Япон Улсаас Монгол Улсад дизелийн тоосонцор шүүх иж бүрэн төхөөрөмж хүлээлгэн өглөө

Японы олон улсын байгууллага болох Жайка (JICA)-аас Монгол Улсад Мокоби төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ нь дизель түлшний тоосонцорыг агаарт хаяулахгүй байлгах шүүлтүүр бүхий төхөөрөмж юм. Уг төхөөрөмжийг 2017 оноос өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд нийтийн тээврийн гурван компанийн том оврын 24 автобусанд суурилуулан туршсан юм. Туршилтаар нэг автобус өдөрт 181 гр буюу гурван литр тоосонцор агаарт цацахыг 97-98 хувийн чанартай шүүж буйг баталжээ. Уг төслийн хүрээнд зөвхөн агаар шүүгч суурилуулан хэмжилт хийсэн бус цаашид энэхүү төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг ч бэлтгэжээ.

Япон Засгийн газраас Монгол Улстай боловсрол болон технологийн гэх мэт олон салбарт хамтран ажиллаж, тусламж, дэмжлэг үзүүлдгийн нэгээхэн хэсэг нь энэхүү дизель түлшний тоосонцорыг шүүх төхөөрөмж ашиглалтын төсөл байлаа.

Төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэн өнөөдөр дуусаж буй бөгөөд 24 автобусанд суурилуулсан агаар шүүгчийг цаашид үргэлжлүүлэн ашиглах бүх нөхцлийг бүрдүүлэн, холбогдох тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээлгэн өгч буй.

Монголд өнөөдрийн байдлаар том оврын 1000 автобус үйлчилж байгаа. Тэгвэл эдгээр автобуснуудад бүгдэд нь Мобокиг суурилуулж чадвал өдөрт 3000 литр тоосонцорыг агаарт дэгдээхгүй байх боломжтой.

Монгол Улсын хувьд нийтийн тээврийн үйлчилгээ төдийлөн ашигтай ажиллах боломж байдаггүй учир Төрөөс дэмжлэг үзүүлдэг. Иймээс энэхүү агаар шүүгч төхөөрөмжийг нийтийн тээврийн компаниуд өөрийн хөрөнгөөр суурилуулах боломжгүйг албаныхан тус үйл ажиллагааны үеэр хэлж байлаа. Иймээс цаашид энэхүү төхөөрөмжийг том оврын бүх автобусанд суурилуулах эсэх нь тодорхойгүй байна.

Уг тоосонцор шүүх төхөөрөмжийг Япон улсад 2003 оноос эхлэн ашиглаж эхэлсэн бөгөөд бензинээр цэнэглэдэг автомашинд суурилуулах шаардлагагүй. Японд анх суурилуулсан шүүгчийг өнөөдрийг хүртэл буюу 15 жилийн хугацаанд хэвийн байгаа бөгөөд автомашины насжилтаар тооцвол насан туршид нь ч хэрэглэх боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)