Японы улсаас шинэ Элчин сайд томилогдон ирлээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон Кобаяши Хироюки-г Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтаар Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, цаашид хоёр улсын найрсаг харилцаа, харилцан ойлголцолд суурилсан Стратегийн түншлэлийн харилцааны эрчийг бууруулалгүй улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа онцлов.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өндөр түвшинд бүхий л салбарт амжилттай хөгжиж буй Монгол, Японы Стратегийн түншлэлийг цаашид улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн тэрээр 2020 оны Олимпын болон Паралимпын наадамд хоёр орны тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)