Япон, БНАСАУ-ын хэлэлцээр Улаанбаатарт болно

“Япон, БНАСАУ-ын Гадаад хэргийн Яамны зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 15, 16- нд Монголын нийслэл Улаанбаатарт хийхээр хоёр тал тохиролцлоо” гэж Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Фүжимарү Осамү мэдэгдлээ. Япон, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр дөрвөн жил тасалдаж байгаад энэ жилийн наймдугаар сарын 29-31- нд Хятадын нийслэл Бээжин хотноо болсон билээ.

Японы талаас Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн талаар түлхүү ярилцаж, ямар нэг тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна. Харин Ардчилсан Солонгос хулгайлагдсан иргэдийн асуудлыг аль хэдийнэ шийдсэн гэж үзэж байгаа тул хоёр талын хэлэлцээр үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй.

Уулзалтад Японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Сүгияма Шин сүкэ, БНАСАУ-ын талаас Японтой хийх хэлэлцээр хариуцсан элчин сайд Сон Ил Хо нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцох юм байна.


 М.СУГАР-ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)