Японд гаргах дадлагажигчийн тоог нэмэх санал тавилаа

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ажилдаа шуурхайлан оржээ. Өнгөрсөн баасан гаригт тэрбээр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээж авч уулзан, тус улсад гаргах дадлагажигчдын тоог нэмэх санал тавилаа. Манайхаас Японд барилга, оёдол, төмөрлөг, машин засвар, сэлбэгийн үйлдвэрлэл, электроник, хэвлэх үйлдвэр, хуванцар, зам гүүр, хөдөө аж ахуй зэрэг салбарт ур чадварын дадлагажигч илгээж буй. Дадлагажигч илгээх, зуучлах ажлыг Хөдөлмөрийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд гүйцэтгэдэг бөгөөд тэд Японы Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн байгууллагуудтай гэрээ байгуулж, хамтран ажилладаг юм. Хөдөлмөрийн сайд Японд илгээж буй ур чадварын дадлагажигчдыг, тэр дундаа газар тариалан, мэдээлэл технологи, зам гүүр, барилгын салбарынхны тоог нэмэгдүүлэх,  дадлагажигчаар ажиллаж, амьдарч буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний тал дээр анхаарал тавихын зэрэгцээ залуучуудыг гэр бүлээр нь явуулах боломжийг судлах саналыг Элчин сайд Такэнори Шимизүд тавилаа.

 

Элчин сайд хариуд нь “Монголоос очиж буй дадлагажигч залуусыг юуны түрүүнд ажилдаа өндөр хариуцлагатай байх ёстой гэдгийг иргэддээ сайн ойлгуулах хэрэгтэй юм. Аливаа мэргэжлийг эзэмшихдээ идэвхтэй, авхаалжтайн дээр япон хэл амархан сурдаг гээд монгол залууст сайн талууд бий” хэмээгээд хоёр улсын хамтын ажиллагаа, ур чадварын дадлагажигч бэлтгэх механизмыг сайжруулахын тулд харилцан тогтмол санал солилцож байх шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн тэрбээр Хөдөлмөрийн сайдад хандан “Өмнөх сайдын ажлыг, яамны бодлогыг үргэлжлүүлнэ гэж буйд талархаж байна. Засгийн газрын гишүүд солигдоход бодлого өөрчлөгддөг тал бий. Харин таныг энэ тал дээр өөр байр суурьтай байгаад туйлын баяртай байна” гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)