Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй буюу 0.1 хувийн хүүтэй зээл авахыг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “COVID-19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газрын солилцох ноот бичгийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 6-нд өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Япон улсын Засгийн газраас "COVID-19-ийн үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг дэмжин Монгол Улсад нийт 25 тэрбум иений (ойролцоогоор 233 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээл олгохоор шийдвэрлэсэн. 

Энэ хүрээнд “COVID-19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн солилцох ноот бичиг болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хооронд зээлийн хэлэлцээр байгуулахаар тохирчээ. Яаралтай  тусламжийн зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс 4 жил чөлөөлнө. Зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь аж. Энэхүү яаралтай тусламжийн зээлийг "COVID-19"-ийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах,  эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд зарцуулна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)