Ял шийтгэл нь чанга ч залилах хэрэг буурсангүй

Залилах гэмт хэргийн сүүлийн гурван жилийн дүнг харвал огцом өссөн байна. Тиймээс Мөрдөн байцаах алба (МБА)-ныхан “Ятгах тусам нягтал” аяныг энэ сарын 1-нээс өрнүүлж буй. Эрүүгийн хуулийн 17.3-т заасан залилах гэмт хэрэг яагаад ихсэв. Уг нь эл зүйл ангид заасан гэмт хэрэгт ногдуулах хариуцлага тийм ч хөнгөн биш. 2017 онд Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ ямар үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцож, хэрхэн хариуцлага хүлээлгэхийг нарийвчлан тусгасан. Тухайлбал, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таваас дээш жил хорих ял ногдуулна гэх заалт нэмж оруулсан юм. Мөн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд хамгийн багадаа 450-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулдаг. Эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийнэ. Хор хохирол ихтэй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлан, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Гэмт этгээд таныг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглан залилж ч мэднэ. Сүсэг бишрэлтэй нэгэн байвал залилагч түүнд зориулан зохиомол түүх ярьж, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулдаг. Бүр урьдын сайн сайхан дурсамжаа ашиглаад таны нэр хүндийг худалдаж ч мэдэх тийм нийгэмд амьдарч буйг “Ятгах тусам нягтал” аяны хүрээнд анхааруулж буй.

Гэвч бусдыг залилах гэмт хэрэг буурахгүй байна. Тухайлбал, “Жи тайм” сүлжээний бизнест “азаа үзсэн” 11 437 иргэн хохирсныг уншигчид санаж байгаа биз ээ. Харамсалтай нь, иргэдэд 26 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Марат Маженов гэгч манай улсаас оргон зайлснаар олон иргэний хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй болсон. Яллагдагчийг ОХУ, БНХАУ, Казахстан улс болон бусад орны Интерполын төв товчоодод мэдэгдэн, олон улсад эрэн сурвалжилж буй. Цагдаагийнхан М.Маратыг хил даван зугтах гэж байхад нь 2017 оны хоёрдугаар сарын 17-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас баривчилсан. Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн оны зургадугаар сард таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилснөөр гэмт этгээдэд оргон зайлах боломж олгосон гэдэг. Мөн энэ хэрэгт хамааралтай өөр хүмүүсийг ч шалгасан. Казахстан улсын иргэн М.Марат нарт холбогдох 580 хавтас бүхий энэ хэргийг саяхан НПГ-т шилжүүлжээ. Манайхан гадаадын иргэн л бол “бурхан” гэсэн ухвар мөчид бодлоосоо болж хамгийн их хохирдог. Үүний бодит жишээ нь дээрх үйлдэл юм.

...Улмаар залилагч А.Стэнфорд нь 110 жилийн ял авсныг дэлхийн мэдээллийн агентлагууд шүүрч мэдээлж байсан аж. Тийм атал монголчууд 2018 онд энэ төрлийн залиланд бөөн бөөнөөрөө автаж, гадаадын иргэний данс руу мөнгөө сая саяар нь шилжүүлсэн гэдэг...

Үүнээс гадна монголчууд аливаа мэдээллийг нягталж үздэггүй. Энэ нь залилуулах шалтгаан болдог. Тухайлбал, ХНХЯ, БХБЯ, ЗТХЯ-ны цахим хуудсанд “Манай яамны нэрийг барьж виз гаргаж өгнө хэмээн иргэдийг залилж байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандсан. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, залилуулахгүй байхыг хүсье” гэсэн зар хангалттай олон удаа байршуулсан аж. Анхааруулсаар байтал маш олон хүн “Виз гаргаж өгнө” хэмээн яам, агентлагийн нэр баригчдад залилуулжээ. Улмаар энэ төрлийн цөөнгүй хэргийг ЭЦА, МБА болон дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байна. Үүнээс гадна иргэд хуурамч гэрээ, хэлцэлд итгээд залилуулдаг. Тодруулбал, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр гэрээ байгуулж бусдыг хуурдаг болжээ. Энэ төрлийн маш олон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Уг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй энэ мэт хэргийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн процесс удаан байдаг учраас иргэд цагдаад гомдол гарган, хохирогчийг айлган сүрдүүлэх замаар мөнгөө авахыг чухалчилдаг аж. Тэр ч бүү хэл дөрвөн дүүргийн Цагдаагийн газарт нэг утга агуулгатай гомдол гаргасан тохиолдол гарсан байна. Бас нэг шалтгаан нь шүүхэд хандаж тэмдэгтийн хураамж төлөхөөс зайлсхийж, цагдаад хандан, ачаалал үүсгэдэг гэх.

Сүүлийн үед огцом нэмэгдэж буй бас нэг төрлийн залилан нь бусдын хаягийг хакердах. Монголчуудын олонх нь и-мэйл, фэйсбүүк хаягтай. Гэвч нууцлалдаа төдийлөн анхаардаггүй. Гэмт этгээдүүд үүнийг овжин ашигладаг. Зарим иргэн нууц үгээ 1-8, 0-9 зэрэг дан тоогоор орлуулдаг аж. Энэ нь захын гэмт хэрэгтэн хаяг руу нь нэвтэрч бусад руу бичих боломж олгож байна гэсэн үг. Түүнчлэн цахим орчин дахь ихэнх сонжоо, хошин таавруудыг вирус “дагах” нь элбэг. Залилагч таны вирустсэн хаягийг ашиглан найз нөхөд рүү нь хандаж мөнгө нэхдэг. Тухайлбал, оны өмнөхөн “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Х.Отгонтунгалаг хаягаа хакердуулсан байна. Гэмт этгээд түүний хаягаар нэвтэрч бусдаас мөнгө зээлэхийг хүсжээ. Азаар нэг найз нь утсаар холбоо барьж, дансны дугаарыг нь лавласнаар жүжигчин хаягаа хакердуулснаа мэдсэн аж. Гэвч өөрийн хаяг руугаа нэвтрэх боломжгүй болсон байж. Бусдаас мөнгө залилж чадаагүйдээ хорссон залилагч Х.Отгонтунгалагтай холбоо тогтоож, дарамтлан нэг сая төгрөг нэхсэн гэнэ. Улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд сайнаа үзэхгүй гэж сүрдүүлжээ. Жүжигчин эмэгтэй ЭЦА-ныханд энэ талаар мэдэгдэж, басхүү гэмт этгээдийн шаардсан мөнгийг нь ч шилжүүлсэн байна. Цагдаагийнхан цахим луйварчныг шуурхай илрүүлжээ. Гэмт хэрэгтэн нь орон нутгийн харьяат, цахим тоглоомд донтсон 30 настай залуу байж.

Үүнээс гадна цахим луйврын хохирогчид нь ихэвлэн ганц бие эмэгтэй, орон нутгийнхан байгааг цагдаагийнхан онцолсон.

АТМ-ын дэргэд данс руу чинь 10, 20, 100, 200 мянган төгрөг шилжүүлье, картаа гээчихэж, аваад өгөөч гэх этгээдтэй таарч байв уу. Таарвал татгалзаарай. Учир нь гэмт этгээдүүд бусдын хаягийг хакердаж, найз нөхдөөс нь “зээлсэн” мөнгөө авах гэж буй нь тэр. Тэд иргэдийг өмссөн хувцас, байгаа байдлаар нь олзолж, дансаар нь мөнгө шилжүүлж авдаг байна. Хамгийн түгээмэл залилан нь гар утасных гэнэ. Өмнө нь шууд булаагаад зугтдаг байсан зальт этгээдүүд аргаа өөрчилж, арай боловсон байдлаар утсаараа яриулахыг, ганц мессеж бичүүлэхийг гуйж, залилдаг болжээ. Мөн хуурамч бичиг баримт ашиглан бусдыг залилах нь тоймоо алдсан гэдгийг цагдаагийнхан өгүүлэв. Энэ мэт шалтгаанаар залилангийн гэмт хэрэг өсөж, жилээс жилд 2000-аар нэмэгдэж буй. Тиймээс ЭЦА, МБА хамтран энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж эхэлжээ.

Залилах гэмт хэрэгт оноох ял бага биш гэдгийг дээр дурдсан. Өмнө нь залилангийн хохирлыг материаллаг хэмжээгээр тогтоодог байж. Тодруулбал, хохирол цалингийн доод хэмжээнд хүрэхгүй бол гэмт хэрэг биш гэж тооцдог байсан. Харин өдгөө материаллаг бүрэлдэхүүнгүй болжээ. 20 000 төгрөгийн өртөгтэй нэг ном, ширхэг оймс байсан ч Эрүүгийн хуулийн 17.3-т заасан аргыг хэрэглэж авсан л бол залилсан гэж үзнэ. Жишээ нь, өнгөрсөн жил нэг хүү тасархай 20 000 төгрөг олсон байна. Улмаар уг мөнгөнийхөө тал хэсгийг өнгө ойролцоо мөнгөн дэвсгэртээр орлуулж наагаад дэлгүүрээс 2000 төгрөгийн бараа сонгож, хариултаа авчээ. Энэ үйлдлийнхээ төлөө хүү насанд хүрээгүй байхдаа “аавын” хаалга татсан юм.

Америкт өмнө нь олон тохиолдсон, Стэнфордын залилантай төстэй хэрэг өдгөө Монголд газар аваад байна. 2018 оны эхээр эрчээ авсан эл хэрэг 2012 онд анх Америкт дэлгэрч, бөөн дуулиан тарьсан байдаг. Улмаар залилагч А.Стэнфорд нь 110 жилийн ял авсныг дэлхийн мэдээллийн агентлагууд шүүрч мэдээлж байсан аж. Тийм атал монголчууд 2018 онд энэ төрлийн залиланд бөөн бөөнөөрөө автаж, гадаадын иргэний данс руу мөнгөө сая саяар нь шилжүүлсэн гэдэг. МБА-ныхан гадаадын иргэн холбогдсон энэ мэт залилангийн маш олон хэргийг мөрдөж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)