бусад техник, технологи гэсэн үндсэн мэргэжлээр суралцах боломжтой аж. Уг хөтөлбөрт хамрагдсан оюутнууд төгсөж ирээд эх орондоо таваас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд зээл нь тэтгэлэг болох гэнэ. Бид ШУТИС-ийн II байр буюу Барилга, архитектурын сургуулийг зорив. Коосэн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд энд 08.00-18.00 цагийн хооронд хичээллэдэг. Монголд суралцах 1.5 жилд бэлтгэл хөтөлбөр буюу япон хэл сурдаг.

Долоон монгол, гурван япон багштай. Хичээлийн ихэнх цагт япон хэл орохоос гадна математик, физик, химийн хичээлийг тухайн хэлээр заадаг юм байна. Японы их, дээд сургуульд суралцах шалгалтыг жилд хоёр удаа авдаг ба түүнд бэлтгэх зорилготой аж. Уг шалгалтад тэнцсэн оюутнууд Коосэн хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцаж, Япон Улс руу явах боломжтой. Хэрвээ шалгалтдаа бүдрэх юм бол арлын оронд сурч чадахгүй. Биднийг очиход оюутнууд цахилгаан робот угсарснаа ажиллуулан, туршиж байв. Тэдэнд япон багш хичээл заах ба ярьж байгааг нь ойлгоход хүндрэл учирдаггүй гэв. Инженер, технологийн дээд боловсрол төслийн Коосэн хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудыг хэрхэн шалгаруулдаг талаар “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн ажилтан Х.Ганбаатар “Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд математик болон физикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт зайлшгүй өгөх шаардлагатай. Коосэн хөтөлбөрт суралцах оюутнууд 650, Бакалавр болон Хамтарсанд сурах хүсэлтэй нь 680-аас дээш оноо авсан байх ёстой. Жил бүрийн тавдугаар сард төслийн багийнхан хүсэлт гаргасан оюутнуудаас урьдчилсан сорил авдаг. 

Элсэлтийн ерөнхий шалгалтдаа зохих оноогоо авсан, сорилыг 50-иас дээш хувийг гүйцэтгэсэн тохиолдолд хамрагдах бүрэн боломжтой. Энэ жил Коосэн хөтөлбөрт 40 оюутан хамрагдах байсан хэдий ч 43 хүүхэд санал өгчээ. Тэднээс 38 нь шалгалтдаа тэнцэж, хөтөлбөрт хамрагдаад байна. Уг нь коосэн хөтөлбөрөөр Японд жилд 40 оюутан суралцуулах гэрээтэй. Гэвч зарим нь шалгалтдаа тэнцээгүйн улмаас дунджаар 28-30 оюутан л суралцаж байна” гэлээ. Оюутнуудад япон хэл заадаг Коосэн сургалтын хөтөлбөрийн ахлах багш Сакурай Чиёоко Монгол оюутнуудын талаар “Би япон хэлний хичээл болон хоёр орны соёл, нийгмийн ялгаанд хэрхэн дасан зохицох талаар заадаг. Ихэнх оюутнууд япон хэлний мэдлэггүй. Оюутнуудыг хэл сурахад манай улсын соёл их нөлөөлдөг. Учир нь монгол хүмүүс, тэр дундаа залуус анимэд их дуртай. Энэ нь хэл сурах болон манай соёлыг ойлгож, сонирхоход их нөлөө үзүүлдэг” гэсэн юм. Үргэлжлүүлэн бид ШУТИС-ийн Төв номын санд очлоо. Японд суралцсан 2019 оны төгсөгчдийн судалгааны ажлыг олон нийтэд таниулах зорилгоор “1000 инженер нээлттэй илтгэл” арга хэмжээг тэнд хоёр дахь жилдээ зохион байгуулж байв. МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нар, хамтарсан судалгааны багийн судлаачид болон төслийн хүрээнд суралцаж буй оюутнууд тус арга хэмжээнд оролцсон. Энэ онд Японд суралцаж төгссөн долоон магистр, мөн тооны доктор, зэргийн бус хөтөлбөрт суралцсан есөн судлаач микро электроник ба тооцоолон бодох шинжлэх ухаан, шинэ материал нөөцийн технологийн инженерчлэл, дэвшилтэт материалын судалгаа, автоматжуулалт системийн инженерчлэл, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, цэвэр эрчим хүчний судалгаа зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Хөтөлбөрт хамрагдаж Токио метрополитаны их сургуульд “Амин үзүүлэлтэд суурилсан машин сургалт хэрэглэсэн анагаахын скрининг системүүдийн хөгжүүлэлт болон тэдгээрийн эмнэлгийн хэрэглээ” сэдвээр докторын зэрэг хамгаалсан МУИС-ийн лаборант Д.Сумъяаханд анагаахын инженерчлэлийн судалгааг Монголд хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр “Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд болох агаарын бохирдол, эмнэлгийн тоног төхөөрөмж, ажилчдын ачааллыг бууруулах зэрэгт бага ч гэсэн нэмэр болъё гэж шийдэж, уг хөтөлбөрт хамрагдан Японыг зорьсон. Манай улсын хэмжээнд анагаах болон инженерчлэлийн салбарын судлаачид тус тусын эрдэм шинжилгээний ажлаа хийж байгаа ч хараахан анагаахын инженерчлэлийг хослуулан судалж хөгжүүлээгүй. Томуу, хүүхдийн хатгалгаа, сэтгэл гутрал зэрэг өвчнийг илрүүлэх систем дээр гурван жилийн турш ажилласан. Судалгааны үр дүнд шуурхай, хямд өртгөөр хэрэгжүүлж болох “Санамсаргүй модны арга”-д суурилсан системийг судалж Монгол, Японы эмнэлгүүдэд хийсэн бодит туршлагаар баталгаажуулсан. Харин одоо үүнийгээ улам дэлгэрэнгүй болгох л үлдлээ” хэмээв.

Бид үргэлжлүүлэн ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуульд байрлах Барилгын материалын судалгаа, шинжилгээ, туршилтын итгэмжлэгдсэн лабораторийг зорилоо. Төслийн хүрээнд 2.3 тэрбум төгрөгөөр шинэчлэн тохижуулж өнгөрсөн есдүгээр сарын 6-нд ашиглалтад оруулжээ. Тус лаборатори барилгын материалын бүтээгдэхүүний орц найрлагыг судалж, судалгаа, шинжилгээний дүгнэлт нарийвчлан гаргах 12 төрлийн тоног төхөөрөмжтэй аж. Барилга, архитектурын чиглэлээр магистр, докторын зэрэг горилон суралцаж буй оюутнууд ашиглах бүрэн боломжтой гэнэ.

Барилгын материалын насжилт, эдэлгээний хугацааг судалж буй ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер Д.Сүнжидмаа “Уг лаборатори ашиглалтад орсноор манай улсын барилгын материалын салбар нэг алхмаар урагшиллаа гэж ойлгож болно. Өмнө туршилт хийхдээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулдаг байсан. Харин одоо найдвартай, хурдан шуурхай хийж болдог боллоо. Уг төсөл барилгын салбарын мэргэжилтнүүдэд үр өгөөжөө өгсөн төсөл гэж харж байна” гэлээ.

Хамтарсан судалгааны хүрээнд МУИС-иас 10 багийн 152, Японоос 90 багш, судлаачдийн бүрэлдэхүүнтэйгээр судалгаа шинжилгээний ажил хийж, гарааны гурван компани байгуулжээ. Зэргийн сургалтынхад 37, зэргийн бус хөтөлбөрт 79, зочин профессороор 73 багш, судлаачийг хамруулж, эрдэм шинжилгээний 77 өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Мөн 288 сая иенийн тоног төхөөрөмж нийлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн аж. Тэгвэл ШУТИС-иас 234, Японоос 72 багш, судлаачдийн бүрэлдэхүүнтэйгээр судалгаа шинжилгээний ажил хийжээ. Зэргийн сургалтад 57, зэргийн бус хөтөлбөрт 155, зочин профессороор 105 багш, судлаачийг хамруулж, эрдэм шинжилгээний 38 өгүүлэл бичиж нийтлүүлэн, 475 сая иенийн өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ хийжээ.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)